В.Путин хаана байсан бэ?
Өнгөрсөн өдрүүдэд Оросын Ерөнхийлөгчийн талаар бараг
бүгдийг ярив бололтой. Тэр ханиад хүрсэн, түрүү булчирхайн хавдартай болсон,
нуруу нь гэмтсэн гэж байв. Мөн Крымийн хойгийг нэгтгэж, Украины зүүн нутаг руу
цэрэг илгээх шийдвэртэй холбоотойгоор сэтгэл санааны хямралд орсон гэж байсан
юм. Кремлийн тэргүүний эрүүл мэндтэй холбоотой хамгийн үнэнд ойр байж болох хувилбар
нь нурууныхаа үеийг эмчлүүлсэн гэх яриа байлаа. Хэд хоногийн өмнө Москвад ирж
Путинийг үзсэн австри эмч нурууны үеэ эмчлүүлэхийг зөвлөсөн аж.
Зарим мэдээллээр, Орост төрийн эргэлт болсон,
хуйвалдагчид Путинийг нийслэл хотын ямар нэг газар хорьж саатуулж байна гэж
байлаа. Нийгмийн сүлжээгээр хамгийн их түгсэн хувилбараар, Кремлийн тэргүүн
хонгор хайрт Алина Кабаева руугаа Швейцарь руу ниссэн ажээ. Экс гимнастикч Кабаева
Оросын лидертэй романс үүсгэснээсээ хойш хоёр дахь хүүхдийг нь төрүүлсэн хэмээн
шуугиж байсан юм.
Энэ мэтээр олон шуугиан дэгдсэний дараа Ерөнхийлөгчийн
хэвлэлийн албаны дарга олны өмнө гарч ирсэн ч Путинийг хаана байсан талаар
ярихаас татгалзжээ. “Путин ер нь өвдөж, хавддаггүй хүн. Тэр хамгийн сүүлд 2012
оны намар спортын хөнгөн гэмтэл л авч байсан” хэмээн Дмитрий Песков ярьсан
байна.
Владимир Путин өмнөх Ерөнхийлөгч Борис Ельцинийг бодвол
төмөр мэт эрүүл мэндээрээ гайхуулдаг нэгэн билээ. Архи уухгүй, тамхи татахгүй,
жүдогийн хар бүстэй, морь унана, усанд шумбана, мөсөн дээр хоккей тоглоно, өөр
олон спортоор хичээллэнэ. Хүчтэй, зоригтой эр хүнээр өөрийгөө харуулах нь
түүний дүр төрхийн стратегийн нэг хэсэг юм. Эрүүл мэнд нь түүнийг зовоохгүй бол
зөвлөлтийн экс тагнуулч дор хаяж 2024 он хүртэл эрх мэдэлд байсаар байх ажээ.

No comments:
Post a Comment