Wednesday, 25 March 2015



“Орос байгаагүй бол Крым цусанд живэх байсан”

“Оросын офицерууд” байгууллагын гишүүн, чөлөөнд гарсан хошууч-генерал Андрей Молчанов “Правда”-д ярьж байна.

-Андрей Алексеевич, Крымийг нэгтгэсний нэг жилийн ой болж байна. Энэ үйл явдал Оросын төдийгүй дэлхийн түүхэнд шинэ хуудас нээж, дэлхий дээрх хүчний хуваарилалтыг эрс өөрчилсөн. Америк, ТТГ, НАТО үүнд их гомдоллодог...?

-Тийм ээ, энэ бол манай улс төрийн удирдлага, тусгай албадын гайхалтай ялалт. Энэ үйл явдлаас өмнө бид өөрсдийн хуучин газар нутаг дээрээ Хар тэнгисийн флотыг байлгахын тулд асар их түрээсийн мөнгө төлдөг байлаа. Одоо бид тэнд жинхэнэ Хар тэнгисийн флоттой болсон. Батлан хамгаалах хүчирхэг хязгаар, түшиц газар бий боллоо. Орост ч, өрнөдөд ч өөрийн гэсэн ашиг сонирхол бий. Эдгээр ашиг сонирхол мөргөлдөж, сөргөлдөж байдаг нь ойлгомжтой зүйл. Харин Крым нь энэ үйл явцыг сааруулагч, тусгаарлагч болж өгсөн юм. Хэрвээ бид Крымийг Оросын бүрэлдэхүүнд аваагүй бол тэнд гал дүрэлзэж, асар их цус асгарах байсан.

-Саяхан дэлхий нийт манай Ерөнхийлөгчийг алга болчихлоо гэж их шуугилаа...?

-Ерөнхийлөгч бол шоучин биш. Ямар нэг чухал шийдвэрийг ард түмэндээ дуулгахын тулд тэр гарч ирэх ёстой. Телевизээр тасралтгүй чалчихын тулд Ерөнхийлөгч болдог юм биш л дээ. Долоо хоног олон нийтийн өмнө харагдаагүй нь тийм онцгой явдал уу?

-АНУ-ын лидер Обама ухаалаг утас хэрэглэдэггүй, ер нь дуу хураагууртай төхөөрөмж хэрэглэдэггүй гэдгээ хэлж байна. Энэ их аюултай гэнэ. Эсвэл тэр тийм их сэжигч хүн үү?

-Үгүй. Тэр мэдээж зөв зүйл хийж байна. Тиймэрхүү техник хэрэгсэл дамжуулагчийн үүргийг гайхалтай гүйцэтгэдэг. Чагнах тагнах үзэгдэл маш өргөн хүрээтэй тархаж байна шүү дээ. Путин ч ямар нэг гар утас барьдаггүй гэдэгт би итгэлтэй байна.

-Хамгийн энгийн, хямдхан утас ч барьж болохгүй гэж үү?

-Тэглээ гээд ч таныг аврахгүй. Бүр хамгийн энгийн гар утас ч гэсэн унтраатай үедээ ч таны мэдээллийг дамжуулж байж болно. Ердийн хүн бол хамаагүй л дээ. Харин улстөрчид болгоомжтой хандах хэрэгтэй.

-Сноуден, Ассанж гээд нууц мэдээллийг задруулах нь их боллоо. Тийм их мэдээллийг хаана цуглуулж хадгалдаг байна аа. Энгийн хүмүүс бол үүнийг нэг их анхаарахгүй байх...?

-АНУ-д Үндэсний аюулгүй байдлын агентлаг болон бусад тусгай албад бий. Мэдээлэл цуглуулах нь тэдний ажил. Улстөрчдийг, өөр олон хүнийг чагнаж, тагнасан мэдээллээ ангилж ялгаж байдаг. Тэдгээр мэдээлэлд анализ, таамаг дэвшүүлж, хэрэгтэй газар руу нь явуулж байдаг мэргэшсэн маш олон ажилтан байдаг.  Дэлхий даяар ийм ажил хэнээс хамааралгүй хийгдсээр байдаг юм. Хэдэн арван Сноуден гарч ирсэн ч энэ ажил үргэлжилнэ. Ямар ч орны тагнуулын албад бүх л ичгүүр сонжуургүй аргыг хэрэглэж тагнуул явуулдаг. Тагнах, чагнах арга барил улам боловсронгуй, мэргэжлийн болсоор байна.

-Хиллари Клинтон төрийн захидлыг хувийн цахим шуудангаараа явуулж байсан нь төрд ихээхэн хохирол учруулсан хэрэг хэмээн Б.Обама хэлсэн. Гэтэл түүнийг дараагийн Ерөнхийлөгч болно хэмээн зүтгүүлж байх юм...?

-Эмэгтэй хүний гэнэн зан л даа. Тэрээр өмнө нь засаг захиргаанд тэгж нягт ажиллаж байгаагүй. Хиллари дараагийн Ерөнхийлөгч болж болно. Үүнийг аль эртнээс төлөвлөсөн. Тэр бол тун нухацтай, хүчтэй нэр дэвшигч. Түүнд юу хийх, хийхгүйг нь зөвлөдөг. Хилларид маш туршлагатай зөвлөхүүд ажиллах болно. Америкт Ерөнхийлөгч нь юуны түрүүнд олон тэмцээнд түрүүлсэн аварга байх ёстой. Ерөнхийлөгч бүхнийг шийддэггүй, цаад сүүдэрт нь олон хүн зогсож байдаг. 

Зургийн тайлбар: Севастополь дахь Хар тэнгисийн флот

No comments:

Post a Comment