Ле Пен Мадоннатай ярилцахыг зөвшөөрчээ
Францын “Үндэсний фронт” намын лидер Марин Ле Пен
Америкийн дуучин Мадоннатай уулзаж, ууж, үзэл бодлынхоо талаар ярилцахыг
зөвшөөрлөө хэмээн France-Presse агентлаг уламжлав. “Мадоннагийн саналыг
дуртайяа хүлээн авч байна. Чин сэтгэлээсээ хандаж байгаа хүнийг би үнэлдэг”
хэмээн Ле Пен хэлжээ. Америк дуучин гуравдугаар сарын 2-нд Францын Canal+
телевизэд ярилцлага өгөхдөө Ле Пентэй ууж, хүний эрхийн талаар ярилцах санал
тавьсан юм. Тэрээр улстөрчтэй дайн хийхийг хүсээгүй, үзэл бодлыг нь ойлгохыг
хүсч байна гэсэн аж. Мадонна Европ дахь нацист үзэл бодолд санаа зовниж буйгаа
илэрхийлж байсан билээ.
Поп дуучин 2012 онд Парист концерт тоглож байхдаа Ле
Пений духан дээр хас тэмдэг дүрсэлсэн видео гаргасны дараа Ле Пен болон түүний
намаас заналхийлэл, сүрдүүлэг сонсож байснаа хэлжээ. Үүний дараа “Үндэсний
фронт” нам дуучныг шүүхэд өгч, видео дээрх хас тэмдгийг асуултын тэмдгээр сольсон
юм. “Үндэсний фронт” нам 2014 оны гуравдугаар сарын сонгуульд 6.8 хувийн санал
авчээ. Европарламентын сонгуульд амжилтаа ахиулж депутатынхаа тоог 3-аас 22
болгож нэмэгдүүлсэн байна. Марин Ле Пен 2014 оны арваннэгдүгээр сард намынхаа
даргаар улиран сонгогджээ.
Хүн-аалз харшаа зарна
“Хүн-аалз” киноны гол дүр Питер Паркерийн дүрийг бүтээсэн
39 настай жүжигчин Тоби Магуайр Лос-Анжелесийн Брентвуд дахь харшаа зарахаар
шийджээ. Тэрээр 587 метр кв талбайтай, зургаан унтлагын өрөө, таван угаалгын өрөө,
дөрвөн камин зуухтай тансаг байшингаа 10.2 сая доллараар зарахаар худалдаанд тавьжээ.
1940 онд баригдсан энэ байшин хэтэрхий элэгдэлд орсон хэмээн үзэж байгаа аж.
Т.Магуайр 37 настай эхнэр Женнифер Мейер, хоёр хүүхдийн хамт усан сантай шинэ
байр хайж байна. Женнифер үнэт эдлэлийн бизнес эрхэлдэг аж. Тэрээр үнэт
эдлэлийн хэд хэдэн дэлгүүр эзэмшиж, энэ төрлийн сэтгүүл эрхлэн гаргадаг ажээ.
Ухаалаг гар утасны борлуулалтаар Apple тэргүүлэв
Apple компани ухаалаг гар утасны худалдаагаар дэлхийд
дахин тэргүүлж эхэллээ. 2014 оны дөрөвдүгээр улиралд Apple компани 74.8 ухаалаг
гар утас борлуулсныг аналитик судалгааны Gartner фирм мэдээлэв. Samsung энэ
хугацаанд 73 сая ухаалаг гар утас борлуулжээ. Ийнхүү дэлхийн ухаалаг гар утасны
зах зээлийн 20.4 хувийг Apple, 19.9 хувийг Samsung эзлэх болов.
Гуравдугаар байрыг Lenovo, Motorola компани эзэлжээ.
Өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд энэ хоёр компанийн хамтарсан борлуулалт 24.3
саяд хүрч дэлхийн зах зээлийн 6.6 хувийг эзэлж байна. Huawei 21 сая (5.7 хувь),
Xiaomi 18.5 сая (5.1 хувь) борлуулалтаар удаалав.
Харин өнгөрсөн оны дүнгээр Samsung тасархай манлайлж
байгаа аж. Тус компани 2014 онд 307.5 сая ухаалаг утас борлуулсан бол Apple-ийн
борлуулалт дөнгөж 191.4 саяд хүрч байв. Lenovo, Motorola өнгөрсөн онд 81.4,
Huawei 68, LG 57 сая ухаалаг гар утас борлуулсан байна. 2014 онд дэлхий даяар
1.2 тэрбум смартфон зарагдсан нь 2013 оны үзүүлэлтээс 28.4 хувиар их байгаа юм.
Гар утасны зах зээл дээр ухаалаг гар утас 70 хувийг эзэлж байна.
Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авахад бэлэн
Украины зүүн нутагт Минскийн гэрээ мөрдөгдөхгүй, Оросын
талыг баримтлагчид довтолгоогоо эхлүүлбэл АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон
Европын холбооны лидерүүд Оросын эсрэг хориг арга хэмжээг өргөтгөхөөр
тохиролцжээ. “Минскийн гэрээг бүрэн дагаж мөрдөнө гэдэгт Европын лидерүүд итгэж
буйгаа илэрхийлсэн. Энэ гэрээг бүрэн мөрдөх эсэсээс хориг арга хэмжээг
сулруулах, эсвэл чангатгах асуудал яригдана” хэмээн Цагаан ордны тэргүүн
ярьжээ. Оросын эсрэг хориг арга хэмжээний асуудлаар Итали, Америк, Франц, Их
Британи, Германы лидерүүд болон Европын зөвлөлийн тэргүүн нар видео хурал
хийсэн байна. Украины босогчид идэвхжсэн тохиолдолд Киевт зэвсэг нийлүүлэх боломжийг
судлах санаачилгыг АНУ-ын штабын дарга нарын нэгдсэн хорооны тэргүүн Мартин
Демпси дэвшүүлжээ.
Куба руу явж байсан зэвсэгтэй хөлөг онгоцыг саатуулжээ
Колумбын эргийн харуулынхан Куба руу ямар ч бичиг
баримтгүйгээр зэр зэвсэг, дэлбэрэх бодис ачиж явсан Хятадын далбаатай хөлөг
онгоцыг саатуулжээ. Хөлөг онгоцыг Колумбын Картахена боомтод авчирч, ахмадыг нь
баричвлаад байна. Уг хөлөг онгоцонд гурван сая ширхэг дэлбэлэгч, 100 тн дэлбэрэх
бодис, гурван мянган сум байжээ. Гэвч тэдгээрийг “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн”
хэмээн баримт бичиг бүрдүүлсэн байв. Колумбын прокурорын газар энэ хэргийг
шалгаж эхлээд байна.


No comments:
Post a Comment