Saturday, 7 February 2015

Жоржиа мужид таван хүн буудуулжээ

АНУ-ын Жоржиа мужид буудалцаан болсны улмаас таван хүн алуулж, хоёр хүн шархадлаа хэмээн Associated Press агентлаг орон нутгийн цагдаагийн эх сурвалжаас иш татан мэдээлэв. Энэ хэрэг Атланта хотоос 32 км-ийн зайд орших Дугласвилл хотод болжээ. Тойргийн цагдаагийн газрын дарга Гленн Даниеэль мэдээлснээр, амь үрэгдсэн хүмүүсийн дунд хүүхэд байгаа аж. Гэмт хэрэгтэн өөрийгөө шархдуулж эмнэлэгт хүргэгдсэн ч нас барсан байна. Цагдаа нар хэргийн учир шалтгааныг олохоор ажиллаж байна.

“Исламын улс”-ынхан 16 иргэнийг амьдаар нь шатаажээ

“Исламын улс” бүлгийн дайчид Иракийн Мосул хотын 16 иргэнийг террористуудын лидер Абу Бакр аль-Багдадитай хамтран ажиллахаас татгалзсан хэмээн амьдаар нь шатаажээ. Лалын дайчдад эзлэгдээд байгаа Мосул хот тэр чигээрээ шорон болон хувирсан хэмээн мэдээлж байна.
“Исламын улс” бүлэг 2014 оны зунаас эхлэн довтолгоогоо идэвхжүүлж Сири, Иракийн үлэмж газар нутгийг эзлээд байгаа юм. Тэд өнгөрсөн зургадугаар сард эзлэсэн газар нутаг дээрээ лалын халифат улс байгуулж буйгаа зарласан билээ.
Тус бүлгийн лидер Абу Бакр аль-Багдади өөрийгөө халиф эзэн хэмээн нэрлэж, Мосул хотыг “Исламын улс”-ын нийслэл хэмээн зарлажээ. АНУ тэргүүтэй олон улсын цэргийн эвсэл 2014 оны наймдугаар сараас эхлэн Ирак, Сири дахь “Исламын улс” бүлгийн эсрэг тэмцэж байна.

Гал түймэр 40 байшинг залгив

Америкийн Невада, Калифорни мужийн зааг дээр ойн түймэр дэгдэж 40 орчим байшинг залгилаа хэмээн Associated Press агентлаг дамжуулав. Гал түймэр 2500 га газрыг хамарчээ. Түймрийн улмаас хоёр жижиг хотын иргэдийг нүүлгэн шилжүүлсэн байна. Хуурай цаг агаар, хүчтэй салхины улмаас түймэр хурдан тархжээ. Утаанд хордсон нэг гал сөнөөгчийг эмнэлэгт хүргэсэн байна.

Нигерийн Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулжээ

Нигерийн Ерөнхийлөгчийн сонгуулийг зургаан долоо хоногоор хойшлууллаа хэмээн Reuters мэдээлэв. Хоёрдугаар сарын 14-нд болох байсан сонгуулийг гуравдугаар сарын 28-нд шилжүүлжээ. Сонгуулийн товыг өөрчлөх шийдвэр нь аюулгүй байдалтай холбоотой аж. Мөн улс орны зүүн хойд хэсэгт лалын “Боко Харам” бүлгийн эсрэг цэргийн ажиллагаа явагдаж байгаа юм. Террорист бүлгийн эсрэг Бенин, Камерун, Нигери, Чад улс хамтран тэмцэж байна. Тэд нийтдээ найман мянга 700 цэргийг “Боко Харам”-ын эсрэг илгээгээд байна. Америкийн тагнуулын газрын мэдээллээр, “Боко Харам” бүлэг зургаан мянган дайчинтай ажээ.

Уильям, Кейт нар хоёр дахь хүүхдийнхээ хүйсийг мэдэхгүй байна

Кембрижийн гүн Уильям, гүнж Кейт Мидлтон нар хоёр дахь хүүхдийнхээ хүйсийг мэдэхгүй байна хэмээн хосын албаны төлөөлөгч мэдэгджээ. Мидлтон охин төрүүлэх гэж байна, түүндээ Диана хэмээх нэр өгөхөөр болсон хэмээн мэдээлж байсан билээ. Британийн хаан ширээг залгамжлагч ханхүү Уильям, түүний гэргий нар охин төрвөл Элизабет, Мэри зэрэг хааны гэр бүлийн уламжлалт нэрийг өгөхөөр зэхэж байгаа бололтой. Гэвч тэд одоогоор хүүхдийнхээ хүйсийг харуулаагүй байгаа аж. Кембрижийн гүнж Кейт Мидлтон, ханхүү Уильям нар Карибын тэнгист амрахаар явжээ. Кейт 2014 оны дөрөвдүгээр сард амаржих юм.




Анжелинаг бүх дэлхий хүндэлдэг

Олон нийтийн судалгааны YouGov олон улсын хүрээлэн дэлхийн хамгийн хүндэтгэлтэй эмэгтэйчүүдийг шалгаруулжээ. Санал асуулгад 23 орны 25 мянган иргэн хамрагдаж 39 настай Анжелина Жолиг хамгийн хайртай, хүндэтгэлтэй эмэгтэйгээр тодруулсан байна. Жагсаалтыг танилцуулъ;

1. Анжелина Жоли, жүжигчин
2. Малала Юсуфзай, хүний эрхийн төлөө тэмцэгч
3.  Хиллари Клинтон, улстөрч
4. II Елизабет, хатан хаан
5. Мишель Обама, АНУ-ын тэргүүн хатагтай
6. Селин Дион, дуучин
7. Опра Уинфри, телевизийн од
8. Жулиа Робертс, жүжигчин
9. Аун Сан Су Чи, улстөрч
10. Ангела Меркель, улстөрч
11. Тейлор Свифт, дуучин
12. Бейонсе, дуучин
13. Соня Ганди, улстөрч
14. Женнифер Лоуренс, жүжигчин
15. Кейт Миддлтон, Кембрижийн гүнж
16. Эмма Уотсон, жүжигчин
17. Ван Фэй, дуучин, жүжигчин
18. Элизабет Уоррен, улстөрч
19. Эллен Деженерес, телевизийн хөтлөгч

20. Дилма Русеф, улстөрч

No comments:

Post a Comment