Galaxy S6-гийн дэлгэц гурван нүүртэй
Samsung корпорацын Galaxy S6 ухаалаг гар утасны дэлгэц
гурван нүүртэй байх болно хэмээн Bloomberg мэдээллээ. Шинэ үеийн Galaxy нь
метал корпус болон хамгийн хөгжингүй процессортой байх бөгөөд Барселона хотод
болох Mobile World Congress дээр танилцуулах бололтой. Apple, iPhone, Lenovo,
Xiaomi зэрэг гар утасны “мангасууд-ын түрлэг, давшилтын дараа Samsung корпорац
гар утасны дэлгэцэнд хувьсгал хийж, бут цохихоор шийджээ. Galaxy S6-гийн дэлгэц
нь урд нүүрнээс гадна баруун, зүүн талдаа дэлгэцтэй байх юм. Samsung корпорац
энэ талаар өөр дэлгэрэнгүй мэдээлэл цацсангүй.
Costa Concordia-ийн ахмадыг 16 жилээр шийтгэв
Италийн Гроссето хотын шүүх Costa Concordia хөлөг онгоцны
ахмад Франческо Скеттиног хүмүүсийг үхэлд хүргэсэн буруутай хэмээн үзэж 16 жил
эрх чөлөөг нь хасах ял оноолоо. Анхаарал болгоомжгүйгээс олон хүний аминд
хүрсэн гэж үзсэн прокурор Скеттинод 26 ял өгөхийг шаардаж байв. Харуулдаж
живсэн хөлөг онгоцны хэрэгт ганцаараа буруутгагдсан ахмад шүүх хурал дээр уйлж “Би
амь үрэгдсэн 32 хүний хамт үхсэн. Энэ нийгэм намайг “Өргөлийн ямаа” болголоо”
хэмээн мэдэгджээ. Мөрдөн шалгалтаар, Скеттино хөлөг онгоцоо санаатайгаар хад,
хясааны зүг залж, дараа нь хөлгөө аварч чадахгүй гэдгээ ойлгосон ч зорчигчдийг
зайлуулах тушаал өгөөгүй аж. 2012 оны нэгдүгээр сарын 14-нд Сosta Concordia
Жильо аралд хэтэрхий ойрхон өнгөрөхдөө газар доорх хад мөргөж сүйрсэн юм. Хөлөг
онгоцонд 4200 хүн явж байсны 32 нь амь үрэгдсэн билээ.
Премьер лигийн “халуухан” хөлбөмбөгчдийг тодруулжээ
Спортын бооцоот тааврын Paddy Power компани Английн
Премьер лигийн хамгийн “халуухан” хөлбөмбөгчдийг санал асуулгаар тодруулав.
Жагсаалтыг “Арсенал”-ын Оливье Жиру тэргүүлсэн байна. Жагсаалтыг тэргүүлэгчдээр
нэг баг бүрдүүлэхэд Жиругээс гадна “Манчестер Юнайтед”-ийн экс хаалгач Бен Фостер,
“Манчестер Сити”-гийн Хесус Навас нар багтжээ. Хамгийн “хүйтэн” хөлбөмбөгчдийн
багийг Анхель ди Мария, Марио Балотелли нар тэргүүлсэн байна.
Луганскийн шоронгоос 340 хоригдол оргожээ
Украины Луганск мужийн Чернухино тосгон дахь шоронгоос
340 хоригдол орголоо хэмээн Украин дахь Европын холбооны ажиглагчид мэдээлэв.
Хоригдлууд мягмар гаригийн өглөө шоронгоос зугтаж 30 хоригдол л үлджээ. Тосгонд
буудалцаан болсны дараа орголт болсон хэмээн үзэж байгаа аж.
Украины зүүн нутагт байлдаан үргэлжилсээр байна. Донбасс
мужид босогчид, Украины цэргийнхний хоорондох тулаан сэргэжээ. Гол тулаан
Донецкийн олон улсын нисэх буудал дээр болж байгаа аж. Сөргөлдөгч талууд
Минскийн тохиролцоогоор гал зогсоох ёстой ч дайн байлдаан зогсохгүй байна.
Аль Бано, Ромина Пауэр дахин “нийлэв”
Италичууд Сан Ремогийн дууны фестивалыг үзэхээр цэнхэр
дэлгэцийнхээ өмнө шигдээд байна. Өчигдөр эхэлсэн Сан Ремогийн 65 дахь фестивалыг
12 сая хүн зурагтаар үзсэн нь шинэ рекорд болжээ. Сан Ремогийн фестивал нь гэр
бүл найз нөхдөөрөө цэнхэр дэлгэцийн өмнө суун дуу сонсож, алдартай хүмүүсийг
харан баясдаг уламжлалт баяр юм. Италичууд таван өдөр дуу хууранд цэнгэн улс
төрийг мартаж байна.
Сан Ремогийн наадмыг Аль Бано, Ромина Пауэр нар “Felicita”
(“Аз жаргал”) дуугаар эхлүүлсэн нь хуучны сайхан цагийг эргүүлэн авчирсан явдал
болов. Алдарт дуучин хос тэртээ 1982 онд энэ дуугаа Сан Ремогийн тайзан дээрээс
дуулж, дэлхий даяар алдаршиж байсан билээ. Ал Бано, Ромина нар 1970-1999 онд
ханилж дөрвөн хүүхдийн эцэг эх болжээ. Тэд хамтдаа 15 орчим цомог гаргаж,
дуунаасаа сэдэвлэсэн найман кинонд тогложээ. Эдүгээ Ромина 65 настай, Аль Бано
71 хүрчээ.
Колумбын босогчид Голландын иргэнийг чөлөөлжээ
Колумбын үндэсний чөлөөлөх армийн босогчид нэгдүгээр сард
барьцаалаад байсан Голлландын иргэнийг суллалаа хэмээн Улаан загалмайн
нийгэмлэгээс уламжлав. Барьцаанд байсан хүний нэрийг зарлахгүй байна. “Түүнийг
чөлөөлөхөд хувь нэмрээ оруулж чадсандаа баяртай байна” хэмээн Колумб дахь Улаан
загалмайн нийгэмлэгийн тэргүүн Кристоф Харниш мэдэгдлээ. Үндэсний чөлөөлөх
армийн босогчид Альто Баудо хотын дарга Фредис Паласиосыг барьцаалснаа
мэдэгдсэн байна.




No comments:
Post a Comment