Monday, 23 March 2015



Гитлерт адлагдаж, Эйнштейнд шүтэгдсэн математикч бүсгүй

-Эмэгтэйчүүд их сургуульд ч орж чаддаггүй байхад их сургуульд хичээл заадаг байсан сод математикч эмэгтэй Эмми Нетерийн 133 насны ой тохиож байна-

Математикийн түүхэнд дурсагдах гавъяатай эмэгтэй гэвэл Эмми Нетер билээ. Энэ сэдвийг ойлгодог хүмүүс дотроос цуут Альберт Эйнштейн гэхэд л түүнийг “Эмэгтэйчүүд дээд боловсрол эзэмшиж эхэлснээс хойш төрсөн математикийн хамгийн сод ухаантан” хэмээн тодорхойлж байв.
Еврей гаралтай Нетер 133 жилийн өмнө Германы Бавариа мужид мэндэлжээ. Гүүгл нэрт математикч эмэгтэйд хүндэтгэл үзүүлж гуравдугаар сарын 23-ны нүүрээ түүнд зориулсан юм. Эммигийн гэр бүл өмнөх гурван үеэрээ математикчид байлаа. Тэр ч энэ уламжлалаас гажихыг хүссэнгүй. Эцгийнхээ их сургуульд заадаг хичээлд очиж суусаар математикт суралцжээ. Тухайн үед эмэгтэйчүүдийг их сургуульд сурахыг зөвшөөрдөггүй байсан тул тэрээр зүгээр л сонсогчийн хувиар хичээлд суудаг байсан аж. Эмми Нетер шаргуу зүтгэлийнхээ ачаар төрөлх Эрланген хотынхоо их сургуульд элсэн орж, үл хувьсагчийн талаар гайхалтай судалгаа хийж сургуулиа төгсчээ. Амжилтыг нь үнэлсэн багш Давид Хилберт Эммийг Готинг хотод цуврал илтгэл тавихыг урьсан ч багш нарын холбооны зарим хүн эсэргүүцсэнээр бүтсэнгүй. Харин туслах багшийн албан бус орон тоон дээр хичээл заахыг л зөвшөөрчээ.
Эмми Нетер цагирагийн онол, алгебрийн онолыг нээж математикийн салбарт хувьсгал хийсэн юм. Мөн физикийн салбарт Нетерийн теорем хэмээх шинэ нээлт хийсэн нь физикийн хууль ямар ч хэлбэр, өөрчлөлтөд үл хувьсдаг, аливаа биетийн хүч, зэрэг нь байнга хадгалагдаж байдаг гэсэн хоёр үндсэн санаан дээр тулгуурлаж байв. Тэгш хэм бүрт хадгалалтын хууль үйлчилдэг болохыг тэр нээсэн юм. Тодорхой тэгш хэмээс үүсч буй хадгалалтын хууль нь судалгааны объектийн шинж чанарын талаарх гол эх үүсвэр болж байдгийг олж мэдсэнээр талбайн квант онол дээр чухал үүрэг гүйцэтгэх болсон билээ. Нетерийн санаа, эрдэм шинжилгээний нээлт олон эрдэмтэн, математикч, физикчид асар их нөлөө үзүүлсэн юм. Тэрээр дэлхийн хэмжээний эрдэмтэн болж, олон олон нээлт хийсэн суут хүмүүсийг хүмүүжүүлэн гаргасан ажээ.
Эмми Нетер математикийн ертөнцөд хүлээн зөвшөөрөгдсөн ч Гитлерийг эрх мэдэлд гарсныг дэмжих болсон Германы ард түмэнд адлагдах болжээ. Тэр үеийн Герман орон сод ухаантнуудад зориулагдаагүй байлаа. Тэрээр еврей биш байсан бол зүгээр л нэг авъяастай хүнд тооцогдож, бүгдэд мартагдах байсан биз. Иргэний мэргэжлийн үйлчилгээний хууль батлагдсаны дараа улс төрийн сэжигтнүүд болон еврей хүмүүсийг ажил хөдөлмөр эрхлэхийг хориглох болсноор Готингын их сургуульд багшлах боломжгүй боллоо.

Хичээл зааж, илтгэл тавих боломжгүй болсон Эмми Нетер Америк руу цагаачилж судалгааныхаа ажлыг үргэлжлүүлж, Принстоны дээд боловсролын хүрээлэнд ажиллах болжээ. Үүний зэрэгцээ Брин Мор хотод багшийнхаа ажлыг хийж байлаа. Хоёр жилийн дараа түүнд хорт хавдар илэрч хагалгаанд орсон ч нас барсан юм. Гитлерт адлагдаж, Эйнштейнд шүтэгдэж явсан хамгийн сод математикч эмэгтэй Эмми Нетерийн түүх ийм ажээ. 

No comments:

Post a Comment