Monday, 9 March 2015



“Исламын улс”-ын цаазлагч илчлэгдэв

“Исламын улс” террорист бүлгийн видео бичлэг дээр барьцааны хүмүүсийг сөхрүүлэн суулгаж, өрнөдийн улс орнуудыг заналхийлсэн мэдэгдэл хийсний дараа барьцааны хүний толгойг тасддаг Жихади Жон зандалчны нүүр царай илчлэгдэж, хэн болох нь тогтоогджээ.
Жихади Жон буюу Мохаммед Эмвазийн эцэг нь 1994 онд гэр бүлээрээ Британид шилжиж ирэхээсээ өмнө Кувейтэд цагдаагийн албан хаагч байжээ. Эдүгээ 27 настай Эмвази нь Осама бин Ладений Британи дахь The London Boys хэмээх өрнөдөд харгислал үйлдэх зорилготой нууц бүлгэмийн гишүүн байсан аж. Тэрээр Белгравиагийн чинээлэг иргэдэд гар буу тулган дээрэмддэг гудамжны бүлэгтэй орооцолдож явсан байна. Эмвази 2009 онд Танзаниас Иоханнесбург руу паспортгүйгээр нисэх онгоцонд нэвтрэх гэж байгаад баривчлагдаж байв.
Тэрээр дөрвөн жилийн өмнө Лондонд амьдарч байхдаа лалын хэт үндсэрхэг үзлийнхээ улмаас цагдаа, тусгай албаны байнгын хяналт мөрдлөгөд өртөж, үүндээ гутран амиа хорлох дээрээ тулж байсан тухайгаа өгүүлжээ. “Би өөрийгөө амьд үхдэл хэмээн мэдэрч байсан. Нойрны эм ууж амиа хорлохыг хүсдэг байсан” хэмээн Жихади Жон ярьжээ. Британийн MI5 нууц алба Эмвазийн хэт даврагч үзэл санааг 2009 оноос олж мэдэх болсон юм. Түүнийг баривчлах ёстой байсан ч Эмвази Лондоноос зугтаж Сирид байлдахаар очжээ. Тэрээр “Исламын улс” бүлгийн эгнээнд Жихади Жон хэмээх барьцааны хүмүүсийн толгойг тасддаг зандалчны нэрээр алдаршжээ.
Мохаммед Эмвази саяхан эцэг эхээсээ уучлалт гуйжээ. “Исламын улс”-ын яргачны дүрээр илчлэгдэж, гэр бүл, эцэг эхээ шившигт хутгасныхаа төлөө уучлал гуйсан байна. Харин тэрээр барьцааны хүмүүсийг балмадаар цаазалдагтаа харамсаж, нүглээ наманчлахаас татгалзжээ. 26 настай “Исламын улс”-ын цаазлагч өрнөдийн хэдэн барьцааны хүний толгойг тасдсаны дотор Британийн хоёр иргэн байсан билээ.

No comments:

Post a Comment