Tuesday, 31 March 2015



Гудлак Жонатан ялагдлаа хүлээн зөвшөөрөв

Нигерийн Ерөнхийлөгч Гудлак Жонатан сонгуулийн гол өрсөлдөгч, сөрөг хүчний лидер Мухаммаду Бухари руу утас цохиж ялалтад нь баяр хүргэжээ. Генерал Бухари 1984-1985 онд цэргийн эргэлтийн дараа Нигери улсыг удирдаж байв. Гуравдугаар сарын 28-нд болсон Нигерийн Ерөнхийлөгчийн сонгуульд тэрээр 15.4 сая санал авчээ. Одоогийн Ерөнхийлөгч Г.Жонатан 13.3 сая хүний санал авсан байна. Сонгуульд 14 нэр дэвшигч өрсөлджээ.
Халаагаа өгч байгаа 57 настай Ерөнхийлөгч Гудлак Жонатан христос шашинтан бөгөөд нефть олборлолт хөгжсөн урд нутагт дэмжлэг хүлээдэг. Харин 72 настай, лал шашинтан Бухари улс орны хойд хэсэгт нэр хүндтэй ажээ.

Цаазын ялаар Хятад тэргүүлж байна

Хүний эрхийг хамгаалагч Amnesty International байгууллага цаазын ялыг хамгийн их гүйцэтгэдэг улсуудыг нэрлэжээ. Жагсаалтыг тэргүүлж байгаа Хятад улс дэлхийн бусад бүх улс орноос илүүтэй гэмт хэрэгтнүүдийг цаазалж байна. Гэвч хүний эрхийг хамгаалагчид тодорхой тоо баримт дэлгэсэнгүй. Цаазын ялаар Иран, Саудын Араб, АНУ тэргүүлж байна. 2014 онд 22 улс оронд 607 хүнийг цаазалсан нь 2013 оныхоос 22 хувь буурсан үзүүлэлт юм. Amnesty International байгууллага сүүлийн 20 жилд цаазын ял хэрэглэдэг орнууд буурсныг илтгэлдээ онцолжээ. 1995 оны байдлаар 41 орон цаазын ялтай байсан бол 2013 онд энэ тоо 22 болж цөөрчээ.

Иракийн арми Тикрик хотыг чөлөөлөв

Иракий арми АНУ тэргүүтэй олон улсын цэргийн хүчний дэмжлэгтэйгээр “Исламын улс”-ын босогчдын мэдэлд байсан Тикрит хотыг чөлөөллөө хэмээн Багдадын эрх баригчид мэдэгдэв. Иракийн арми Тикрит хот дахь засаг захиргааны ордон, эмнэлэг болон бусад гол барилга, байгууламжийг хяналтдаа аваад байна. Зарим мэдээллээр, хотод минажуулсан зам, дүүргийг аюулгүй болгох ажил үлдээд байгаа аж. Иракийн цэрэг, цагдаа болон шийт дайчид гуравдугаар сарын 2-ноос эхлэн Тикрит хотын төлөөх тулааныг эхлүүлсэн юм. Тэд эхлээд хотын ойролцоох тосгон сууринг эзэлж Тикрит хотыг бүслээд байсан. Гэвч олон хоногийн дараа олон улсын цэргийн хүчний дэмжлэгтэйгээр хотод нэвтэрч оржээ.

Тэрбумтан Гетти учир битүүгээр нас баржээ


АНУ-ын Getty Oil нефтийн компанийг үндэслэгч Пол Геттигийн өв залгамжлагч 47 настай ач хүү Эндрю Гетти Лос-Анжелес дахь гэртээ нас барсан байхыг олжээ. Бизнесмэний үхлийн шалтгаан тодорхойгүй байна. Getty Oil компанийг үндэслэгч Пол Гетти нэг хэсэг Америкийн хамгийн баян хүнд тооцогдож байв. Эндрюгийн эцэг Гордон Гетти Forbes сэтгүүлийн баячуудын жагсаалтад багтдаг. 1960-аад онд нефтийн жижиг компаниудыг нэгтгэн байгуулагдаж байсан Getty Oil компанийн хөрөнгө найман тэрбум доллараар үнэлэгдэж байна.  

No comments:

Post a Comment