Кот-д'Ивуар Африкийн аварга боллоо
Кот-д'Ивуарын шигшээ Ганыг 11 метрийн цохилтоор 9:8-аар
хожиж Африк тивийн аварга боллоо. Африкийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах
тэмцээн Экваторын Гвиней улсад болсон юм. Кот-д'Ивуарын шигшээ 1992 онд мөн
тивийнхээ аварга болж байв. Тэд 2006, 2012 онд аваргын төлөө шалгарсан ч
ялагдаж байсан юм. Харин Ганы шигшээ 1963, 1965, 1978, 1982 онд Африкийн аварга
болж байжээ. Африкийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн хоёр жил тутамд
зохиогддог бөгөөд Египет улс долоо удаа түрүүлсэн амжилтаар тэргүүлдэг байна.
“Реал” хожигдож, “Барса” хожлоо
Испанийн Ла Лига-ийн 22-р тойрог тун сонирхолтой боллоо. “Атлетико
Мадрид” талбай дээрээ хүснэгтийг тэргүүлэгч “Реал Мадрид”-ыг хүлээн авч 4:0-ээр
бут ниргэлээ. Тиаго, Сауль, Гризман, Манжукич нар гоол оруулжээ. Эзэн хааны баг
сүүлийн хэдэн жил ийм олон гоолоор хожигдож байсангүй.
Каталоны супер клуб “Барса” баскуудын “Атлетик Билбао”
багийн талбайд зочилж 5:2-оор ялалт байгууллаа. “Барса”-гийн супер гурван
довтлогч (Месси, Суарес, Неймар) нэг нэг гоол оруулжээ. Ийнхүү Каталоны клуб “Реал”-аас
ганц онооны зөрүүтэй болж ирэв. Гуравдугаар байрт “Атлетико Мадрид явж байна.
Дашрамд сонирхуулахад, “Реал Мадрид” хотынхоо дербид шившигтэйгээр хожигдсоны
дараа багийн тоглогчид Криштиано Роналдогийн 30-ны төрсөн өдрийг нижгэр
тэмдэглэжээ. Шившигтэй хожигдлын дараа багаараа ийнхүү наргисан нь багийн
удирдлагад таалагдаагүй аж.
“Челси” дахин тасрав
Европын хамгийн өрсөлдөөнтэй лиг болох Английн Премьер
лигийн 24-р тойрогт лидер “Челси” өрсөлдөгчөө хожсон бол түүний араас нэхэж буй
“Манчестер Сити”, Манчестер Юнайтед” тэнцэж оноо алджээ. Ийнхүү Лондоны “Челси”
гол өрсөлдөгч “Сити”-гээс зургаан оноогоор тасраад байна. “Саутхэмптон” хожил
авснаар эргээд гуравдугаар байрт орж ирлээ. Хойд Лондоны дербид “Тоттенхэм”
2:1-рр ялалт байгуулахад Английн хөлбөмбөгийн шинэ од Харри Кейн хоёр гоол
оруулжээ.
Аваргуудын лигийн эрх буюу топ дөрвийн төлөөх тэмцэл
ширүүн өрнөх бололтой. “Челси”, “Сити” хоёр бусдаасаа тасраад байгаа бол 3, 4-р
байрын төлөө “Саутхэмптон”, “Манчестер Юнайтед”, “Тоттенхэм”, “Арсенал” , “Ливерпүүл”
өрсөлдөж байгаа юм.


No comments:
Post a Comment