Sunday, 8 February 2015




В.Путин: Украины хямрал АНУ-ын буруугаас үүдэлтэй

Украины хямрал нь АНУ болон түүний холбоотнуудын үйлдлийн үр дүн хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Египетийн “Аль-Ахрам” сонинд ярилцлага өгөхдөө онцолжээ. “Оросын буруугаас Украины хямрал үүсээгүй. Өөрсдийгөө хүйтэн дайны ялагч хэмээн үзэж, санаа бодлоо хаа сайгүй тулгаж байсан Америк болон түүний холбоотнуудын үйл хөдлөлийн үр дагавараас энэ хямрал үүссэн” хэмээн Кремлийн тэргүүн ярьжээ. “НАТО-гийн дэд бүтэц Оросын хил рүү яаж ойртож, Оросын ашиг сонирхлыг үл тоож байгааг бид харлаа. АНУ болон барууны холбоотнуудад Украины дотоод хэрэгт оролцож буйн гашуун үр дагаварыг нэг бус удаа сануулан хэлж байсан. Гэвч бидний үгийг сонсоогүй” хэмээн В.Путин нэмж хэлжээ.

Каирт 22 хүн амиа алдлаа

Египетийн Каир хот дахь хөлбөмбөгийн цэнгэлдэхэд эмх замбараагүй байдал үүссэний улмаас 22 хүн амиа алдлаа хэмээн Al Arabia телевиз мэдээлэв. Тэдний ихэнх нь нулимс асгаруулагч хийнд боогдон амь үрэгджээ. Хэд хэдэн хүн тасалбаргүй орох гэж оролдсоны дараа “Замалек” клубын танхай хөгжөөн дэмжигчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн үүсчээ. Цагдаа нар нулимс асгаруулагч хий ашиглахаас өөр аргагүй болсон бололтой. 2012 оны хоёрдугаар сард Египетийн Порт-Саид хот дахь цэнгэлдэхэд “Аль-Ахли”-“Аль-Масри” багийн тоглолтын үеэр 70 орчим хүн амиа алдаж байсан билээ.

“Исламын улс”-ын эсрэг газраар давшина

“Исламын улс” бүлгийн эсрэг тэмцэж буй олон улсын цэргийн хүчин дахь АНУ-ын төлөөлөгч, генерал Жон Аллен мөдхөн лалын босогчдын эсрэг газраар давших ажиллагааг эхлүүлнэ хэмээн зарлав. Тэрээр Иорданы Petra мэдээллийн агентлагт ярилцлага өгөхдөө ийнхүү мэдэгдсэн байна. “Исламын улс” бүлгийн эсрэг сөрөг довтолгоог Иракийн цэргийн хүчин эхлүүлж, холбоотнууд агаараас дэмжих ажээ. Холбоотны зааварлагч, мэргэжилтнүүд орон нутгийн иргэдээс бүрдсэн Иракийн цэрэг, дайчдыг сургаж байна хэмээн генерал хэллээ.

Женнифер Лоуренс могойтой нүцгэлэв

Жүжигчид, загвар өмсөгчид нүцгэлж, биеийн гоо сайхнаа харуулах нь хэвийн үзэгдэл болж байна. Хамгийн сүүлд жүжигчин Женнифер Лоуренс Vanity Fair сэтгүүлд зориулж могойтой хамт нүцгэлэн дур булаам бие бялдраа гайхуулжээ. Тэрээр боа хэмээх аварга могойг сонгож биен дээрээ тавьж зургаа авахуулсан байна. Алдарт гэрэл зурагчин Патрик Демарч энэ зургийг авсан бөгөөд Vanity Fair сэтгүүлийн гуравдугаар сарын дугаарт нийтлэгдэх юм. Жүжигчин Лоуренс гоо сайхан биеэрээ ихэд бахархаж явдгаа илэрхийлсэн аж. Саяхан CelebGatе сайт дээр Женнифер Лоуренсийн эротик зураг хэвлэгдэж шуугиан тарьж байсан билээ.

No comments:

Post a Comment