Tuesday, 10 February 2015




Сири, Иракт 20 мянган гадаадын иргэн тулалдаж байна

Сири, Ирак улс дахь дайн байлдааны ажиллагаанд “Исламын улс” террорист бүлгийн талд 20 мянга гаруй гадаадын иргэн тулалдаж байна хэмээн АНУ-ын Конгрессын Үндэсний аюулгүй байдлын хорооны илтгэлд дурджээ. Террористуудын эгнээнд барууны орнуудын 3-4 мянган иргэн тулалдаж байгааг онцлов.
Илтгэлд бичсэнээр, Америкийн 150 иргэн дайн мөргөлдөөний бүс рүү нэвтрэх гэж оролдсон байна. Тэдний зарим нь Сири, Ирак орох замдаа саатуулагдаж, нөгөө хэсэг нь дайн байлдааны ажиллагаанд амиа алджээ. Туркээр дамжин Сири дахь “Исламын улс” бүлгийн эгнээнд элсэхээр явж буй гадаадын иргэдийн урсгалыг зогсоох боломжгүй хэмээн Туркийн Ерөнхий сайд Ахмет Давутоглу мэдэгдэж байв. 2014 оны арванхоёрдугаар сард ОХУ-ын Дээд шүүх “Исламын улс” болон Жебхат ан-Нусра” бүлгийг террорист байгууллага хэмээн үзэж, Оросын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулахыг хориглосон юм.

АНУ-ын арми украин хэлтэй залуусыг элсүүлжээ

АНУ-ын арми 2014 оны аравдугаар сараас хойш украин хэлтэй 100 орчим залуусыг гэрээт албандаа элсүүлжээ. Энэ мэдээллийг Пентаноны хэвлэлийн албанаас батлав. Вашингтоны эрх баригчид Украинтай хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхдээ цэргийнхний харилцаа, ойлголцлын бэрхшээлийг ийнхүү шийдвэрлэжээ. Украин хэлтэй залуусыг армид элсүүлэхдээ Америкийн иргэншил, Америкт орших суух эрх шаардахгүй байгаа аж. Хүйс ч заагаагүй ажээ. Пентагон Украины үндэсний гвардийн дайчдыг сургах цэргийн мэргэжилтнүүдийг илгээхээр төлөвлөж байна. Washington Times сонин мэдээлснээр, гуравдугаар сард Украины баруун нутагт сургалт эхлэх ажээ.

Парламент Ципрасын Засгийн газарт итгэл үзүүлэв

Грекийн парламент Ерөнхий сайд Алексис Ципрасын Засгийн газарт итгэл үзүүллээ. 300 депутатын 162 нь Засгийн газраа дэмжиж санал өгсөн байна. Ийнхүү Европын холбоо, Олон улсын валютын сангийн санхүү, мөнгөний хөтөлбөрөөс татгалзах чиглэл барьж байгаа Ципрасын Засгийн газрын бодлого дэмжигдэж байна. Сүүлийн хэдэн жил Грект тусалж ирсэн Европын холбоо, ОУВС эдийн засгийн хатуу, харгис бодлого явуулахыг тулгаж ирсэн юм. Грекийн шинэ Засгийн газар ядуурал, ажилгүйдэлтэй тэмцэхэд чиглэсэн шинэчлэл хийхээр төлөвлөж байна. Грекийн парламент олонхийн саналаар 2015 оны төсвийг баталжээ.

Элтон Жон 250 мянган нүдний шилтэй

Британийн поп од Элтон Жон 2012 онд ВВС-д өгсөн ярилцлагадаа “Надад iPod, гар утас, компьютер байхгүй. Гэхдээ би 250 мянган нүдний шилтэй” хэмээн ярьж байв. Тэдгээрийг хадгалах тусдаа өрөө байдаг аж. Элтон Жон “Rocket Man” цомгийнхоо 40 жилийн ойд зориулсан аялан тоглолтоор Латин Америкт явж байхдаа арваад мянган нүдний шил авч явсан юм. Тэрээр буусан зочид буудал бүртээ өвөрмөц сонирхолдоо зориулсан тусгай өрөө захиалдаг байна. 67 настай британи дуучин Латин Америкийн аялан тоглолтынхоо өмнө Лос-Анжелесийн “LA Eyeworks” дэлгүүрээр орж янз бүрийн өнгөтэй 30 гаруй нүдний шил зүүж үзээд тавыг нь худалдаж авчээ. Таван нүдний шилэнд хоёр мянга 300 доллар зарцуулжээ.

Марадона гоо сайхны мэс засал хийлгэжээ

Аргентинуудын шүтээн Диего Армандо Марадона (54 настай) гоо сайхын мэс засал хийлгэсэн тухай хэвлэлүүд мэдээлж байна. Тэрээр нүүрний арьсаа чангалах мэс засал хийлгэсний дараа найз бүсгүй Росио Оливатай хамт авахуулсан зургаа интернэтээр цацжээ. Аргентины хөлбөмбөгийн шүтээний нүүр царайнд мэдэгдэхүйц өөрчлөлт орсон нь тод харагдаж байгаа аж. Тэрээр Кубад Оливагийн хамтаар нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх бөгөөд телевизийн шоуныхаа шинэ дугаарыг тэндээс бэлтгэх бололтой. Марадона саяхан найз хүүхэнтэйгээ муудалцсан байсан ч буцаад эвлэрчээ.

No comments:

Post a Comment