Андройд зочид буудал Японд үүдээ нээнэ
Энэ зурган дээр харагдаж буй бүсгүйтэй найзлах талаар
мөрөөдөөд ч хэрэггүй. Учир нь тэр таныг харангуутаа л танина, дөрвөн хэлээр
ярина. Нэрийг тань тогтоож, хэдэн номерийн өрөө рүү хаагуур явахыг сануулна,
таны дуртай ундааг ч мэднэ. Зөвхөн энэ биш, зочид буудлаас орж, гарах, чемодан
зөөхөд тусалж, өрөөнд чинь аваачиж, зааж зөвлөж, оройн хоолоор үйлчилж, хүсвэл
өрөөг тань цэвэрлэнэ. Таны хэлснийг ойлгоно, тэгээд л боллоо. Тэр хоол идэхгүй,
өвчлөхгүй, ядрахгүй, унтахгүй, амрахгүй.
Энэ бол Японы Нагасаки хот дахь Huis ten Bosch цэцэрлэгт
нээгдэж буй Henn-na шинэ зочид буудлын үйлчилгээний багийн нэг гишүүн юм.
Голланд улс Японы хот дотор нэгэн өвөрмөц хотхон байгуулсан нь энэ ажээ. Алсдаа
Henn-na зочид буудлын ажилтны 90
хувь нь андройд буюу роботууд, 10 хувь нь хүн байх юм. Тэдгээр нь Японы Kokora
компани үйлдвэрлэсэн Actrоid хэмээх нэртэй төмөр, силикон ажилтнууд байх ажээ. Гурван
өөр загвар байх бөгөөд бүгд япон төрхтэй, хүрэн хар үстэй, урт хөлтэй, онцгой
инээмсэглэлтэй, тун эелдэг боловсон. Тэд нүүрээ 18 янзаар хувиргаж чадах ба
олон хүнтэй зэрэг харилцахаар програмчлагдсан байна.
Эдгээр робот амьсгалах, нүдээ аних, хоолойгоо засах,
инээмсэглэх зэрэг хүний үйл хөдлөлийг хийж чаддаг. Henn-na зочид буудал арван
андройдтойгоор ажлаа эхэлж байна. Дөрвөн хаалгач, гурван хүлээн авагч, хувцасны
өлгүүр дээр нэг, бусад нь цэвэрлэгээн дээр хуваарилагджээ. Одоогоор “мах,
цуснаас бүрдсэн” техникийн арван ажилтан тэднийг харгалзаж байгаа бөгөөд
цаашдаа роботууд зочид буудлын ажлын 90 хувийг нугалах ажээ. Тус компани 2005
онд нэгэн эмнэлэгт робот сувилагч ажиллуулж анхны туршилтаа хийсэн байна. Өнөөдөр
ийнхүү дэлхийд анхны андройд зочид буудлыг нээх гэж байна. Одоогоор жинхэнэ
хүмүүс робот ажилтнуудаа удирдаж, програмчилж, залгаж, салгаж байна. Гэвч,
хэзээ болтол ингэж байх вэ?
Henn-na зочид буудал долдугаар сарын 17-нд албан ёсоор
үүд хаалгаа нээнэ. Японуудын технологийн дэвшил дэлхий нийтийн анхаарлыг өөрийн
эрхгүй татаж байна. Яг л хүн шиг үйл хөдлөл хийж чадах энэхүү өвөрмөц
бүтээгдэхүүнүүд хүний нүүрийг хараад л биеийн халууныг нь тодорхойлж, өрөөний
агаарыг зохих хэмжээнд нь тохируулж чадна. Хидео Савада компани дэлхийн хамгийн
өвөрмөц, үр өгөөжтэй зочид буудлыг бий болгоно хэмээн амлаж байна. Henn-na
зочид буудлын энгийн өрөө 54 орчим
еврогийн үнэтэй байх аж. Өргөн ортой бол 70 евро. Зочид буудал захиалга ихтэй
байвал зарим өрөөг “жооролж” байгаад дуудлага худалдаагаар хамгийн дээд үнэд нь
хүргэх санаатай байна. 72 өрөөтэй Henn-na зочид буудлын нээлт хоёр үе шаттай болно. Эхнийх нь энэ зун болох бол,
дараагийн шат нь 2016 онд болох ажээ.

No comments:
Post a Comment