Оросын эсрэг хоригийг сулруулах нөхцөлийг нэрлэжээ
Москвагийн эрх баригчид Минскийн тохиролцоог биелүүлэхээс
нааш ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг сулруулахгүй хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч
Барак Обама, Германы канцлер Ангела Меркель нар утсаар ярилцсаны дараа Цагаан
ордны хэвлэлийн албанаас мэдэгдлээ. “Хоёр улсын лидер Украины хямралыг энхийн,
шударга замаар шийдвэрлэхийн тулд Минскийн тохиролцоог бүрэн дагаж мөрдөх ёстой
гэдэг дээр санал нийлсэн. Оросын тал Минскийн тохиолцоогоор хүлээсэн үүргээ
биелүүлэхээс нааш Оросын эсрэг хориг арга хэмжээг сулруулахгүй гэдгийг хоёр
лидер дахин баталсан” хэмээн мэдэгдэлд онцолжээ. Б.Обама А.Меркель нар Украин
дахь шинэчлэлийг дэмжих зорилгоор цаашид ч эдийн засаг, санхүүгийн тусламж
үзүүлнэ хэмээн тохиролцсоныг Цагаан ордноос зарлалаа.
Өрнөд Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авахад бэлэн
байна хэмээн Германы канцлер гуравдугаар сарын 16-нд мэдэгдсэн юм. Украины
хямралыг энхийн замаар шийдэхийн тулд бүх хүчин чармайлтаа гаргана хэмээн
тэрээр онцлон мэдэгдсэн ажээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын
зөвлөх Сюзан Райс, Германы Гадаад хэргийн яамны тэргүүн Франк-Вальтер
Штайнмайер нар гуравдугаар сарын 13-нд уулзаж хэлэлцээ хийсний дараа ОХУ-ын эсрэг
шинэ хориг арга хэмжээ авах гэж байна хэмээн ойлгогдсон юм.
Европын холбоо болон бусад улс орнууд 2014 оны гуравдугаар
сард Оросын эсрэг хориг арга хэмжээ авсан билээ. Украины зүүн нутагт дайн
мөргөлдөөн дэгдэж, Оросын эрх баригчид Крымийг нэгтгэсний дараа ийнхүү хориг
арга хэмжээ авсан юм. ОХУ-ын зарим түшмэл, дарга нарын өрнөдийн орнуудад зорчих
эрхийг хязгаарлах, гадаад дахь данс, хадгаламжийг нь царцаах зэргийг тусгасан
хориг арга хэмжээний багц жилийн өмнөөс хэрэгжиж эхэлсэн аж. Хориг арга хэмжээ
мөн Оросын хэд хэдэн компанийг хамарчээ. Хожим нь энэхүү хар жагсаалт нэг бус
удаа өргөжсөн билээ. Үүнээс гадна Оросын эдийн засгийн бүхэл бүтэн салбарыг
хамарсан шинэ хориг, хязгаарлалт хэрэгжиж эхэлжээ.

No comments:
Post a Comment