Monday, 23 February 2015



Сургууль дээр аянга буужээ

Танзанийн нэгэн тосгоны сургууль дээр аянга буужээ. Энэ үеэр тэнд 22 хүн байсан бөгөөд дөрвөн сурагч, нэг багш амиа алдсан байна. Тэд аянганаас нуугдан ширээнд доогуур орсон ч байгалийн гамшиг өршөөсөнгүй. 17 хүүхэд бэртэж гэмтсэн байна. Танзанид аянга цахилгаан хүний аминд хүрэх нь цөөнгүй гардаг. Саяхан Ирландын нэгэн уулчин Килиманжаро ууланд авирч байхдаа аянганд цохиулан амиа алджээ.

Селфи хийж байгаад галт тэргэнд дайруулав

Америкийн Вашингтон мужид нэгэн залуу найз бүсгүйтэйгээ селфи зураг авч байгаад галт тэргэнд мөргүүлжээ. Тойргийн цагдаагийн газрын дарга мэдээлж буйгаар, залуу галт тэргэн доогуур орж, найз бүсгүй нь мөргүүлэлгүй эсэн мэнд үлджээ. Энэ хэрэг явдлын улмаас төмөр замын хөдөлгөөн саатаж, долоон галт тэрэгний аялал цуцлагджээ. Хэд хоногийн өмнө Энэтхэгт коллежийн гурван сурагч ойртон ирж байгаа галт тэрэгтэй хамт зургаа дарах гэж байгаад мөргүүлэн харамсалтайгаар амиа алдсан  юм.

Аляскт марихуаныг зөвшөөрлөө

АНУ-ын Аляск мужид марихуан тариалж, хадгалж, хэрэглэхийг зөвшөөрчээ. Ийнхүү Америкт гурван муж хар тамхийг хууль ёсоор хүлээн зөвшөөрөөд байна. Өмнө нь Колорадо, Вашингтон мужид марихуан хэрэглэхийг зөвшөөрсөн юм.
Аляск мужийн захирагч Билл Уокер марихуаны худалдаа, эргэлтийг хянах комиссыг байгуулах хуулийн төслийг өргөн барилаа хэмээн Alaska Dispatch News уламжлав. Аляск нь АНУ-ын хамгийн энх мэнд, жаргалтай  мужаар тодорч байсан билээ.

Сири руу явах гэж байсан француудын паспортыг хураажээ

Францын эрх баригчид Сири руу аялахаар төлөвлөж байсан зургаан иргэнийхээ паспортыг хурааж авчээ. Паспортоо хураалгасан иргэд зургаан сарын дараа бичиг баримтаа буцааж авч болох ч эрх баригчид шаардлагатай гэж үзвэл дахин хураах эрхтэй юм. Гадаад руу зорчих гэж байсан иргэдийнхээ паспортыг анх удаа хурааж байгааг Ерөнхий сайд Мануэль Вальс тайлбарлахдаа, цаашдаа өөр хүмүүс дээр ч ийм арга хэмжээ авах болно гэжээ.
Биеийн байцаалт, иргэний бичиг баримтыг хураах эрх нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард батлагдсан терроризмтэй тэмцэх шинэ хуулийн нэг хэсэг аж. Энэ нь франц иргэд Ойрхи Дорнод дахь дайн, мөргөлдөөний бүсэд очиж жихад дайчидтай нэгдэхээс сэргийлсэн хууль зүйн бичиг баримт юм. Америк болон Европын иргэд “Исламын улс” бүлгийн үйл ажиллагааг дэмжиж Сири, Ирак руу явах хүсэл, сонирхол сүүлийн үед ихээхэн нэмэгджээ. Өнөөдрийн байдлаар лалын радикал дайчдын эгнээнд Францын иргэншилтэй нэг мянга 400 орчим залуус тулалдаж байна.

Палестины эрх баригчид 218 сая доллар төлөх ёстой

АНУ-ын Манхэттан дахь холбооны шүүх Палестины үндэсний автономи, Палестиныг чөлөөлөх байгууллагыг Израиль дахь цуврал халдлагын золиос болсон хүмүүсийн ар гэр болон америк иргэдэд 218.5 сая долларын нөхөн төлбөр олгох шийдвэр гаргалаа хэмээн New-York Times сонин мэдээлэв. 2002-2004 онд Иерусалимд болсон аллага, халдлагыг Палестины эрх баригчид дэмжин өөгшүүлсэн хэмээн шүүхэд гомдол гаргасан хүмүүс үзжээ. Эдгээр халдлагын улмаас 33 хүн амь үрэгдэж, 450 хүн гэмтэж бэртсэн юм. Шүүх гомдол гаргагчдын хүсэлтийг хүлээн зөвшөөрчээ.

Терроризмтэй тэмцэх АНУ-ын хуулийн дагуу энэ хэрэг үүссэн байна. Олон улсын терроризмд өртсөн иргэд Америкийн шүүхэд гомдол гаргах эрхийг дээрх хуулиар баталгаажуулсан юм.

No comments:

Post a Comment