Иран, АНУ тохиролцоонд хүрэхэд ойрхон байна
Ираны Гадаад
хэргийн сайд Мохаммад Жавад Зариф, Иран улс цөмийн зэвсэг бүтээх санаархалгүй
байна хэмээн мэдэгдлээ. Тэрээр NBC News телевизэд ярихдаа “Бид цөмийн зэвсэг
бүтээхийг хүсэхгүй байна. Цөмийн зэвсэгтэй болсноор бидний аюулгүй байдал
хангагдана гэж бодохгүй байна” хэмээн онцолжээ. Тегераны төлөөлөгчид Ираны
цөмийн зэвсгийн асуудлаар тохиролцоонд хүрэхийн тулд 24 цагаар ажилласан ч
бэлэн байна хэмээн сайд нэмж хэллээ. Хэлэлцээнд оролцогчид тохиролцоонд хүрэхэд
ойрхон байна хэмээн Зариф мэдэгдэв. Иран, АНУ-ын хоорондох хэлэлцээний
дараагийн шат гуравдугаар сарын 15-нд Швейцарийн Женев хотод товлогджээ.
Худалдааны хөлөг онгоцууд 40 мянган цагаачийг аварчээ
Ойрхи Дорнод, Африкийн орнуудаас далайгаар дамжин Европ
руу орох гэсэн цагаачдын нөхцөл байдал хяналтаас гарлаа хэмээн Хөлөг онгоцны
олон улсын холбооноос мэдээлэв. Европын холбооны орнуудын худалдааны хөлөг
онгоцууд хууль бус цагаачдыг аврах ажиллагаанд хүссэн хүсээгүй оролцох болжээ.
2014 онд гэхэд л худалдааны хөлөг онгоцууд 40 мянган хууль бус цагаачийг
аварсан байна. Хөлөг онгоцны олон улсын холбооны төлөөлөгчид Лондон хотод
уулзаж тулгамдсан асуудлаа ярилцаж байгаа ажээ. Аюулд орсон цагаачдад туслах
дүрэм журмыг эргэн харж, цагаачдад тусламж үзүүлэхэд нэмэлт хөрөнгө хүч
гаргахыг төлөөлөгчид шаардаж байна.
Газын зурваст хоёр дахин их ус нийлүүлнэ
Израиль улс Газын зурваст нийлүүлдэг ундны усны хэмжээг
хоёр дахин нэмэгдүүлэхээр болов. Зурвасын хүн амын хэрэглээ өссөн тул Израилийн
эрх баригчид ийм шийдвэр гаргасан байна. Ундны усны нийлүүлэлт жилд таван
тэрбумаас 10 тэрбум куб метр болж нэмэгдэх юм. Газын зурваст ундны ус, хоол
хүнс хүрэлцэхгүй хүнд байдалтай байгааг хүний эрхийг хамгаалагчид мэдэгдэж
байсан билээ.
Израилийн арми өнгөрсөн оны зун Газын зурваст тусгай ажиллагаа
явуулж, ус цэвэрлэх олон байгууламжийг жагсаалаас гаргасан юм. Тусгай ажиллагаа
явуулсан 50 өдрийн дотор хоёр мянга гаруй палестин амиа алдаж, Израилийн 66
цэрэг амь үрэгдсэн ажээ.
Хамгийн өндөр настан 117 хүрлээ
Дэлхийн хамгийн хөгшин хүн гэгдэж буй япон эмэгтэй Мисао
Окава өчигдөр 117 нас сүүдрийг зооглов. Тэрээр Осака хотод хөгшчүүдийг асрах
газарт амьдардаг. Мисао эмээ хоёр жилийн өмнө дэлхийн хамгийн хөгшин хүн хэмээн
Гиннесийн номд бүртгэгдсэн юм.
Мисао
Окава 1898 онд Осака хотоос холгүй тосгонд кимоно хийдэг мастерийн гэр бүлд
мэндэлсэн. 1919 онд нөхөрт гарч гурван хүүхэд төрүүлсэн бөгөөд хоёр хүүхэд нь одоо
ч амьд сэрүүн ажээ. Мисао эмээ дөрвөн ач, зургаан гучтай. 2013 онд Японы иргэн
Кото Окубо (115 настай байсан) өөд болсноор Мисао манай гаригийн хамгийн өндөр
настан болсон юм.


No comments:
Post a Comment