Wednesday, 25 February 2015



Орнелла Мути хоригдох ял сонсчээ

Гуравдугаар сарын 9-нд 60 нас хүрэх Италийн үзэсгэлэнт жүжигчин эмэгтэй Орнелла Мути тун таагүй байдалд ороод байна. Тэрээр Жанн Клементийн “Еврей” жүжигт тоглолгүй алга болсныхоо төлөө найман сар хоригдох, 600 мянган еврогийн торгууль төлөх шийтгэлийг шүүхээс сонсчээ. Энэ явдал 2010 оны арванхоёрдугаар сард болсон юм. “Еврей” жүжиг Италийн олон хотод амжилттай тавигдаж явсаар Порденоне хотод ирэхэд Мути алга болчихжээ. Дараа нь нэрт жүжигчин “Хоолойны хурц үрэвсэл болоод эмчид очсон” хэмээн учирласан байна. Хоолой нь сөөвөл тайзан дээр гарах боломжгүй болно гэсэн үг.
Гэвч Орнелла Мути жүжигт тоглоход өвчин саад болоогүй нь тодорхой болсон юм. Итали бүсгүй жүжгээ хаяж Санкт-Петербург руу дээдсийн үдэшлэгт оролцохоор явсан байжээ. Тэрхүү үдэшлэг дээр Владимир Путин Blueberry Hill дууг дуулж, төгөлдөр хуур дээр “Эх орон юунаас эхэлдэг вэ” (“С чего начинается Родина”) дууны аяыг тоглож олныг бишрүүлсэн билээ. Тэнд Мутигаас гадна Шэрон Стоун, Жерар Депардье, Ален Делон, Пол Анка, Моника Белуччи, Венсан Кассель, Голди Хоун, Курт Рассел зэрэг одод ирсэн байв. Үдэшлэгийн нэг гол баатраар Мути яах аргагүй тодорчээ. Учир нь В.Путин Кевин Костнерийн хамтаар Мутигийн ширээнд ирж суусныхаа дараа сэтгэл нь хөдөлж дуу дуулж эхэлсэн юм.
Орнелла Мути цагийг сайхан өнгөрүүлснийхээ горыг ийнхүү “амслаа”. “Зөрүүд эрийг номхотгосон нь” киноны сүйт бүсгүйн өмгөөлөгч нар В.Путинийг гэрчийн хувиар дуудах ёстой хэмээн биелэшгүй шаардлага тавиад ялагдсан байна. Үдэшлэг дээр Орнеллагийн хоолой сөөнгөтөж, ханиалгаж, бараг ярьж чадахгүй байсныг Оросын Ерөнхийлөгч гэрчлэх ёстой байсан аж. Шүүхэд түүнийг буруутгах өөр баримт хангалттай байсан бололтой. Франческа Романа Ривелли (Орнелла Мутигийн жинхэнэ нэр) Орос руу нисэхээсээ өмнө Порденоне хотод тавигдах жүжигт тоглоно гэдгээ сайн мэдэж байсан. Гэсэн хэдий ч тэрээр Санкт-Петербург руу бизнес ангиллаар нисэх билет авсан байсныг шүүхээс тогтоожээ. Мутигийн хоолой ч өвдөөгүй байсан хэмээн шүүх үзсэн байна. Найруулагчид арга буюу өөр хүнийг Мутигийн оронд тоглуулсан аж.

Тэрээр шүүхээс ял сонссон ч шоронгоос зайлсхийх боломжтой. Үүний тулд тэрээр театртаа 30 мянган еврогийн торгууль төлөх ёстой. Мэдээж Мути энэ мөнгийг хөнгөхөн гаргаж чадна. Учир нь жүжигчин бүсгүй “Еврей” жүжигт нэг удаа тоглохдоо 24 мянган долларын шагнал авч байсан юм.

No comments:

Post a Comment