Sunday, 29 March 2015



Сахлаа ургуулсан хэмээн шийтгэжээ

Хятадын шүүх Шинжаан-Уйгурын Кашгар хотын 38 настай иргэнийг сахлаа ургуулсан хэмээн зургаан жилийн хорих ялаар шийтгэжээ. Мөн түүний эхнэрийг олон нийтийн газар гивлүүртэй хувцас өмссөн хэмээн хоёр жилийн ялаар шийтгэсэн байна. Хосыг “Дайсагнасан өдөөн хатгалга” хэмээх зүйл ангиар буруутгажээ.
Лал уйгуруудын бүлэглэл үйл ажиллагаа явуулдаг Шинжаан-Уйгурын бүс нутагт терроризмтэй тэмцэх зорилгоор эмэгтэйчүүдийг нүүрээ халхалсан хувцас өмсөхийг хориглосон хуулийг саяхан баталсан юм. Гивлүүрийг бүс нутгийн нийслэл Урумч хотод хоригложээ. Мөн эрчүүд сахлаа ургуулах нь хэт даврах үзэлтэй холбоотой хэмээн үзэх болсон байна. Хятадын баруун өмнөд хэсэгт байдаг энэхүү автономит бүс нутагт уйгур үндэстэн давамгай байдаг. Уйгуруудын хэт даврагч бүлгүүд Шинжааны тусгаар тогтнолыг шаарддаг ажээ.

Арабын орнуудын нэгдсэн арми 40 мянган цэрэгтэй

Египетийн Шарм-эль-Шейхт хуралдсан Арабын орнуудын нэгдлийн дээд хэмжээний уулзалтаар Йемен дахь цэргийн ажиллагааг ялалтад хүртэл нь үргэлжлүүлэх арабын нэгдсэн зэвсэгт хүчнийг байгуулах шийдвэр гаргажээ. “Йемен улс ангалын ирмэг дээр ирж, хууль ёсны эрх мэдлийг сэргээж, хямралыг зохицуулахын тулд арабын орнууд болон олон улсын зүгээс үр дүнтэй арга хэмжээ авах хэрэгтэй боллоо” хэмээн Арабын орнуудын нэгдлийн ерөнхий нарийн бичгийн дарга Набиль аль-Араби мэдэгдлээ.
Арабын нэгдсэн зэвсэгт хүчин 40 мянган цэргээс бүрдэх бөгөөд байлдааны нисэх онгоц, хөлөг онгоц, хуягт техник хэрэгслээр дэмжүүлнэ хэмээн Египетийн батлан хамгаалахын төлөөлөгч онцолжээ. Ерөнхий командлалын штаб Каир, эсвэл Эр-Риядад төвлөрөх бололтой. Арабын орнуудын Гадаад хэргийн сайд нар гуравдугаар сарын 26-нд цэргийн хурдан довтолгоо хийх замаар аюул заналхийллийн эсрэг тэмцэх зорилгоор холбоотны арми байгуулах тогтоолын төслийг баталсан юм. Саудын Араб болон Персийн булангийн бусад орон оролцсон цэргийн эвсэл Йемений Ерөнхийлөгч Мансур Хадигийн хүсэлтээр Йемен дахь хусит босогчдын эсрэг цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн билээ. Холбоотны хүчин Йемений нийслэл Сана хот дахь нисэх буудал болон босогчдын байрлалыг бөмбөгдсөөр байна. Йемений ихэнх газар нутгийг хяналтдаа аваад байгаа хусит босогчдын эсрэг цэргийн ажиллагаанд Саудын Араб, Египет, Иордан, Судан зэрэг орон оролцож байна.
2015 оны нэгдүгээр сард Йемен дахь хусит босогчид Ерөнхийлөгчийн ордон болон Засгийн газрын бусад барилга байгууламжийг эзэлсний дараа Йемений Ерөнхийлөгч Мансур Хади огцорсон юм. М.Хади тэр цагаас хойш гэрийн хорионд байсан ч дараа нь Аден хот руу зугтан гарч “Намайг огцруулсан нь хууль бус” хэмээн мэдэгдэж өөрийн талынхныг цуглуулж эхэлсэн аж. Гэвч түүний цэрэг анхны тулаандаа ялагджээ.

Папуа-Шинэ Гвинейд газар хөдөлжээ

Өчигдөр Папуа-Шинэ Гвинейд 7.7 магнитудын маш хүчтэй газар хөдлөлт боллоо хэмээн France-Presse агентлаг АНУ-ын Геологийн албаны мэдээллээс иш татан дамжуулав. Газар хөдлөлтийн төв Рабаул хотын ойролцоо далайн гүний 22 км-т болжээ. Чичирхийлэл судлаачдын таамаглаж буйгаар, газар доорх түлхэлтийн улмаас бүс нутагт аймшигтай цунами үүсч магадгүй байна. Хоёр долоо хоногийн өмнө Папуа-Шинэ Гвинейд 6.3 магнитудын хүчтэй газар хөдөлсөн билээ.

Их Британид сонгуулийн кампани эхлэв

Их Британид гуравдугаар сарын 30-нд сонгуулийн өмнөх кампанит ажил эхэллээ. Бүх нийтийн сонгууль тавдугаар сарын 7-нд болох юм. Ерөнхий сайдын суудалд өнөөгийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон, сөрөг хүчний Лейборист намын лидер Эд Милибэнд нар хүчтэй өрсөлдөж байна. Найжел Фараж тэргүүтэй Тусгаар тогтнолын намын нэр хүнд хурдацтай өсч байгааг шинжээч, тоймчид тэмдэглэж байна. Тэрээр Лондоныг Европын холбооноос хамааралгүй байлгах ёстой гэсэн асуудлыг хөндөж байгаа юм.

No comments:

Post a Comment