Sunday, 22 February 2015



Усан онгоцны ослоор олон хүн амиа алдлаа

Бангладешт усан онгоц сүйрч дор хаяж 66 хүн амиа алдаад байна хэмээн Reuters агентлаг уламжлав. Падма голоор Патури хот орохоор явж байсан усан онгоц гатлага онгоцтой хавиралдсаны дараа онхолджээ. Нийт 150 зорчигч явж байжээ. 50 гаруй хүнийг авраад байгаа бөгөөд үлдсэн хүмүүсийг эрж хайсаар байна. Амь үрэгдсэн хүмүүсийн тал нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байна.
Усан онгоцыг мөргөсөн гатлага онгоцны ахмад, багийн хоёр гишүүнийг баривчилжээ. 200 орчим гол мөрөнтэй Бангладешт усан онгоцны осол байнга гардаг. Тээврийн хэрэгслийн даац хэтрүүлж, ауюлгүй байдлын дүрэм зөрчих нь элбэг тул осол гарсаар байгаа юм.

“Исламын улс”-ын дайчид Мосулын номын санг шатаажээ

Лалын террорист “Исламын улс” бүлгийг дайчид Иракийн Мосул хот дахь төв номын санг дэлбэлэн шатаажээ. Энэ тухай араб хэлээр гардаг “Элаф” сонин мэдээлэв. Мосул дахь номын сан нь хамгийн эртний номын сангуудын нэг юм.  Лалын дайчид минометоор буудсаны дараа номын сангийн барилга бүхэлдээ галд автжээ. Босогчид зарим ном, гар бичмэлийг гарган шатааж “галын наадам” хийсэн байна. Номын сангийн захирлын хэлж буйгаар, 10 мянга орчим ном шатсаны дотор нэн ховор номнууд байсан аж.

Москвагийн эсрэг хоригийг зөөлрүүлэхийг санал болгов

Словакийн Ерөнхий сайд Роберт Фицо Минскийн тохиролцоог дэмжихийн тулд Оросын эсрэг хориг арга хэмжээг зөөлрүүлэх санал дэвшүүлэв. “Украины зүүн нутагт хүрээд байгаа одоогийн эвлэрлийг дэмжихийн тулд Оросын эсрэг зарим хоригийг цуцлах хэрэгтэй. Оросын зарим улстөрч Европын холбоо, АНУ-д очиж чадахгүй байгаа нь яриа хэлэлцээнд саад болж байна” хэмээн Словакийн Засгийн газрын тэргүүн хэллээ.
Мөн Оросын эсрэг хориг арга хэмжээ болон Москвагийн хариу арга хэмжээ Словакийн эдийн засагт хохирол учруулж байгааг Фицо онцолжээ. Украин дахь дайн, хямралыг цэрэг, зэвсгийн замаар шийдэх боломжгүй хэмээн тэрээр үзэж байна. Луганск, Донецк мужид холбооны статус олгох нь хямралаас гарах арга зам байж болно хэмээн Роберт Фицо хэлжээ.

Ким Чен Ун цэрэг, армиа бэлэн байдалд оруулав

Ким Чен Ун Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын Цэргийн төв хорооны хуралдаан дээр үг хэлэхдээ цэргийн албан хаагчдыг байлдааны бүрэн бэлэн байдалд байхыг уриалав. Мөн тэрээр зэвсэгт хүчнийг шинэчлэн сайжруулахыг тушаажээ. Хойд Солонгосын лидер сүүлийн арван жилд анх удаа болж байгаа Цэргийн төв хорооны өргөтгөсөн хуралдаан дээр үг хэлсэн нь өмнөдийн эрх баригчдын анхаарлыг татаж байна.
Үүний өмнөхөн Хойд Солонгосын эрх баригчид Өмнөд Солонгосыг  Пхеньяны эсрэг АНУ-ын түрэмгийн дайнд нэгдвэл “Хамгийн аймшигтай төгсгөл”-өөр дуусгана хэмээн заналхийлсэн юм.

Кубад Канадын бизнесмэнийг суллажээ


Кубад баривчлагдаж гурван жилийн турш шоронд хоригдсон Канадын бизнесмэн суллагдаж гэртээ харилаа. 77 настай Сай Токмак Торонто хотод иржээ. Кубын эрх баригчид яагаад түүнийг суллах болсон нь тодорхойгүй байна. Канадын иргэн 2011 онд Гавана хотод саатуулагджээ. Тэрээр Hyundai компанийн Куба дахь салбарт ажиллахын зэрэгцээ тээврийн салбарт бизнес эрхэлж байжээ. 2014 оны есдүгээр сард Кубад ажиллаж байсан Канадын хоёр бизнесмэн валют хууль бусаар гулгуулсан, татвараас зайлсхийсэн хэргээр буруутгагдсан ч саяхан суллагджээ. АНУ-ын тал Кубатай дипломат харилцаагаа сэргээсэн нь канад иргэд суллагдах нөхцөл болсон хэмээн ажиглагчид үзэж байна. 

No comments:

Post a Comment