Ди Каприо хамгийн өндөр цалинтай
Холливудын хамгийн өндөр цалинтай жүжигчдийн жагсаалтыг Леонардо
Ди Каприо тэргүүлж байна. Тэрээр “Уолл-Стритийн чоно” кинонд тоглосныхоо төлөө
25 сая доллар авсан хэмээн Hollywood Reporter-т бичжээ. Роберт Дауни, Сандра
Буллок, Анжелина Жоли, Дензел Вашингтон, Мэтт Дэймон нар нэг кинонд тоглоод 20
сая доллар халааслажээ. Тэдний араас “Херкулес”
кинонд дүр бүтээгээд 15 сая доллар авсан Дуэйн Жонсон орж байна. Нэг киноноос
10-15 сая долларын шагнал авдаг жүжигчдийн жагсаалтад Марк Уолберг, Женнифер
Лоуренс нар багтлаа. Сет Роген 8.4 сая долларын үзүүлэлтээрэхний аравт биигдсэн
байна.
Узбекистанд Ерөнхийлөгчийн сонгууль боллоо
Өчигдөр Узбекистанд Ерөнхийлөгчийн сонгууль болжээ. Улс
төрийн дөрвөн намын нэр дэвшигч энэ албанд өрсөлдөж байна. Улс орныг 25 жил
удирдаад байгаа өнөөгийн төрийн тэргүүн Ислам Каримов ялалт байгуулах төлөвтэй
байна. Тэрээр Узбекистаны Либерал ардчилсан намаас нэр дэвшиж байгаа юм. Ардын
ардчилсан намаас Хатамжон Кетмонов,
Ардчилсан намаас Акмаль Саидов, Социал демократ намаас Наримон Умаров нэр
дэвшжээ. Сонгуульд 20 сая иргэн саналаа
өгчээ. Дотоодын 80, гадаадын 300 орчим ажиглагч сонгуулийн үйл явцыг хянажээ.
Саудын Араб Йеменийг бөмбөгдсөөр байна
Саудын Арабын нисэх хүчин Йемен дахь хусит босогчдын
байрлалыг бөмбөглсөөр байна. Саудын Арабын хаан Салман Арабын орнуудын уулзалт
дээр мэдэгдэхдээ “Йеменд нөхцөл байдал хэвийн болох хүртэл босогчдыг
бөмбөгдсөөр байх болно” гэжээ. Эдүгээ Йемений үлэмж хэсгийг хусит босогчид
хяналтдаа авчээ. Өмнөд хэсгийн Аден хотод Засгийн газрын цэрэг нисэх буудлыг
босогчдоос булаан аваад байна. Хоёрдугаар сард хуситууд Ерөнхийлөгч Мансур
Хадийг эрх мэдлээс зайлуулжээ. Тэрээр гадаадад зугтан гарсныхаа дараа “Иран улс
Йемен дахь нөхцөл байдалд буруутай. Хуситууд бол Ираны утсан хүүхэлдэй” хэмээн
мэдэгджээ.
Хоёр жил олзонд байсан чех жуулчид гэртээ ирлээ
Чехийн иргэн Антониа Храстецка, Гана Гумпалова нар
Пакистанд хоёр жилийн турш барьцаанд байсны эцэст суллагдаж гэртээ иржээ. “Чехийн
27 настай иргэн Антониа Храстецка, Гана Гумпалова эх орондоо ирснийг мэдэгдэж
байна. Хэвлэл мэдээллийнхнээс тэдний хувийн амьдралд хүндэтгэлтэй хандахыг
хүсье” хэмээн Ерөнхий сайд Богуслав Соботка телевизээр ярилаа. Бүсгүйчүүд хоёр
жилийн өмнө дэлхийг таньж, янз бүрийн шашны уламжлалыг судлахаар аялалаа
эхлүүлжээ. 2013 оны гуравдугаар сард Энэтхэгт очиж, түрээсийн микро автобусаар
Иран-Пакистаны хилийг давжээ. Гэвч удалгүй автобусыг нь зэвсэгтэй этгээдүүд
зогсоож, эмэгтэйчүүдийг барьцаалан авч явжээ. Дараа нь интернэтэд тэдний бичлэг
тавигдсан ч хоёр жилийн турш ямар ч мэдээлэл сонсогдоогүй юм. Пакистан дахь
лалын радикал бүлэг тэднийг хулгайлсан хэмээн үзэж байна.

No comments:
Post a Comment