Monday, 9 February 2015





Майкл Жексон яагаад арьсаа солиулсан бэ?

Попын хаан Майкл Жексоны сүүлчийн менежер бурхан болсон дуучинтай холбоотой нэгэн том наймаа хийхээр шийджээ. М.Жексоны сүүлчийн менежер Франк ДиЛео 2011 онд нас барсан ч түүний хамтрагч Марк Ламика “DiLeo: I Am Going to Set the Record Straight” номыг нь гүйцээн гаргаж байгаа аж.
Энэхүү номонд нэгэн том нууцыг дэлгэсэн байна. Майкл Жексон эцэгтэйгээ адилхан байхыг хүсээгүй тул арьсны өнгөө солиулах гэж олон удаа хагалгаанд орсон ажээ. “Майкл толинд харах бүртээ өөрөөсөө эцгийнхээ царайг олж харж байгаадаа дургүй байсан. Тиймээс тэр хагалгаа хийлгэх хэрэгтэй гэж хэлдэг байсан” хэмээн уг номд  өгүүлжээ. Харин менежер Франк ийм хагалгаа хийлгээд хэрэггүй, фэнүүд чинь чамайг танихад улам хэцүү болно хэмээн хэлж байсан аж. Майкл Жексон “Би ийм дүр төрхөө арилгах ёстой. Эцгийнхээ дүр төрхийг нүүр царайнаасаа авч хаямаар байна” хэмээн арьсаа солиулах хагалгаанд орж байжээ.

Ах дүү Кличкогийн халз тулаанд 100 сая доллар санал болгожээ

Мэргэжлийн боксын хүнд жингийн дэлхийн аварга, 38 настай Владимир Кличко “Америкийн алдартай промоутер Дон Кинг ах бид хоёрын (Виталий Кличко) халз тулаанд 100 сая доллар санал болгосон” хэмээн мэдэгдлээ. “Виталий бид хоёрыг халз тулаан хийхгүй юм уу гэж олон удаа асууж байсан. Гэвч бид хэзээ ч хоорондоо зодолдохгүй гэж ээждээ амласан юм. Ээж минь зөвхөн ийм болзолтойгоор бид хоёрыг боксоор хичээллэхийг зөвшөөрсөн. Саяхан Кинг “Залуус аа, та нар түүхэнд орно. Би та нарыг асар баян болгохоор зэхэж байна” гэж бидэнд хэлсэн. Гэхдээ тэр тэрбум доллар хэрэг болохгүй биз. Ийм халз тулаан хийхгүй, байж болохгүй. Би Виталийг хэтэрхий их хайрладаг” хэмээн Владимир ярилаа.
Влад, Виталий хоёр залуудаа хоорондоо олон удаа спарринг хийж тулалдаж байжээ. Виталий дүүгээсээ таван насаар ах тул нас, хүчний ялгаа гардаг байсан аж. Нэгэн ийм тулаан дээр Владимир хөлөө хугалжээ. Үүнээс хойш ах дү хоёр хоорондоо зодолдохоос татгалзсан байна. Виталий Кличко 2013 онд бээлийгээ өлгөжээ. Тэрээр эдүгээ Киев хотын даргын алба хашиж байна. Дэлхийн боксын байгууллага (WBO), Дэлхийн боксын холбоо (WBA), Олон улсын боксын байгууллага (IBO), Олон улсын боксын холбоо (IBF)-ны аварга Владимир Кличко дөрөвдүгээр сарын 25-нд Нью-Йоркт америк нударгач Брайант Женнингстэй хийх тулаанд бэлтгэж байна.

Дэлхийн аялал жуулчлал 4.7 хувиар өсчээ

Дэлхийн аялал жуулчлал буцалж, амжилт арвинтай байна. 2014 онд дэлхий даяарх жуулчдын тоо 4.7 хувиар өсч нэг тэрбум 100 саяд хүрчээ. Euromonitor International фирм хамгийн их жуулчин хүлээж авсан хотуудын жагсаалтыг гаргасан байна. Хонконг 25.5 сая жуулчин (өмнөх оноос 7.6 хувиар илүү) хүлээн авч тэргүүлжээ. 2014 онд хамгийн их жуулчин хүлээн авсан хотуудыг танилцуулъя. Эхний 10 хотын зургаа нь Азийн хот байна.

