Б.Обама “Загасны гэрээ”-г 2018 он дуустал сунгав
АНУ, ЗХУ загасны аж ахуйн салбарт хамтран ажиллах гэрээг
1988 онд байгуулж байжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама загасны аж ахуйн
салбарт хамтран ажиллах гэрээг 2018 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл сунгалаа.
Цагаан ордноос мэдээлж буйгаар, Америкийн лидер зохих бичиг баримтыг Конгрессын
Төлөөлөгчдийн танхимийн спикер болон АНУ-ын Сенатын даргад илгээсэн байна.
Мьянмад жагсагчдыг баривчилжээ
Мьянма улсын цагдаа боловсролын салбарын шинэ хуулийг
эсэргүүцсэн 127 жагсагчийг баривчиллаа хэмээн Associated Press уламжлав. Цагдаа
нар жагсагчыг зодож, баривчилсны дараа “Ялалт” хэмээн хашгирч байжээ. Саатуулагдсан
хүмүүсийн дунд 65 оюутан байна. 16 цагдаа, найман иргэн бэртэж гэмтжээ.
Дэлхийн улс орны лидерүүд Мьянмад жагсагчдын эсрэг хүч
хэрэглэж байгаад санаа зовниж, дээрх хэрэг явдлыг албан ёсоор мөрдөн шалгахыг
уриалав.
Өнгөрсөн нэгдүгээр сард зуу орчим оюутан боловсролын шинэ
хууль их сургуулиудын эрхийг хязгаарлаж байна хэмээн эсэргүүцэж Мандалай хотоос
Янгон хүртэл жагсаал хийжээ. Энэ жагсаалд лам нар болон бусад идэвхтнүүд
нэгдсэн ч цагдаа нар таслан зогсоосон юм.
Колумбын босогчид геологчдыг суллав
Колумбын үндэсний чөлөөлөх армийн босогчид хоёрдугаар
сараас хойш барьцаанд байгаа дөрвөн геологчийг суллажээ. Барьцаанд байсан
гурван эрэгтэй, нэг эмэгтэйг Норте-де-Сантандер мужид Улаан загалмай
нийгэмлэгийн төлөөлөгчдөд хүлээлгэн өгчээ. Геологчид Колумбын геологийн албаны
захиалгаар ажиллаж байгаад хулгайлагдсан аж. Колумбын үндэсний чөлөөлөх арми нь
Колумбид хоёрт орох босогчдын бүлэг юм. Европын холбоо, АНУ тус бүлгийг
террорист байгууллага хэмээн үздэг байна.
Биеэ үнэлэгчид ажилгүйдлийн тэтгэмж авна
Испанийн Барселона хотын шүүх улаан дэнлүүний газрын эзэд
биеэ үнэлэгчидтэй гэрээ байгуулах ёстой гэсэн шийдвэр гаргалаа. Үүнээс гадна
эзэд ажилтнуудын нэр дээр нийгмийн халамжийн санд татвар төлөх үүрэгтэй хэмээн
үзжээ. Ийнхүү биеэ үнэлэгчид тэтгэвэр, ажилгүйдлийн тэтгэмж авч, төрөөс
үзүүлдэг хөнгөлөлт эдлэх эрхтэй болсон байна. Барселона хотын шүүхийн
шийдвэрийг Каталоны дээд шүүхэд давж заалдах эрхтэй.
Испанид
1995 оноос хойш биеэ үнэлэхийг гэмт хэрэг хэмээн үзэхээ больжээ. Гэвч энэ
салбарын ажилчид хөдөлмөрийн эрхээр хангагдаж чадаагүй юм. Тус улсад
секс-үйлдвэрлэл амжилттэй өссөөр байна. Эдийн засгийн хямралын улмаас
эмэгтэйчүүд биеэ үнэлэх нь нэмэгдсэн бол, испани эрчүүдийн 39 хувь нь улаан
дэнлүүний газраар орж үзсэнээ хүлээн зөвшөөрчээ.

No comments:
Post a Comment