Sunday, 1 March 2015



Уругвайн шинэ Ерөнхийлөгч тангараг өргөлөө

Уругвайд Табаре Васкес Ерөнхийлөгчийн тангараг өргөжээ. Тэрээр зүүний хүчний “Өргөн фронт” эвсэл байгуулаад ийнхүү арван жилийн дараа эрх мэдэлд гарч ирж байна. Т.Васкес хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдож байна. Тэрээр 2005-2010 онд Уругвайн төрийн тэргүүнээр ажиллаж байсан юм. Ахмад улстөрч сүүлийн арван жилд улс оронд өрнөсөн шинэчлэлийг үргэлжлүүлнэ хэмээн амлав. Уругвай дахь сүүлийн таван жилийн өөрчлөлт шинэчлэлийг өвөрмөц даруухан амьдралаараа алдаршсан Ерөнхийлөгч Хосе Мухика удирдан явуулсан билээ. Албанаасаа буусан Х.Мухика хуучин машинаа унаж, даруухан ферм дээрээ ногоо тарин амьдарсаар байна.

Хонконгод 33 хүнийг баривчлав

Хонконгод эх Хятадаас ирж орон нутгийн дэлгүүрүүдээс бараа бүтээгдэхүүн худалдан авч байгаа хүмүүсийг эсэргүүцсан жагсаал болжээ. Хятадын худалдаачид Хонконгод ирж таблет, хүүхдийн хуурай сүү зэрэг түгээмэл бүтээгдэхүүнийг худалдан авч эх Хятадад аваачин дамлаж байгаа аж. Хятад иргэд Хонконг дахь дэлгүүрийн барааг “хамах” болсноор тэнд ердийн хэрэглээний барааны үнэ ихээхэн нэмэгдсэн байна. Үүнийг эсэргүүцсэн иргэд жагсаал хийж цагдаа нартай мөргөлдсөний улмаас 33 хүн баривчлагджээ.

Б.Обама домогт бейсболчид хүндэтгэл үзүүлэв

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама бейсболын лигийн анхны хар арьст тоглогч Минни Минозогийн дурсгалыг хүндэтгэжээ. Куба гаралтай Минозо спортын замналынхаа ихэнх хэсгийг Chicago White Sox клубт өнгөрөөсөн бөгөөд уржигдар 90 насандаа өөд болсон юм. Чикаго хотоос улс төрийн замналаа эхлүүлж байсан Обама домогт бейсболчийг “Тэр 1950-аад оны хамгийн чухал тоглогчийн нэг байсан. Минозо мөрөөдлөө биелүүлэхийн тулд зөвхөн хэлний бэрхшээл бус, мөн арь өнгөөр ялгаварлах үзэлтэй тулгарч байсан” хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч өгүүлсэн байна.

Донецкийн нисэх буудлыг цэвэрлэх үеэр 400 орчим цогцос олжээ


Дангаараа тусгаар тогтнолоо зарласан Донецкийн ардын бүгд найрамдах улсын босогчид хоёрдугаар сарын 20-ноос хойш Донецкийн нисэх буудлын нурангийг цэвэрлэх явцад 373 украин цэргийн цогцсыг гаргаж авчээ. Энэ тухай Донецкийн ардын бүгд найрамдах улсын батлан хамгаалах корпусын командлагч Эдуард Басурин ярилаа. Өчигдөр гэхэд л 15 цогцос илрүүлжээ. Украины талд 306 цогцсыг шилжүүлж өгөөд байгаа аж. Донецкийн ардын бүгд найрамдах улсын босогчид хэд хэдэн тосгон, суурингаас 77 дэлбэрэх төхөөрөмжийг илрүүлж аюулгүй болгосон байна. 

No comments:

Post a Comment