Saturday, 28 February 2015



“Исламын улс”-ын цаазлагч илчлэгдэв

“Исламын улс” террорист бүлгийн видео бичлэг дээр барьцааны хүмүүсийг сөхрүүлэн суулгаж, өрнөдийн улс орнуудыг заналхийлсэн мэдэгдэл хийсний дараа барьцааны хүний толгойг тасддаг Жихади Жон зандалчны нүүр царай илчлэгдэж, хэн болох нь тогтоогджээ.
Жихади Жон буюу Мохаммед Эмвазийн эцэг нь 1994 онд гэр бүлээрээ Британид шилжиж ирэхээсээ өмнө Кувейтэд цагдаагийн албан хаагч байжээ. Эдүгээ 27 настай Эмвази нь Осама бин Ладений Британи дахь The London Boys хэмээх өрнөдөд харгислал үйлдэх зорилготой нууц бүлгэмийн гишүүн байсан аж. Тэрээр Белгравиагийн чинээлэг иргэдэд гар буу тулган дээрэмддэг гудамжны бүлэгтэй орооцолдож явсан байна. Эмвази 2009 онд Танзаниас Иоханнесбург руу паспортгүйгээр нисэх онгоцонд нэвтрэх гэж байгаад баривчлагдаж байв.
Тэрээр дөрвөн жилийн өмнө Лондонд амьдарч байхдаа лалын хэт үндсэрхэг үзлийнхээ улмаас цагдаа, тусгай албаны байнгын хяналт мөрдлөгөд өртөж, үүндээ гутран амиа хорлох дээрээ тулж байсан тухайгаа өгүүлжээ. “Би өөрийгөө амьд үхдэл хэмээн мэдэрч байсан. Нойрны эм ууж амиа хорлохыг хүсдэг байсан” хэмээн Жихади Жон ярьжээ. Британийн MI5 нууц алба Эмвазийн хэт даврагч үзэл санааг 2009 оноос олж мэдэх болсон юм. Түүнийг баривчлах ёстой байсан ч Эмвази Лондоноос зугтаж Сирид байлдахаар очжээ. Тэрээр “Исламын улс” бүлгийн эгнээнд Жихади Жон хэмээх барьцааны хүмүүсийн толгойг тасддаг зандалчны нэрээр алдаршжээ.

Египет  “Хамас”-ыг террорист байгууллага хэмээн нэрлэв

Египетийн шүүх Газын зурваст эрх барьдаг Палестины “Хамас” бүлгийг террорист байгууллаг хэмээн хүлээн зөвшөөрлөө. “Хамас” энэ шийдвэрийг “Цочирдом, аюултай” хэмээн нэрлэжээ. “Энэ шийдвэр Палестины ард түмний эсрэг, сөрөн зогсох фракцийн эсрэг чиглэж байна” хэмээн “Хамас” мэдэгдэлдээ онцолсон байна. “Хамас” нь Палестины ард түмний болон үндэстний лидерүүдийн хувьд ихээхэн нэр хүндтэй тул Египетийн шүүхийн шийдвэрт тийм их нөлөө байхгүй хэмээн мэдэгдэлд дурджээ. Египет улс “Хамас”-ын байлдааны жигүүр болох “Изаддин аль-Кассамын бригад”-ыг мөн террорист байгууллага хэмээн үзсэн билээ. “Хамас” нь мөн Египетэд хориглогдсон “Лалын ахан дүүс” бүлгийн нэг салбар хэмээн үзэж байгаа аж.

Сьерра-Леоны дэд ерөнхийлөгч өөрийгөө хорионд оруулав

Сьерра-Леоны дэд ерөнхийлөгч Самуэль Сам-Суман нэг бие хамгаалагч нь Эбола тахлаас нас барсны дараа өөрийгөө 21 хоногийн хорионд оруулжээ. Түүний бие хамгаалагч Жон Корома долоо хоногийн өмнө Эболагаар нас барсан юм. “Би эрсдэл хүлээхийг хүсэхгүй байна. Тиймээс бүгдээрээ энэ өвчнөөс сэргийлэхийн тулд бусдад үлгэрлэхийг хүсч байна” хэмээн дэд ерөнхийлөгч ярьжээ. Түүний бие сайн байгаа бөгөөд өвчний шинж тэмдэг илрээгүй байгаа аж. Сам-Сумантай хамт ажилладаг хүмүүс бүгд хорионд орж байгаа юм.
Тэрээр өөрийгөө сайн дураар тусгаарласан анхны төрийн өндөр албан тушаалтан болж байна. Хөрш Либери улсад ерөнхий эрүүл ахуйч эмч болон Тээврийн сайд нь өвчний хөл хорионд ороод байгаа билээ. Сьерра-Леон, Либери, Гвинейд дэгдсэн Эбола тахал 10 мянган хүний аминд хүрсэн ч сүүлийн үед намжих хандлагатай болжээ. 

No comments:

Post a Comment