Saturday, 28 February 2015




Борис Немцовыг хөнөөсөн шалтгаан юу вэ?

Оросын нэртэй улстөрч Борис Немцов хоёрдугаар сарын 28-ны орой 23.00 цагийн үед Кремлийн ойролцоох Москва голын гүүрэнд дээр явж байгаад гэмт этгээдүүдэд буудуулан амь насаа алдлаа. Үл мэдэгдэх этгээдүүд түүний араас зургаан удаа буудаад цагаан машинд суун зугтаж алга болжээ. Немцов нэгэн танилтайгаа  явж байсан аж.
ОХУ-ын Мөрдөн шалгах хорооны албаны төлөөлөгч Владимир Маркин сөрөг хүчний лидерийг хөнөөсөн шалтгааныг хэрхэн таамаглаж буйг ярьсан байна.  Тэдгээрийн дотор лалын хэт даврагчдын ул мөр дурдагджээ. Немцов Парис дахь Charlie Hebdo сэтгүүлийн шог зураачдыг хөнөөсөн хэрэгтэй холбоотой байр суурийнхаа улмаас заналхийлэл, сүрдүүлэг сонсч байсан юм. Мөн энэ аллага Орос дахь улс төрийн нөхцөл байдлыг тогтворгүй болгох гэсэн өдөөн хатгалга байж магадгүй хэмээн үзэж байна. “Улс төрийн зорилгодоо хүрэхийн тулд ямар ч арга хэрэглэхээс буцдаггүй увайгүй хүмүүсийн хувьд Немцов нь өвөрмөц ариун золиос байж болох юм” хэмээн Маркин хэллээ. Үүнээс гадна дээрх аллага Украины дотоод хямрал болон Немцовын арилжаа наймааны үйл хэрэг, эсвэл өөрт нь таагүй ханддаг хүмүүстэй холбоотой байж магадгүй гэсэн таамаглал явж байна.
Мөрдөн шалгагчид богино хугацаанд чухал үр дүнд хүрээд байгааг Маркин онцоллоо. Түүний батлан хэлж буйгаар, Немцовтой хамт явж байсан хүмүүс, аллага үйлдэгдэх үед тэр хавьд байсан иргэд болон бусад гэрчүүдээс мэдүүлэг аваад байгаа аж. “Мэргэжилтнүүүд гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө болон дараах утасны бүх яриаг нягталж, холбоотой зүйл байгаа эсэхийг шалгаж байна. Борис Немцов хаагуур хаагуур явж байсныг видео ажиглалтын камерийн тусламжтайгаар тогтоож байна. Макаров гар буугаар буудсаныг тогтоосон. Хэргийн газар үзлэг хийхэд 9 миллиметрийн калибртай зургаан хонгио олдсон” хэмээн Маркин нэмж хэллээ. Сөрөг хүчний улстөрчийг буудсан этгээдүүд Немцов хаагуур явж байгааг нарийн мэдэж байсан, энэ гэмт хэргийг сайтар төлөвлөж хийсэн хэмээн үзэж байгаа аж. ОХУ-ын Мөрдөн шалгах хороо “Аллага”, “Хууль бусаар зэвсэг авч явсан, хэрэглэсэн” гэдэг зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгээд байна. Кремльд сөрөг хүчний зүтгэлтний аллагыг өдөөн хатгалга хэмээн нэрлэжээ.
Б.Немцов “Эв нэгдэл” олон нийтийн хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч, лидерүүдийн нэг, улс төрийн “РПР-ПАРНАС” намын дарга, Оросын сөрөг хүчний зохицуулах зөвлөлийн гишүүн байжээ.  Тэрээр 1991 онд Нижегородск мужийн захирагч болсноор улс төрийн замналаа эхлүүлсэн юм. Хоёр бүрэн эрхийн хугацааг дуусгасны дараа Немцов Оросын Засгийн газарт ажиллах болжээ. Түлш, эрчим хүчний сайд байсан тэрээр 1997 онд Засгийн газрын тэргүүний нэгдүгээр орлогч болж ОХУ-ын Аюулгүйн зөвлөлд багтжээ. Энэ албанаас чөлөөлөгдсөний дараа 1999-2003 онд Төрийн Думын депутат, Думын тэргүүний орлогч, Барууны хүчний холбооны фракцийн удирдагчаар ажиллажээ. 2013 оны есдүгээр сарын 8-нд бүс нутгийн сонгуулиар “РПР-Парнас” намаас Ярославль мужийн парламентад сонгогджээ. Борис Немцов нэг хэсэг ОХУ-ын Ерөнхийлөгч Борис Ельциний ойрын шадар зөвлөхийн нэг, итгэлт хүн нь байсан билээ.

No comments:

Post a Comment