Sunday, 1 March 2015

Спортын нүүүрэнд




Усэйн Болт анхны ялагдлаа хүлээв

Ямайкийн ойрын зайн гүйгч Усэйн Болт сүүлийн найман жилийн турш босоо байсан ч саяхан болсон 4х100 буухиа гүйлтэд ялагдал хүлээжээ. Ямайкийн нийслэл Кингстон хотод болсон Gibson Relays тэмцээн дээр түүний баг Технологийн их сургуулийн багийг гүйцэлгүй хоёрдугаар байрт оржээ. Болт сүүлчийн буухиа дээр 2012 оны залуучуудын дэлхийн аваргын мөнгөн медальт Тикендо Трейсигээс таван секундын хоцрогдолтой гарсан ч гүйцэж чадалгүй 0.6 секундын алдагдалтайгаар барианд оржээ. У.Болтын багт Британийн хамтын нөхөрлөлийн тоглолтын 100 метрийн аварга Бейли Коул, Лондоны олимпийн 200 метрийн хүрэл медальт Уоррен Уэйр нар байжээ.   

 Манчестер Сити хожигдож Челсигийн замыг “заслаа”

Английн Премьер лигийн 27-р тойрог онц сонирхолтой боллоо. Хүснэгтийг тэргүүлэгч Челсигийн араас нэхэж байгаа  Манчестер Сити Анфилд цэнгэлдэхэд зочилжээ. Аваргуудын лигийн байрын төлөө өрсөлдөж байгаа Ливерпүүлийн хувьд ч энэ нь тун чухал тоглолт байв. Тоглолтын эхний үед Улаануудын ахлагч Жордан Хендерсон 30 орчим метрээс тун хүчтэй цохиж гоол оруулав. Гэвч зочид удалгүй тооны харьцааг тэнцүүлжээ. Тоглолтын 75 дахь минутад Ливерпүүлийн бразил легионер Филипе Коутиньо мөн л 30 орчим метрээс цохиж гоол оруулснаар өрсөлдөгчөө буулгаж авлаа. Манчестер Сити ийнхүү лидер Челсид ойртох боломжоо алджээ. Челси дутуу тоглолтоо хийж хожвол Ситигээс найман оноогоор тасрах юм.

Эрин зууны тулаанд хэн ялах вэ?

Хөнгөн жингийн дэлхийн хоёр шилдэг нударгач Флойд Мэйуэзер (Америк),  Мэнни Пакьяо (Филиппин) нарын тулаан тавдугаар сарын 2-нд Лас-Вегаст болно. Америкийн боксч энэ тулаанаас 180 сая доллар авах гэрээ байгуулсан бол Пакьяо 120 сая доллар авах юм. “Флойд автомашинд хорхойтой болохоор хүссэн төмөр хүлгээ худалдаж авах байх. Харин Пакьяо энэ тулаанаас олсон мөнгөнийхээ ихэнхийг Филиппин дахь хүмүүнлэгийн үйлст зарцуулна гэдгийг мэдэж байна” хэмээн “Топ Рэнк” фирмийн гүйцэтгэх захирал Боб Арум ярилаа.

36 настай Пакьяо мэргэжлийн боксын талбарт 57 ялж, тав хожигджээ. Тэгвэл 38 настай Мэйуэзер 47 тулалдахдаа бүх тулаандаа ялалт байгуулжээ. Эрин зууны хэмээн нэрлэж буй энэ тулааныг телевизээр мөнгө төлж үзэхийг хүссэн иргэдийн тоо аль хэдийнэ таван саяд хүрчээ. 2007 онд Мэйуэзер, Оскар де ла Хояа нарын тулааныг 2.7 сая үзэгч мөнгө төлж телевизээр үзэж байсан юм. 

No comments:

Post a Comment