Monday, 16 March 2015



Сергей Аксенов: Крым хэзээ ч Украинд буцаж очихгүй

Крымийн Ерөнхий сайд Сергей Аксенов ВВС-д ярилцлага өгөхдөө нэг жилийн өмнө Орост нэгдсэн Крым Украинд хэзээ ч буцаж очихгүй хэмээн ярьжээ. Крым Оросын бүрэлдэхүүнд орсон нь түүхэн эх оронтойгоо эргэн нэгдсэн явдал хэмээн тэрээр үзэж байна.

-Крым хэзээ нэгэн цагт дахин Украины нэг хэсэг болох болов уу?

-Крым хэзээ ч Украинд буцаж очихгүй. Шийдвэр эцэслэж гарсан, энэ чигээрээ үлдэх болно. Крым түүхэн эх орондоо буцаж очсон, одоо бид эндээс хаашаа ч явахгүй.

-Нэг улс нөгөө улсынхаа таалагдсан хэсгийг зүгээр л булаагаад авч байгааг дэлхийн нийт хууль бус хэмээн үзэж байна. Ийм л зүйл болсон биз дээ, үгүй гэж үү?

-Үнэн хэрэгтээ хэн ч юу ч аваагүй. Энэ бол крымчүүдийн сонголт байсан. Энэ тохиолдолд орон нутгийн иргэдийн хүсэл зориггүйгээр юу ч болохгүй байсан. Тийм учраас тэнд ямар ч түрэмгийлэл болоогүй, харин ардчилсан хүсэл зориг л илэрсэн юм. Өрнөдийн удирдагчид, хүмүүс үүн дээр л төөрөлдөөд байна. Санаачилга Крымийн талаас гарч ирсэн. Киевт болж байсан үйл явдлыг бид анхааралтай ажиглаж байсан. Тэр нөхцөл байдал л биднийг ийм алхам руу түлхсэн. Магадгүй эрс алхам байж болно, гэвч хамгийн зөв, шударга шийдвэр байсан.

-Ерөнхийлөгч В.Путин Крымийг нэгтгэхийг урьдаас төлөвлөж байснаа хэлсэн. Энэ төрийн эргэлт биш гэж үү?

-Януковичийн амь нас аюулд орж Киевээс зугтсаны дараа л тэр төлөвлөгөө гарч ирсэн юм. Мэдээж Оросын Ерөнхийлөгч ямар алхам хийхээ шийдэх хэрэгтэй болсон, Крымийн хүн амыг хамгаалах уу, тэдэнд үзэл бодлоо хууль ёсоор илэрхийлэх боломж олгох уу, эсвэл бүгдийг зөнд нь хаяж Киевийн үндсэрхэг үзэлтнүүдийн гарт үлдээх үү. Тэр үед Ерөнхийлөгч хамгийн зөв шийдвэр гаргасан гэж би боддог. Зэвсэгт аргаар эрх мэдэлд гарч, үндсэрхэг, фашист үзэл бодлыг дэвэргэж байсан хүмүүст эх орон нэгтнүүдээ өгчихнэ гэдэг байж боломгүй. Дэлхийн ямар ч эрүүл саруул удирдагч ингэх байсан биз.

-Крымийн татар, украин иргэдтэй уулзахад өөрсдийн ирээдүйд санаа зовниж буйгаар илэрхийлж байна. Нэг хүн Украины шар-цэнхэр далбааг авч явсныхаа төлөө шүүхэд дуудагдсан гэж байна...?

-Крымийн татар, украинууд санаа зовних ямар ч үндэслэл байхгүй. Бүгд найрамдах улс дахь нөхцөл байдлыг бусниулах гэсэн, хүмүүсийг хооронд нь мөргөлдүүлэх гэсэн хүмүүсийн л санаа зовж байгаа биз.

-Крымийн эдийн засагт хүндрэл учирч байна. Бизнесмэнүүд урьдын адил бизнесээ хийгээд, ашгаа олж байхын тулд та нар юу хийх вэ?


-Бизнесмэнүүдийн хувьд үйл ажиллагааг нь дэмжих олон хөтөлбөрийг эрх баригчдын зүгээс хэрэгжүүлж байна. Эдийн засгийн онцгой бүсийн тухай хууль батлагдчихлаа. Оруулсан хөрөнгө, чиглэлийг нь харгалзаж татварын хөнгөлөлт эдлүүлэх журмыг баталлаа. Миний бодлоор, Украинд байсан үеийнхээс илүү сайжраад байна. Багш, сурган хүмүүжүүлэгч, эрүүл мэндийн ажилтан, цэргийн албан хаагч, төсвийн ажилтнуудын цалин бараг хоёр дахин нэмэгдсэн. Бусад ажил мэргэжлийн цалин ч нэмэгдсэн. Өнөөдөр бид үнэгүй эм тариагаар хангагдаж байна. Украинд ийм байгаагүй. Бүх чиглэлд нааштай өөрчлөлт гарч байна. 

No comments:

Post a Comment