1.    Хонконг. 2. Сингапур. 3. Бангкок (Taйланд). 4.Лондон. 5.Парис. 6. Maкao. 7.Нью-Йорк. 8. Шэнжэнь (Хятад). 9. Kуала Лумпур (Maлайз). 10. Aнталья (Tурк). 11. Стамбул (Tурк). 12.Дубай. 13. Сөүл (Өмнөд Солонгос). 14. Ром. 15. Пукет (Taйланд). 16. Гуанжоу (Хятад). 17. Мекка (Саудын Араб). 18. Паттайя (Taйланд). 19. Taйпей (Taйвань). 20. Майами (АНУ). 21.Прага. 22. Шанхай (Хятад). 23. Лас-Вегас (АНУ). 24. Милан. 25. Барселона. 26. Москва. 27.Aмстердам. 28. Вена. 29. Венеци. 30. Лос Анжелес (АНУ).

Б. Обама Ялалтын баярт оролцохгүй

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Агуу их ялалтын 70 жилийн ойн баярт оролцохоор Москвад ирэхгүй хэмээн Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Бен Родс мэдэгдлээ. “Ерөнхийлөгч Обама Москва явахаар төлөвлөөгүй. Ялалтын баярт манай улс төрийн тэргүүний хэмжээнд оролцохгүй” хэмээн Родс гадаадын хэвлэлд зориулсан товч мэдээлэл дээр онцлов. Нацист Германыг бут ниргэхэд Оросын гүйцэтгэсэн үүргийг АНУ гүнээ хүндэтгэдэг хэмээн Цагаан ордны төлөөлөгч өгүүлэв.
Америкийн Ерөнхийлөгчийг Ялалтын 70 жилийн ойн баярт оролцохыг Москва албан ёсоор урьсан юм. 2010 онд АНУ-ын Ерөнхийлөгчийг Ялалтын баярын 65 жилийн ойд Москвад урьсан ч тэрээр ирж чадаагүй билээ.

Netflix Кубад орж ирлээ

Америкийн интернэт телевизийн Netflix үйлчилгээ Кубын хэрэглэгчдэд хүртээмжтэй боллоо. Ийнхүү арлын иргэд кино, телевизийн хөтөлбөрийг төлбөртэйгээр хүлээн авч үзэх боломжтой болж байна. Гавана,  Вашингтон хоёр харилцаагаа сэргээснээс хоёр сарын дараа Netflix үйлчилгээ Кубад нэвтэрч байна.
Гэвч Кубад интернэтийн хурд маш удаан тул тун цөөн хэрэглэгч Netflix-ээр кино үзэх бололтой. Мөн Кубын Засгийн газар иргэдээ олон улсын банкны системд нэвтрэхийг хязгаарладаг тул төлбөртэй суваг үзэхэд хүндрэл учирдаг. Netflix нь дэлхийн 40 гаруй оронд 50 сая орчим хэрэглэгчтэй ажээ.

Британид өдөр бүр сэжигтнүүдийг баривчилж байна

Их Британийн газар нутаг дээр терроризмд сэжиглэгдсэн хүмүүс өдөр бүр саатуулагдаж байна хэмээн Лондоны цагдаагийн газрын орлогч дарга Марк Роули мэдэгдлээ. “Исламын улс” бүлгийн ухуулагч, ятгагч нарын зүгээс ирэх аюул, заналхийлэл нүдэн дээр нэмэгдэж байна хэмээн комиссарын туслах ярилаа.
Лалын аюул заналхийлэлтэй тэмцэхэд нэмэлт хөрөнгө мөнгө гаргаж өгөхийг Засгийн газраас хүссэн хэмээн Роули онцлов.

Их Британийн кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд хэт даврах үзлийг сурталчилсан интернэт сайтуудыг долоо хоногт хэдэн мянгаар нь хааж байгаа аж. Хунтайж Чарльз Британийн залуу лал шашинтнууд хэт үндсэрхэг үзэлд автаж байгаад санаа зовниж буйгаа илэрхийлжээ. 

No comments:

Post a Comment