Роналдо Иринагаас хойш мууджээ
Португалын шигшээ болон Испанийн Реал Мадрид клубын
тоглогч Криштиано Роналдо 2014 оны “Алтан бөмбөг” хүртсэн ч 2015 онд од
хийморьгүй байна. Реал Мадрид Ла Лига-д тэргүүллээ алдаж заналт өрсөлдөгч
Барсагаас дөрвөн оноогоор хоцорчээ. Роналдогийн уналт найз бүсгүй Ирина Шейкээс
салсантай холбоотой хэмээн спортын сэтгэл зүйч Эва Молеха ярьж байна. Роналдо
орос бүсгүй Ирина Шейктэй таван жил ханилсны эцэст өнгөрсөн нэгдүгээр сард
салсан билээ.
“Роналдо найз бүсгүйгээсээ салснаас хойш тоглолтдоо
төвлөрч чадахаа больсон. Хэн нэгэнд итгэхээ больж, өдөр тутмын амьдралын хэмнэл
алдагдахаар томоохон тамирчдын сэтгэл зүй, спортын амжилтад илт нөлөөлдөг”
хэмээн Молеха өгүүлэв. Испанийн клуб ч португал довтлогчийг илт муудахаас нь
өөр багт багагүй үнээр зарах сонирхолтой байгаа ажээ.
Манчестер Юнайтед Гарет Бейлийг сонирхож байна
Английн
Премьер лигийн Манчестер Юнайтед клуб шинэ од тоглогчийн эрэлд гарчээ. Луи ван
Гаалын баг хүснэгтийг тэргүүлэгч Челсигээс 11 оноо дутуу яваа тул энэ улиралд
түрүүлэх найдвараа алдаад байгаа. Харин дараа улиралд аваргын төлөө өрсөлдөхийн
тулд тэд Реал Мадридын уэльс тоглогч Гарет Бейлийг онилоод байна. Мөн Криштиано
Роналдог эргүүлэн авах боломжийг судалж байгаа ажээ. Манчестер Юнайтедийн ивээн тэтгэгч Adidas
болон Chevrolet компани шинэ наймаанд 100 сая евро гаргахад бэлэн байгаа юм.
Английн клуб 25 настай уэльс залууг 30 настай португал залуугаас илүү үзэж
байна. МЮ-д олон жил тоглосон Пол Скоулз “Бейл Манчестер Юнайтедэд сайн
тохирно. Манчестерт түүнийг хайрлах болно. Манай баг түүнийг авбал Премьер
лигийн аваргын төлөө өрсөлдөх нь тодорхой” хэмээн ярьжээ. Сүүлийн үед Реал
Мадридад олигтой тоглохгүй ихээхэн шүүмжлэлд өртөж байгаа Бейл Англи руу буцах
талаар бодох болсон тухай хэвлэлд бичиж байна. Тэрээр Английн Тоттенхэм клубээс
Испанид ирж байсан билээ.
No comments:
Post a Comment