Жон Маккейн: Сири
дахь нөхцөл байдал Вьетнамын дайныг санагдуулж байна
Америкийн улстөрч, сенатор, Вьетнамын дайны баатар Жон
Маккейн гадаад бодлого, батлан хамгаалах асуудлаар жинтэй дуугардаг. Тэрээр
Сирид хоёр фронтоор буюу “Исламын улс” болон Башар Асадын дэглэмийн эсрэг дайн
өрнүүлэх саналтай байгаа юм. Гэвч Ерөнхийлөгч Б.Обамагийн засаг захиргаа зөвхөн
“Исламын улс”-ын эсрэг тэмцэх байр суурьтай байна. Тиймээс 2016 оны
Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл Маккейний санаа биелэх боломж бага. Конгресст
олонх болсон Бүгд найрамдах нам Ерөнхийлөгчид үзүүлэх дарамт шахалтаа
нэмэгдүүлсээр байна. Б.Обама дайн мөргөлдөөнд оролцох оролцоогоо багасгахаас
чармайж байгаа бөгөөд бүгднайрамдахчууд үүнийг нь “сул дорой байна” хэмээн
буруутгаж байгаа юм.
-Та
Ерөнхийлөгчийн “Исламын улс”-ын эсрэг тэмцэлд нь тусалж байгаа ч хажуугаар нь
гадаад бодлогыг нь шүүмжилж байна?
-Ерөнхийлөгч нь дээд командлагч учраас энэ нь миний хувьд
эмзэг асуудал л даа. Гэвч Ерөнхийлөгчийн засаг захиргаанаас лалын үндсэрхэг
үзэл зэрэг том асуудлын өмнө илүү үр дүнтэй арга хэмжээ авахыг шаардах эрх
Конгресст бий. “Исламын улс” бүлгийг сулруулж, устгах стратеги манай засаг
захиргаанд байгаа эсэхийг би мэдэхгүй байна.
-Үүний тулд юу
хийх хэрэгтэй вэ?
-Сири дээр нислэггүй бүсийг бий болгож, курд босогчдод
зэвсэг нийлүүлэх хэрэгтэй. Америкийн цэргийнхнийг цэрэг дайны, тагнуулын зөвлөх,
мэргэжилтний хувиар байлдааны бүс нутаг руу илгээх ёстой.
-“Исламын улс”-тай
холбоотой нөхцөл байдал танд Вьетнамын дайныг санагдуулж байна уу?
-Мөргөлдөөн улам хурцадсаар байгаа нь Вьетнамын дайныг
санагдуулж байна. Тэр үед манай цэргүүд эхэндээ дайн байлдааны ажиллагаанд шууд
оролцоогүй. Дараа нь тэнд байдаг цэргийн баазуудаа хамгаалах хэрэгтэй болсон.
Тэгээд л цаашаа дайтаж эхэлсэн. Одоо Сирид яг л ийм үйл явдал өрнөж байна.
-Бүгд найрамдах нам дээд, доод танхимд олонх болсноор Ардчилсан
намтай хамтран ажиллахдаа төрийн эрх мэдлийг хариуцлагатайгаар ашиглана гэж
олон хүн ярьж байна..?
-Бид ийм л зорилго тавьсан. Бүгднайрамдахчууд улс орныг
удирдах чадвартай юу, үгүй юу гэдгээ харуулж чадах эсэхээс 2016 оны
Ерөнхийлөгчийн сонгуулийн амжилт хамаарна. Бид зөвхөн саад тотгор үүсгэвэл
Америкийн ард түмэн тэрүүгээр л хүлээн авах болно. Энэ нь амжилтад хүргэхгүй.
-Хиллари Клинтон
Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлбэл Бүгд найрамдах нам ямар тактикаар
ажиллах вэ? Та түүнтэй хамт ажиллаж байсан, түүнийг сайн мэднэ.
Бүгднайрамдахчууд түүнийг яаж ялах вэ?
-Хамгийн гол нь бүгднайрамдахчууд улс орныг удирдаж чадна
гэдгээ харуулах ёстой. Хиллари Клинтон нэр хүндгүй засаг захиргаатай холбогдсон
учир түүнд бэрхшээл гарч ирнэ. Тэр нь ямар бэрхшээл болохыг би мэднэ.
-Та 2016 онд
зургаа дахь удаагаа Сенатад өрсөлдөх үү?
-Өрсөлдөнө гэж бодож байна. Энэ нь улс төрийн хүнд бэрх
тэмцэл байх болов уу. Миний нэг ирланд найз “Хэрвээ тэмцэл нь сэтгэл ханамж
авчрахгүй бол тийм тэмцэл надад таалагддаггүй” гэж хэлж байсан байсан юм.
-Та Сенатад
өрсөлдөх юм байна. Харин Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх юм биш биз?
-Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй. Тэнд үзэж харах
ёстой зүйлээ үзчихсэн гэж боддог.

No comments:
Post a Comment