Данид хүний наймаачдыг баривчлав
Данийн цагдаа хүний наймааны хэрэгт сэжиглэгдсэн арван
хүнийг баривчиллаа хэмээн The Global Post сонин мэдээлэв. Тусгай ажиллагааны
үеэр 64 хүнийг саатуулан шалгасан бөгөөд арвыг нь хүний наймаа хийсэн, мөнгө
луйвардсан хэрэгт буруутгаад байна. Саатуулагдсан хүмүүсийн хоёр нь Данийн иргэн,
бусад нь Румыний уугуул ажээ. Тэд гадаад иргэдийг Данид сайн цалинтай ажилд
оруулна гэж ихээхэн мөнгө авдаг байсан аж. Одоогоор 300 орчим хүнийг Данид
хууль бусаар оруулсан нь тогтоогдоод байна.
Мадонна хүчтэй унажээ
Дуучин Мадонна Лондонд Brit Awards шагнал гардуулах ёслол
дээр дуулж байгаад шатан дээрээс унажээ. 56 настай дуучин урт нөмрөг зүүж,
тайзнаас дээшээ өндөрлөсөн шатан дээр зогсон дуулж байв. Найруулгын дагуу нэг
бүжигчин Мадоннагийн нөмрөгийг урлагтайгаар сөхөж дэрвүүлэх байсан ч алдаа
гаргаж нэрт дуучныг доош нь татаж унагажээ. Мадонна гурван шат алгасан ар
нуруугаараа нэлээд хүчтэй унаж байгаа нь дүрс бичлэг дээр харагдаж байна. Тэрээр
унасныхаа дараа хэсэг тоглолтоо зогсоосны дараа үргэлжлүүлэн дуулжээ. Дараа нь
Мадонна Instagram дээр “Бүх юм зүгээр. Гоё нөмрөг арай л хөшүүн байлаа” хэмээн
тайлбарласан байна.
Гватемалын экс Ерөнхийлөгч АНУ-ын шоронгоос суллагдлаа
Гватемалын экс Ерөнхийлөгч Альфонсо Портильо мөнгө
угаасан хэргээр АНУ-ын Денвер дахь шоронд бараг зургаан жил хоригдсоны дараа
суллагдлаа хэмээн Prensa Libre агентлаг дамжуулав. Тэрээр мөдхөн эх орон руугаа
буцах гэж байна.
2014 оны тавдугаар сард АНУ-ын шүүх Портильог Тайванаас
хахууль авсан, Америкийн банкаар дамжуулж мөнгө угаасан хэргээр таван жил, есөн
сарын хорих ялаар шийтгэсэн юм. Түүний ялыг 2010 онд Гватемалд баривчлагдсан
үеэс нь хойш тооцсон ажээ.
Альфонсо Портильо 2000-2004 онд Гватемалын Ерөнхийлөгчийн
албыг хашжээ. Тэрээр албанаас буусны дараа халдашгүй дархан эрхээ хасуулж,
шүүхэд дуудсагдсан ч Мексик руу зугтан гарчээ. Гэвч 2008 онд Мексикийн эрх
баригчид түүнийг эх оронд шилжүүлж өгсөн байна.
“Туркийн мисс” Эрдоганыг доромжилсон хэргээр шийтгүүлж
магадгүй
2006 онд “Туркийн мисс”-ээр тодорч байсан Мерве Буюксарач
өнөөгийн Ерөнхийлөгч Режеп Эрдоганыг доромжилсон хэргээр хоёр жилийн ял сонсч
магадгүй болов. 26 настай бүсгүй Instagram дээрээ Туркийн сүлд дууллыг
гуйвуулсан “Удирдагчийн шүлэг” хэмээх элэглэлийг нийтэлсэн юм. Хэдийгээр тэрээр
дараа нь энэ постоо устгасан ч эрх баригчид түүний эсрэг хэрэг үүсгэжээ.
“Би
энэ шүлгийг бичээгүй, инээдтэй санагдсан болохоор түүнээс иш татсан.
Ерөнхийлөгч Эрдоганыг доромжилсон зүйл байхгүй” хэмээн Буюксарач буруугаа
хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Экс гоо бүсгүйг нэгдүгээр сард баривчилжээ.

No comments:
Post a Comment