Germanwings-ийн сүүлчийн мөчийг харуулсан бичлэг олджээ
Долоо хоногийн өмнө Альпийн нуруунд осолдсон Germanwings
авиакомпанийн онгоцны үлдэгдлээс сүйрлийн өмнөх мөчийг харуулсан бичлэгийг олж
авсан тухай Францын “Paris
Match” сэтгүүл, Германы “Bild” сонин мэдээлэв. Нисэх онгоц гуравдугаар сарын 24-нд уул мөргөн сүйрэхээс
өмнө зорчигчид хэрхэн сандарч, хашгиралдаж байгаа нь уг бичлэг дээр харагдаж
байгаа аж.
Онгоцны ослыг мөрдөн шалгах ажиллагаанд оролцож буй нэг хүн
гар утсаар бичсэн уг видеог олж авсан байна. Энэ бичлэгийг үзсэн мөрдөн
шалгагчид Germanwings-ийн нислэгийн сүүлчийн мөчүүдийн талаар хэвлэлд ярьсан
бололтой. Германы хэвлэлд бичиж буйгаар, аюулд орсноо мэдсэн зорчигчид “Бурхан
минь” хэмээн олон хэлээр хашгиралдаж сандарч байгаа нь бичлэг дээрээс харагдаж
байгаа ажээ.
Энэ бичлэгийг онгоцны арын суудлаас хийсэн байна. Гэвч
зорчигч хийсэн үү, нисэх багийн гишүүн хийсэн үү гэдэг нь мэдэгдэхгүй байгаа
аж. Нисэх онгоц аюулд орж, бүгд айж сандарсан байсан тул бичлэг тун их
хөдөлгөөнтэй хийгджээ. Бичлэг дээр харагдаж буй хүмүүсийг ч таних аргагүй
байгаа аж. Агаарын хөлгийн нэгдүгээр нисгэгч бүхээгний хаалгыг ямар нэг хүнд
зүйлээр онгойлгох гэж оролдож байгааг зорчигчид харсан хэмээн “Paris Match”-д бичжээ.
Нисэх онгоц уул мөргөсний дараа бичлэг хийж байсан гар утас
унаж, хүчтэй сэгсрэлт болсны дараа зорчигчид хашгирах нь дахин сонсогдсоноор уг
бичлэг дуусчээ. Энэхүү видео хэрхэн бичигдсэн нь тодорхойгүй байна. Хэдийгээр
бичлэг хийсэн гар утас эвдэрч дэлбэрсэн ч сим картны мэдээллийг нь сэргээж
болдог хэмээн гар утасны мэргэжилтэн Германы хэвлэлд ярьжээ.
Germanwings авиакомпанийн А320 онгоцны зорчигчдын цогцос,
үлдэгдлийг олж авчрах ажил дууслаа хэмээн Францын цагдаагийн газраас мэдэгдэв. “Бүх
цогцсыг олж авчирсан. Одоо эрэл хайгуулын ажиллагаа зорчигчдын хувийн эд зүйлс
болон нисэх онгоцны хоёр дахь хар хайрцгийг олж илрүүлэхэд төвлөрнө” хэмээн
цагдаагийн хурандаа Виаленк хэллээ. Германы Гадаад хэргийн яамнаас мэдэгдэж
буйгаар, хямд нислэг үйлддэг Germanwings авиакомпанийн
Airbus320 онгоцонд Германы 75, Испанийн 52, Аргентин, АНУ-ын тус бүр гурав, мөн 12 үндэстний 17
зорчигч явж байсан ажээ.

No comments:
Post a Comment