Мадонна: Охин минь хар тамхи татвал татаг
Поп дуучин Мадонна ITV-д дуулиантай ярилцлага өгсний
дараа түүнийг орчин үеийн, нөгөө талаар хариуцлагагүй ээж хэмээн нэрлэх болов.
Поп дива Жонатан Россын өмнө сууж эмзэг асуултад илэн далангүй хариулт өгчээ.
Мадонна хэдэн жилийн өмнө хар тамхи татдагаа олон нийтийн өмнө хүлээн зөвшөөрч
байсан ч бусадтай адил түүнээс таашаал авдаггүй байсан аж. “Би хар тамхинд
дуртай биш ээ, надад зохихгүй юм байна лээ. Мансууруулах бодис татаж үзсэн,
тийм гоё байгаагүй. Зөвхөн хар тамхины нөлөө гарахыг хүлээж, биеэсээ гаргахын
тулд усыг зогсолтгүй уудаг байлаа” хэмээн дуучин ярьжээ.
Ж.Росс “Та хар тамхины талаар хүүхдүүддээ юу ярьдаг вэ”
хэмээн асуухад Мадонна “18 настай охиндоо сайн бодож шийдвэр гаргаарай л гэж
хэлсэн. Хар тамхи татаж үзмээр байгаа бол жаахан татаж үзэг. Архитай хольж
татаж болохгүй гэж хэлсэн. Хар тамхи битгий тат гэж түүнд хэлэхгүй, дэмий,
шударга бус хэрэг болно. Учир нь би өөрөө хар тамхи татаж явсан” хэмээн хариулсан
байна. Мадонна охиноо өөр шигээ эрх чөлөөтэй өсгөхийг хүсэв үү, хүүхдээ ингэж
хүмүүжүүлдэг юм уу хэмээн хэвлэлээр түүнийг бөмбөгдөж байна. Өнгөрсөн алдаанаасаа
охиноо сэргийлэх ёстой, хар тамхины хор хөнөөлийг охиндоо ойлгуулах ёстой
хэмээн түүнийг хүчтэй шүүмжилж байна.
Гей хүүдээ хүүхэд төрүүлж өгчээ
Их Британид 46 настай эмэгтэй Анна-Мария Кассон өөрийн
ижил хүйстэн хүү Кайлд хүүхэд төрүүлж өгчээ. Үр тогтоохдоо Кайлын үрийн шингэн
болон донорын өндгөн эсийг ашиглаж, харин Анна-Мария хэвлийгээ ашиглуулсан
байна. Эндээс мэндэлсэн Майлс хүү одоо найман сартай бөгөөд шүүх Кайлыг хүүгийн
хууль ёсны эцэг хэмээн хүлээн зөвшөөрсөн ажээ.
“Тэр биологийн хувьд надтай ямар ч холбоогүй. Тэр зүгээр
л миний ач хүү.” хэмээн Анна-Мария Кассон ярилаа. Харин ээжийнхээ хэвлийд
өөрийн хүүхдийг тээж төрүүлсэн 27 настай Кайл “Олон хүн надтай санал нийлэхгүй
байх. Би хүүтэй болсон, тун баяртай байна. Энэ нь сексийн чиг хандлага, эсвэл
хүйснээс хамаарах ёсгүй. Би хүүхдээ тэжээж чадаж байвал боллоо. Хүүхэдтэй болох
ажиллагааны зардлыг би өөрөө гаргасан, татвар төлөгчдийн мөнгө биш. Би
хүүгээсээ үнэнийг нуухгүй, цаг нь ирэхээр бүгдийг хэлэх болно” хэмээн 27 настай
Кайл өгүүлэв. Британид өөр хүний хэвлий түрээслэж хүүхэдтэй болоход 12-15
мянган паундын зардал гардаг ажээ.
Бразилд гэр бүлийн хүчирхийллийг хатуу шийтгэнэ
Бразилийн Ерөнхийлөгч Дилма Руссефф гэр бүлийн
хүчирхийллийг хатуу шийтгэх хуулийг баталжээ. Шинэ хуулиар, ахуйн хүрээнд
эмэгтэйчүүд, охидын амь насанд хүрвэл 12-30 жил хорих ялаар шийтгэхээр болжээ.
Амиа алдсан хүн нь жирэмсэн, дөнгөж төрсөн эх, эсвэл 14-өөс доош насны охин,
60-аас дээш насны эмэгтэй байвал илүү урт хугацаагаар эрх чөлөөг нь хасах юм.
Ерөнхийлөгчийн хэлж буйгаар, Бразилд гэр бүлийн хүчирхийллийн улмаас өдөр бүр
15 эмэгтэй амь насаа алдаж байна.
Чак Норрис 75 хүрлээ
Америкийн зодооны урлагийн их мастер, жүжигчин, кино
найруулагч Чак Норрис 75 нас хүрчээ.
-Тэрээр авто механикч эцэг, чероки индиан эхийн гэр бүлд
мэндэлжээ. Эцэг, эх нь салж, Чак хүүг ээж нь хойд эцэгтэй нь өсгөжээ. Хойд эцэг
нь түүнийг спорт, зодооны урлагт дуртай болгосон гэдэг. Гэр бүл нь ядуу зүдүү
байсан тул Чак багаасаа ачигчийн ажил хийх болжээ.
-Чак Норрис 1959 онд гэрлэсэн хойноо цэргийн албанд
морджээ. Нэг ангийн охин Диана Холечектэй 30 жил ханилаад салжээ. Дараа нь Чак
залуу загвар зохион бүтээгч Моника Холлтой гэрлэв.
-Чак Норрис цэрэгт байхдаа жүдо, тансудо сонирхож хар
бүстэй болжээ. Хожим нь тэрээр каратэгийн долоон удаагийн дэлхийн аварга болж,
зодооны урлагийн 32 сургууль нээсэн байна. Мөн капоэйра, таэквондо, шито-рю
зэрэг зодооны урлагаар хичээллэж амжилтад хүрчээ. Татами дээр гаргасан өндөр амжилтаараа
дэлгэцийн урлаг руу шилжив. Кинонд тоглоод эхэндээ 10 мянган доллар авч байсан
бол нэр алдар нь огцом өсч арван жилийн дараа нэг киноноос сая долларын шагнал
авдаг болов.
-Чак Норрис Техас мужийн тусгаар тогтнолын төлөө байдаг.
Мөн ижил хүйстний гэрлэлтийг дэмжиж, хүүхдүүдээ өөрийн жишээгээр хүмүүжүүлж,
телевиз, казинод хөрөнгө оруулж, сэтгүүл эрхлэн гаргадаг. Тэрээр долоон ном
бичиж хэвлүүлжээ.
Аргентинд нисдэг тэргүүд мөргөлджээ
Аргентины
Ла Риоха мужид хоёр нисдэг тэрэг мөргөлдөн сүйрчээ. Францын TF1 телевизийн “Dropped”
хэмээх хүнд хэцүү нөхцөл байдалд тэсч үлдэх ёстой реалити-шоуны зураг авалтын
үеэр энэ осол болсон байна. Ослын улмаас Францын найм, Аргентины хоёр иргэн амь
насаа алдлаа. Нисдэг тэргэнд реалити-шоуны оролцогчид, зураг авалтын багийнхан
явж байжээ. Хоёр нисдэг тэргэнд явж байсан бүх хүн амь үрэгджээ.



No comments:
Post a Comment