Sunday, 22 February 2015

Спортын нүүрэнд шөөө......



Welsh Open-д Жон Хиггинс түрүүлэв

Мэргэжлийн снүүкерийн Welsh Open тэмцээнд дэлхийн дөрвөн удаагийн аварга Жон Хиггинс түрүүлэв. Тэрээр аваргын төлөөх тулаанд залуу тамирчин Бен Вулстоныг 9-3-аар илүүрхжээ. Хиггинс ийнхүү гурван жилийн дараа өндөр зэрэглэлийн тэмцээнд түрүүлж байна. Тэрээр Welsh Open тэмцээнд дөрөв дэх удаагаа түрүүлж байна. Аваргын цомыг 100 мянган паундын шагнал дагалджээ.
Гуравдугаар сард China Open, дөрөвдүгээр сард дэлхийн аваргын тэмцээн хүлээж байна.

Челси оноо алдаж, Манчестер Сити хожлоо

Английн Премьер лигийн аваргын төлөөх тулаанд бусдаасаа тасраад байгаа хоёр багийн тоглолт тун сонирхолтой боллоо. 26-р тойрогт Челси талбай дээрээ Барнлийг хүлээн авч тоглосон ч ялалт байгуулж чадсангүй. Тэд хожиж явсан ч сүүлчийн мөчид гоол алдаж тэнцжээ. Тэдний араас өсгий даран нэхэж буй Манчестер Сити өрсөлдөгдөө 5-0-ээр бут ниргэж онооны зөрүүг тав болгож ойртуулаад байна.
Аваргуудын лигийн эрх буюу гурав, дөрөвдүгээр байрын төлөөх тулаан ширүүн өрнөж байна. 3-7-р байрын таван багийг дөрөвхөн оноо зааглаж байна. Арсенал хожиж гуравдугаар байрт гарч ирсэн бол Манчестер Юнайтед, Тоттенхэм оноо алдаж нэг байр ухарчээ. Ливерпүүл өрсөлдөгч Саутхэмптоныг хожиж нэг байр ахижээ. Испанийн Ли Лигад Барселона талбай дээрээ тун санамсаргүй хожигдож хүнл цохилт амсав. Харин Реал Мадрид хожиж нэг онооны зөрүүгээ дөрөв болгон холдууллаа.

Парма дампуурав уу

Италийн Seria A-гийн Парма клуб санхүүгийн асуудлын улмаас ээлжит тойргийн тоглолтоо хийсэнгүй. Хөгжөөн дэмжигчид үүнийг эсэргүүцэж клубын цэнгэлэхийн гадаа жагсаал хийжээ. Seria A-д сүүлийн байрт яваа Парма клуб өнгөрсөн бүтэн сайнд Удинезетэй тоглох байсан. Гэвч тус клубт цэнгэлдэхийн гэрэлтүүлгийг ажиллуулахаас өөр мөнгө үлдээгүй тул Италийн хөлбөмбөгийн холбоо тоглолтыг хойшлуулжээ. Хамгаалалт болон үйлчилгээний албаныханд төлөх мөнгө байхгүй болсон аж. Парма клуб цаашдаа ч тоглолт хийх чадваргүй болсон бололтой. Цагтаа дэлхийд шилдэгт тооцогдож байсан Италийн хөлбөмбөгийн лигийн багууд ар араасаа дампуурлаа зарлаж магадгүй байна. 

No comments:

Post a Comment