В.Путин: Орос, Украин хоёр дайтахгүй гэж найдаж байна
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украинтай дайн
байлдаанд хүрэхгүй гэдэгт итгэлтэй байна. “Ийм аймшгийн өрнөл боломжтой гэж
бодохгүй байна. Ийм зүйлд хэзээ ч хүрэхгүй гэдэгт итгэж байна” хэмээн Кремлийн
тэргүүн “Россия-1” телевизэд зөвхөн Украины сэдвээр ярилцлага өгөхдөө онцолжээ.
Киевийн эрх баригчид зүүн өмнөд нутгийн иргэдтэй харилцаагаа сайжруулах ёстой
хэмээн Оросын лидер үзэж байна. “Украин шиг Европын ийм том орны удирдлага юуны
түрүүнд эдийн засаг, нийгмээ тогтворжуулж улс орноо хэвийн амьдралд эргэн
оруулах хэрэгтэй. Зүүн өмнөд нутагтайгаа иргэншсэн хэлбэрээр харилцаагаа
сайжруулж, Донбасст амьдарч буй хүмүүсийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хангах
ёстой” хэмээн Путин хэлжээ. Киев болон өрнөдийн улс орнууд Москваг Украины
хямралд буруутай, өдөөн хатгасан хэмээн буруутгаж байгаа ч оросууд үүнийг
няцаасаар байгаа билээ.
Эдүгээ Украины зүүн нутагт энх тайван, эвлэрлийг
тогтоохын тулд дахин “Нормандын хувилбар”-аар уулзалт хийх шаардлагагүй хэмээн
В.Путин үзэж байна. Үүний оронд Минскт хүрсэн тохиролцоогоо дагаж мөрдөхөд л
хангалттай хэмээн Кремлийн тэргүүн өгүүлэв. Үүний зэрэгцээ Францын Ерөнхийлөгч
Франсуа Олланд, Германы канцлер Ангела Меркельтэй үл итгэсэн харилцаа
хадгалагдсаар байгааг тэрээр хүлээн зөвшөөрлөө.
“Гэр бүл болгонд үнэмлэхүй итгэлцэл бий болгох хэцүү.
Олон улсын түвшинд бүр хэцүү. Гэвч үл итгэлцлийн ямар нэг үлдэгдэл байсаар байгаа
ч бид бие биедээ итгэж, нэг нэгнээ ойлгож байгаа гэж бодож байна. Юутай болсон
түншүүд маань ямар ч тохиолдолд бидний илэн далангүй, үнэн сэтгэлийг ойлгож
байгаа байх аа” хэмээн Ерөнхийлөгч онцолсон байна. Украины Ерөнхийлөгч Петр
Порошенко Крымийг эргүүлэн авна гэсэн мэдэгдлийн талаар “Энэ бол хариугаа авах
гэсэн өсөрхсөн сэтгэлийн илэрхийлэл” гэв. Өнгөрсөн оны хоёрдугаар сард Киевийн
Майдан дээр жагсагчдыг буудсан хэрэг явдлыг Москва удирдан чиглүүлсэн гэх
Украины эрх баригчдын мэдэгдлийг “Дэмий яриа” хэмээн нэрлэжээ.
“Энэ
бол шал худлаа. Үнэнээс хол зөрсөн. Хаанаас ийм яриа гардгийг бодоод ч олохгүй
юм” хэмээн тэрээр хэлсэн байна. Украины Ерөнхийлөгч П.Порошенко өнгөрсөн долоо
хоногт Оросын Ерөнхийлөгчийн зөвлөх
Владислав Сурковыг 2014 оны хоёрдугаар сард Майдан дахь жагсагчдыг буудсан
хэрэгт холбоотой хэмээн мэдэгдсэн юм. Порошенко “Тэнгэрийн зуут”-ын баатруудын
ар гэрийнхэнд төрийн шагнал гардуулах үеэр “Майдан дахь буудалтад Оросын ул мөр
байгааг Украины Ерөнхий прокурорын газар нарийвчлан тогтоолоо” хэмээн мэдэгдсэн
ажээ.

No comments:
Post a Comment