Monday, 16 March 2015




“Лалын ахан дүүс”-ийн лидерт цаазын ял оноов

Египетийн шүүх “Лалын ахан дүүс” хөдөлгөөний лидер Мухаммед Бади болон түүний 13 хамсаатанд цаазын ял оноолоо. 14 хүнийг төрийн эсрэг довтлохоор төлөвлөсөн, эмх замбараагүй байдлыг өөгшүүлсэн, мөн цагдаагийн хэсэг болон сүм дуганыг шатаах гэж оролдсон хэмээн буруутгажээ.
Өнгөрсөн оны долдугаар сард Мухаммед Мурсийг улс орны Ерөнхийлөгчийн суудлаас буулгасны дараа Бади болон түүний талын 36 хүнийг олон нийтийн эмх замбараагүй байдлыг зохион байгуулсан хэмээн насаар нь хорих ял оноогоод байсан юм. М.Бади өмнө нь өөр хоёр ч хэргээр шүүхээс ялын дээд хэмжээ сонсоод байжээ. Түүнийг цагдаагийн хоёр ажилтны аминд хүрсэн, 2013 оны наймдугаар сард таван цагдаагийн аминд хүрэхэд гар бие оролцсон хэмээн буруутгасан байна. “Лалын ахан дүүс” хөдөлгөөн Тунис, Ливи, Сирид ихээхэн нөлөөтэй байдаг. Харин Египет, Саудын Арабт террорист байгууллага хэмээн тооцогдох болжээ.

Чарли Ханнэм хамгийн дур булаам

“International Business Times” британи-америкийн 34 настай жүжигчин Чарли Ханнэмийг дэлхийн хамгийн дур булаам эрээр тодруулжээ. Тэрээр секс-билэгдлийн жагсаалтад анх удаа орж буй нь энэ биш. Ханнэм 2005 онд “Elle” сэтгүүлийн дур булаам эрчүүдийн жагсаалтад багтаж байсан юм. Харин энэ удаа Жонни Депп, Брэд Питт, Жорж Клуни нарыг ардаа орхин тэргүүлсэн байна. Харамсалтай нь дэлхийн хамгийн дур булаам эрийн зүрх аль хэдийнэ эзэнтэй болжээ. Тэрээр үнэт эдлэлийн загвар зохион бүтээгч Моргана Макнелистэй амьдраад найман жил болж байна. Чарли Ханнэм саяхан нэгэн эротик кинонд тоглохоос татгалзсан ч Гай Ричигийн “Артур хаан” кинонд тоглохоор болжээ.

Тейлор Свифтийн хөл 40 саяын үнэтэй

Кантри дууны од, дэлхийн хамгийн нөлөө бүхий дуучин гэгдэж буй 25 настай Тейлор Свифт хөлийг нэгэн даатгалын компани 40 сая доллараар үнэлжээ. Концертоо амжилттай тоглохын тулд хөл хамгийн чухал гэдгийг тэрээр ойлгосон аж. Даатгалын компанийн хуульчид түүний хөлийг 40 саяаар үнэлсэн нь мань дуучныг ч гайхахад хүргэсэн байна. Тейлор хөлөө нэг сая долларын үнэ хүрнэ хэмээн тооцоолж байснаа хүлээжээ. Тавдугаар сард С.Тейлорын аялан тоглолт эхлэх бөгөөд тэрээр даатгалын компанид багагүй хураамж төлөх хэрэгтэй болжээ.
 Дэлхийн одод өөрийгээ хэрхэн үнэлүүлснийг сонирхуулъя:

Дэвид Бекхэм, хөлбөмбөгч, хөл 150 сая доллар
Жулиа Робертс, жүжигчин, шүд 45 сая
Женнифер Лопес, жүжигчин, дуучин, өгзөг 27 сая
Америка Феррера, жүжигчин, шүд 10 сая
Дэниел Крэйг, жүжигчин, бие 8,1 сая
Долли Партон, дуучин, цээж 5,7 сая
Кайли Миноуг, дуучин, өгзөг 4,5 сая
Брюс Спрингстин, хөгчимчин, хоолой 4,5 сая
Кит Ричардс, хөгжимчин, дунд хуруу 1,6 сая
Жоуи, жүжигчин, үс 1,5 сая

Б.Немцовын үхэлд чеченүүдийг буруутгаж байгааг шүүмжлэв


Сэтгүүлч Жанна Немцова эцгийнх нь үхлийн талаар гаргаж ирсэн хувилбарыг “Инээдтэй, утгагүй” хэмээн нэрлэжээ. “Мөрдөн шалгалтын хувилбар шал утгагүй санагдаж байна. Учир нь би энэ бүх жилүүдэд эцгийнхээ үйл хэргийг анхааралтай ажиглаж ирсэн. Тэр янз бүрийн шашинтай хүмүүст тун хүлээцтэй ханддаг байсан” хэмээн Немцовын охин Жанна ярьжээ. Улстөрчийн охин эцгийгээ чеченүүдэд хэрхэн хүндлэгддэг байсан тухай ярилаа. “Эцэг маань Чечень дахь дайныг зогсооход идэвхтэй оролцож байсан. Тэр Нижегородск мужийн захирагч байхдаа Хойд Кавказ дахь дайны эсрэг сая хүний гарын үсгийг цуглуулж байсан. Дайныг зогсоож чадсанд түүний багагүй гавъяа бий. Олон чечень хүн түүний талаар халуун дулаан зүйл бичдэг байсан. Эцгийн минь үхэлд шашныг холбож байгаа нь инээдтэй юм” хэмээн Жанна Немцова өгүүлэв.

No comments:

Post a Comment