Saturday, 7 February 2015




Стросс-Каныг буруутгаж байсан эмэгтэй зоогийн газар нээжээ

Олон улсын валютын сангийн экс тэргүүн, улстөрч Доминик Стросс-Кан биеэ үнэлэгчдийн сүлжээнд холбогдсон хэргээр  Парист дахин шүүхэд дуудагдаж байх хооронд 2011 оны тавдугаар сард Нью-Йоркийн Софител зочид буудалд түүнд хүчиндүүлэх шахсан гэх бүсгүй амьдралаа шинээр эхлүүлж байна. Софител зочид буудалд үйлчлэгч хийж байхдаа Стросс-Каны дайралтад өртөж, хүчирхийлэлд өртөх дөхсөн Нафиссатоу Диалло хэмээх хар арьст бүсгүй саяхан Нью-Йоркийн Бронкс дүүрэгт Chez Amina хэмээх зоогийн газар нээжээ. Тэрээр Facebook хуудастаа мэдээлснээс харвал, энэ газар нь зочдоо африк, испани хоолоор дайлж, хүлээн авалт болон бусад арга хэмжээний зоог шүүсийг бэлтгэх үйлчилгээ үзүүлдэг аж. Chez Amina нээгдсэн даруйдаа таксичид, африк гаралтай цагаачид зэрэг олон үйлчлүүлэгчтэй болж амжсан байна.
Үйлчлүүлэгчдийн олонх нь Диаллог хэн бэ гэдгийг мэддэг ч түүний өнгөрсөн баларсныг сонирхолгүй, зоогоо барьчихаад гараад явдаг аж. Диалло ч энэ сэдвээр ам нээдэггүй. “Энэ бол хамгийн сайн хоолтой газар, үүнийг л мэдэж байна. Би мэдээ үздэггүй, толгой өвдүүлэхийн нэмэр” хэмээн Сьерра-Леоноос гаралтай 29 настай таксины жолооч өгүүлж байна.

2011 оны тавдугаар сард Стросс-Кан Нью-Йоркийн нисэх буудлаас Парис руу хөөрөх гэж байгаад баривчлагдсан юм. Түүнийг зочид буудлын ажилтан Нафиссатоу Диаллог хүчиндэхийг завдсан гэх хэргээр буруутгасан билээ. Диалло зочид буудалд буусан хүмүүсийг хүчингийн гэмт хэрэгт буруутган мөнгө салгадаг гэмт хэргийн сүлжээнд холбоотой байж болох тухай мэдээлэл гарсны дараа Стросс-Каны эсрэг үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. Гэвч Диалло ОУВС-гийн тэргүүнийг иргэний хэргийн шүүхэд өгч заргалдсаны дараа хоёр тал тохиролцоонд хүрснээр энэ хэрэг хаагджээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр, Диалло Стросс-Канаас таван сая доллар авч хэргийг хаах тохиролцоонд хүрсэн гэдэг билээ.

No comments:

Post a Comment