Босогчид 100 гаруй хүний аминд хүрчээ
Нигерийн газар нутагг дээр холхидог “Боко Харам”
террорист бүлгийн дайчид Камеруны хойд хэсэгт орших Фотоколь хот руу дайрахдаа
100 гаруй хүний аминд хүрчээ. Босогчид өглөө эрт хот руу нэвтэрч сүмд, гэрт
байсан хүмүүсийг хороож, барилга байшинг шатаажээ. Өрнөдийн боловсролыг
эсэргүүцэж, шариатын хууль тогтоохыг хүсдэг “Боко Харам” бүлэг арми, цагдааг
сонгон довтолдог байсан ч сүүлийн үед шашны зүтгэлтнүүд болон энгийн иргэдийг
довтлох болжээ. Тус бүлгийнхэн 2014 оны дөрөвдүгээр сард Нигерийн Чибок хотоос
276 эмэгтэй сурагчийг хулгайлсан юм. 57 сурагч гэртээ харьсан ч үлдсэнийг нь лал
шашинд оруулж, босогчдод эхнэр болгон өгчээ.
Лондонд автобусны жолооч нар ажил хаялаа
Өчигдөр Лондонд автобусны жолооч нар ажил хаялт зарлажээ.
Лондоны тээврийн сүлжээний чухал хэсэг болсон автобус 24 цагийн турш зогссон
байна. Ажил хаялт нийслэл хотын 6.5 сая иргэнийг хохироожээ. Жолооч нар
хөдөлмөрийн хөлсний нэгдсэн систем нэвтрүүлэхийг шаардаж байна. Жолооч нар
туршлага, ур чадварын түвшингээс хамаарч цалинждаг тул ийм шинэчлэл хийх
боломжгүй хэмээн Лондоны Тээврийн газрын захирал Леон Даниелс мэдэгджээ. Жолооч
нарын үйлдвэрчний эвлэл хоёрдугаар сарын 13, 16-нд дахин ажил хаяхаар зэхэж
байна.
Hasbro 65 сая долларын татварын өр төлжээ
Тоглоом үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэх компанийн нэг Hasbro
Мексикийн татварын албанд 65 сая долларын өр төлөхөөр болжээ. Энэ өр 2000-2013
онд хуримтлагдсан аж. 2013 онд Мексикийн эрх баригчид татвараас зайлсхийсэн
байж магадгүй 270 компанийн үйл ажиллагаанд шалгалт явуулсан юм. Ихээхэн
хэмжээний татвараас зайлсхийсэн бас том компани нь Procter & Gamble ажээ. 2014
оны арванхоёрдугаар сард Мексикийн татварын алба дэлхийн томоохон компанитай
тохиролцоонд хүрлээ хэмээн мэдээлсэн ч нэрийг нь зарлаагүй юм.
АНУ-д архины борлуулалт буурчээ
АНУ-д сүүлийн хоёр жилд архины худалдаа мэдэгдэхүйц
буурлаа хэмээн Wall Street Journal мэдээлэв. Сүүлийн арван жилд анх удаа ийм
бууралт ажиглагдаж байна. Хэрэглэгчид виски, текила (мексик виски) зэрэг хатуу
ундаанд ихээхэн сонирхолтой болсон нь архины борлуулалт буурахад хүргэжээ. Америкийн
зах зээл дээр нийтдээ 600 төрлийн архи зарагддаг аж. 2013 онд АНУ дахь хатуу
ундааны борлуулалт нийтдээ 2.7 хувиар өссөн бол архины борлуулалт дөнгөж 1.2
хувиар өсчээ. 2000 оноос хойш Америкт архины борлуулалт анх удаа нийт зах
зээлийн өсөлтөөс дутуу гарчээ.
Иорданы хаан “Исламын улс”-ын эсрэг өршөөлгүй дайн
зарлана
Иорданы хаан II Абдалла “Манай улсын нисгэгчийг харгисаар
хөнөөсөн “Исламын улс” бүлгийн эсрэг Иордан улс өршөөлгүй дайн явуулна” хэмээн
мэдэгдлээ. Тэрээр цэргийн удирдагчид, аюулгүй албаныхантай зөвлөгөөн хийсний
дараа “Исламын улс” бүлгийн эзэлсэн газар нутаг дээр дайн явуулна хэмээн
ярьжээ. “Нисгэгч Моаз аль-Касасбийн цус дэмий урсаагүйг харуулна” хэмээн
Иорданы хаан онцолсон байна. Лалын босогчид нисгэгчийг амьдаар нь шатаасны
дараа тус улсын эрх баригчид хариу болгож хоёр жихадын хоригдлыг цаазалсан юм.
Босогчид иордан нисгэгчийг лалын алан хядагч Сажид Ришавигаар солилцох хэлэлцээ
хийж байсан ч бүтэлгүйтсэн юм.
Ислам Каримов ухаангүй байна
Узбекистаны Ерөнхийлөгч Ислам Каримов ухаан алдаж унаад
сэргэхгүй байна хэмээн гадаадын хэвлэлүүд Узбекийн сөрөг хүчний эх сурвалжаас
иш татан мэдээлэв. “Ерөнхийлөгч Ислам Каримов “Куксарой” өргөөндөө оройн зоог
барьж байгаад ухаан алдсан. Эмч нарын баг төрийн тэргүүнд яаралтай тусламж
үзүүлсэн ч ухаан оруулж чадаагүй байна” хэмээн хэвлэлд бичжээ. Нэлээд хэд
хоногийн өмнө ийм зүйл болсон гэж байгаа бөгөөд уржигдрын байдлаар
Ерөнхийлөгчийн бие улам муудаад байна хэмээн мэдээлж байна. Нэгдүгээр сарын
29-нд Ерөнхийлөгийн өргөөнд Үндэсний аюулгүй байдлын албаны дарга Рустам
Иноятов, Засгийн газрын тэргүүн Шавкат Мирзияев болон сайд нарын кабинетийн
бусад гишүүн оролцсон яаралтай хуралдаан болжээ. Гэвч Ерөнхийлөгчийн Тамгын
газар энэ мэдээллийг батлаагүй байна.
И.Каримовын
эрүүл мэнд ихэд муудсан талаар Узбекийн хэвлэл нэг бус удаа мэдээлж байсан. Улс
орны тэргүүн 2010 оноос хойш хоёр ч удаа ухаан алдаж ком (удаан ухаангүй байх)-д
орж байжээ. Мөн 2013 онд Ислам Каримовын зүрх зогсож байсан бөгөөд биотэтгэгчийн
ачаар зүрхийг нь ажиллуулж байгаа гэсэн мэдээлэл ч байдаг. Узбекистаны тэргүүн
тэр үед энэ мэдээллийг няцааж Москвад ажлын айлчлал хийж байв. Ислам Каримов Узбекистаны
Ерөнхийлөгчөөр 25 жил ажиллаж байна. Тэрээр 2015 оны гуравдугаар сарын 29-нд
товлогдсон Ерөнхийлөгчийн сонгуульд дахин оролцохоор төлөвлөж байгаа юм

No comments:
Post a Comment