Андреас Лубиц илүү багтаамжтай нисэх онгоц жолоодохыг
мөрөөдөж байжээ
Францын өмнөд хэсгийн Альпийн нуруунд сүйрсэн Airbus
А-320 нисэх онгоцны хоёрдугаар нисгэгч илүү багтаамжтай онгоц жолоодохыг хүсдэг
байжээ. Тэрээр энэ тухайгаа осол болохоос гурван долоо хоногийн өмнө ажлын анд
Франк Войтонд хэлж байсан хэмээн Bild сонин мэдээлэв. Тэд Дюссельдорфоос Вена
руу нислэг хийж байхад энэ яриа болсон аж.
Войтоны хэлж буйгаар, Лубиц Airbus A-380 (853 зорчигчийн
багтаамжтай), Боинг-747 (568 зорчигчийн багтаамжтай) жолоодох хүсэлтэй
байгаагаа ярьж байжээ. “Тэр сайн нисгэгч байсан. Нисэх онгоц хэрхэн жолоодохыг
сайн мэддэг байсан” хэмээн тэрээр нэмж хэллээ. Энэ хооронд Францын мөрдөгч,
мэргэжилтнүүд осол болсон газраас Лубицийн цогцсыг олсон гэсэн мэдээ ирлээ. ДНК
шинжилгээний тусламжтайгаар түүний цогцсыг таньж мэдсэн байна. Хоёрдугаар
нисгэгч сүүлчийн мөчид ямар нэг эм бэлдмэл хэрэглэсэн эсэхийг тогтоохоор
ажиллаж байна.
Die Welt хэвлэл мэдээлж буйгаар, Дюссельдорфийн мөрдөн
шалгагчдын баг Лубицийн гэрийг нэгжих үеэр сэтгэцийн эм бэлдмэл илрүүлсэн байна.
Ахлах мөрдөгчийн хэлж буйгаар, 27 настай Андреас Лубиц сэтгэцийн өвчнөөр
шаналдаг байсан нь ийнхүү нотлогдож байгаа аж. Гэвч Germanwings авиакомпанийн
нисгэгч хар тамхи болон архи хэрэглэдэг байсан гэх нотолгоо олдоогүй юм.
New York Times сонинд бичсэнээр, Лубиц осол болохоос
хэсэг хугацааны өмнө харааны асуудлын улмаас эмчид очиж байжээ. Тэрээр энэ
асуудлаа авиакомпаниас нуудаг байсан бололтой. Мөрдөн шалгалтын дүнд, Лубицийг
сүүлчийн нислэгт гарахын өмнө эмч гуравдугаар сарын 19-26-нд ажиллаж болохгүй гэсэн
эмнэлгийн акт бичиж өгсөн нь тогтоогджээ. Г эвч нисгэгч залуу энэ актыг урж
хаяад нислэгтээ гарсан байна.
Хямд төсөр нислэг үйлддэг Германы Germanwings
авиакомпанийн Airbus A-320 нисэх онгоц гуравдугаар сарын 24-нд Барселоны хотоос
Дюссельдорф руу нисч яваад Францын өмнөд хэсэгт уул мөргөн сүйрсэн юм. Нисэх
онгоцонд явж байсан экипажийн гишүүн, зорчигч нийлсэн 150 хүн бүгд амь
үрэгджээ. Ослын шалгааныг судлах мөрдөн шалгалтын урьдчилсан дүнгээр, экипажийн
ахлагч бие засахаар бүхээгийг орхин гарсны дараа хоёрдугаар нисгэгч бүхээгийг
дотроос нь түгжиж онгоцыг огцом доошлуулан санаатайгаар уул мөргүүлсэн болохыг
тогтоогоод байна. Хар хайрцагны бичлэг үүнийг баталж байгаа юм. Нэгдүгээр
нисгэгч бүхээгийн хаалгыг онгойлгох гэж сүх хүртэл хэрэглэсэн хэмээн хэвлэлүүд
бичиж байна. Бүхээгт ганцаар үлдсэн Андреас Лубиц хаалгыг түгжиж аваад онгоцыг
доошлуулж уул мөргөх хүртлээ нислэгийг удирдах төвд ч ямар ч мэдээлэл өгөөгүй
аж. Тэрээр нисэх онгоц уул мөргөн сүйрэх хүртэл амьд сэрүүн байж, амьсгалж
байсан нь хар хайрцагын бичлэгт тод бичигдэн үлджээ. Андреас Лубиц найз
бүсгүйдээ “Хэзээ нэгэн цагт бүгд миний нэрийг дурсдаг болно” хэмээн ярьж байсан
аж.

No comments:
Post a Comment