Афганистанд америк цэргүүд үлдэнэ
2015 оны эцсээр Афганистанд АНУ-ын есөн мянга 800 цэрэг
үлдэнэ хэмээн Цагаан ордноос мэдэгдлээ. Америк цэргүүдийн тоог уян хатан
байдлаар цөөлөх шийдвэрийг Афганы эрх баригчдын хүсэлтээр гаргасан бөгөөд
нарийн графикийг 2015 оны эцсээр боловсруулна хэмээн Вашингтон, Кабулын
хамтарсан мэдэгдэлд онцолсон байна. Вашингтон 2016 оны эцэс хүртэл Афганистанд
цэргээ үлдээж Кабул дахь Элчин сайдын яамаа хамгаалах бодолтой байгаа аж. 2001
онд талибуудын дэглэмийг унагаснаас хойш АНУ-ын цэрэг Афганистанд байрлаж байгаа юм.
Осолдсон онгоцны
хар хайрцгийг олжээ
Францын өмнөд хэсгийн Альпийн нуруунд сүйрсэн Germanwings
авиакомпанийн Airbus A320 нисэх онгоцны хар хайрцгуудаас нэгийг нь оллоо хэмээн
Францын Дотоод хэргийн сайд Бернар Казнев мэдэгдлээ. Эрэл хайгуулын ажиллагаанд
арван нисдэг тэрэг болон цэргийн нисэх онгоц оролцож байгаа аж. Өчигдрийн
байдлаар сүйрсэн нисэх онгоцны жижиг сэгүүд болон хэд хэдэн зорчигчдын цогцсыг
илрүүлсэн байна. Уг онгоцонд нисэх багийн зургаан гишүүний хамтаар 144 зорчигч явж
байсан юм. Амьд хүн үлдсэн гэх найдвар бараг байхгүй хэмээн албаны хүмүүс
мэдээлж байна.
Барселона хотоос Германы Дюссельдорф руу нисч явсан
онгоцонд Испанийн 45 иргэн байсан бол, ихэнх нь Мальорка арал дээр амраад буцаж
явсан герман жуулчид байжээ. Тэдний дотор хоёр багштайгаа явж байсан 16 сурагч
байгаа аж. Germanwings нь хямд үнээр үйлчилдэг Германы Lufthansa авиакомпанийн охин компани юм.
Лалын дайчид Идлиб хот руу давшиж эхлэв
Лалын дайчид Сирийн Идлиб хот руу давшиж эхэлснээ
зарлалаа. 100 мянган хүн амтай энэ хот одоогоор Сирийн армийн хяналтад байгаа
юм. Идлиб хотын давшилтад “Аль-Кайда”-гийн бүрэлдэхүүнд багтдаг “Ахрар аш-Шам” болон
“Жебхат ан-Нусра” жихад бүлгийн дайчид оролцож байна. “Ройтерс” агентлаг
мэдээлж буйгаар, лалын босогчид хотод ойрхон ирээд байгаа аж. “Жебхат ан-Нусра”
бүлэг нь Сири, Иракт хүчээ аваад байгаа “Исламын
улс” бүлэгт үнэнч гэдгээ батлан илэрхийлсэн ажээ.
Б.Обама Палестин улсыг байгуулахыг дэмжлээ
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Израилийн бүс нутагт
тогтвортой байдлыг бий болгох цорын ганц зам нь Палестин улсыг байгуулах хэмээн
үзэж байна. “Палестин улсыг байгуулах нь бүс нутагт энх тайвныг бий болгох
шилдэг зам хэмээн АНУ үзэж байна. Гэвч Израилийн Ерөнхий сайд Беньямин
Нетаньяху энэ талаар өөр байр суурьтай байна” хэмээн Обама ярьжээ. Цагаан ордны
эзэн хэд хоногийн өмнө Huffington Post сонинд ярилцлага өгөхдөө, Б.Нетаньяху
Палестин улсыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байгаа нь Израиль-Палестины
хямралыг шийдвэрлэхэд хүндрэл учруулж байна хэмээн мэдэгдэж байсан юм.
Жирэмсэн бүсгүй хүүхдээ худалдаанд тавьжээ


No comments:
Post a Comment