Wednesday, 4 February 2015



Гуантанамо дахь цэргийн баазыг Кубад шилжүүлж өгөх үү

АНУ, Куба хоёр 56 жил тасарсан дипломат харилцаагаа сэргээхээр болсон билээ. Америкийн Конгрессын өндөр албаны төлөөлөгчид Кубад айлчилж, Гаванад элчин сайдын яамаа нээх хэлэлцээ хийх үеэр Кубын тал Гуантанамо дахь цэргийн баазыг буцааж өгөх болзол тавьсан юм.
АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Роберта Якобсон “Вашингтон Гуантанамо дахь Америкийн цэргийн баазыг Кубад буцааж өгөх талаар Гаванатай хэлэлцээ хийх бодолгүй байна. Яриа хэлэлцээнд энэ асуудал тусгагдаагүй” хэмээн мэдэгджээ. Тэрээр Кубад айлчилсан тайлангаа Конгресс дээр тавьсан юм. Кубын лидер Рауль Кастро нэгдүгээр сарын эцсээр мэдэгдэхдээ, арлыг бүслэн хаах эдийн засгийн хориг арга хэмжээг цуцалж, Америкийн цэргийн баазын газар нутгийг буцааж өгөөгүй цагт Вашингтонтой харилцаагаа хэвийн болгох боломжгүй хэмээн онцолсон юм. Барак Обама, Рауль Кастро нар 2014 оны арванхоёрдугаар сард хоёр талын харилцааг сайжруулах хэд хэдэн арга хэмжээг зарласан билээ. Тухайлбал, Обама америк иргэдийн Кубад аялж жуулчлах журмыг хөнгөвчилж, Куба руу илгээх мөнгөний хязгаарыг нэмж, мөн АНУ-ын Конгресст хандаж Кубын эсрэг хагас зууны турш хэрэгжиж байгаа хориг арга хэмжээг цуцлахыг хүссэн. Гэвч Бүгд найрамдах намынхан давамгайлдаг Конгресс түүний саналыг дэмжихгүй байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Жош Эрнест Гуантанамогийн сэдвийг хөндөхдөө “АНУ тэнд байгаа шоронг хаахыг хүсч байгаа. Харин тэнгисийн цэргийн баазаа хаах бодолгүй байна” гэсэн билээ.
АНУ 1903 оноос хойш Кубын Гуантанамо мужид газар түрээсэлж цэргийн баазаа ажиллуулж байгаа юм. Хугацаагүй түрээсийн гэрээг зөвхөн хоёр талын тохиролцоогоор цуцлах боломжтой. Вашингтон жил бүр гурван мянга 400 долларын чекийг баазын түрээст илгээдэг аж. Гэвч Кубын эрх баригчид “Америкийн цэргийнхэн арлыг орхин гарах ёстой” хэмээн үзэж энэ мөнгийг авахаас татгалздаг ажээ. 

No comments:

Post a Comment