Sunday, 15 March 2015




П.Порошенко украинуудыг эх орондоо ирэхийг уриалав

Украины Ерөнхийлөгч Петр Порошенко гадаад руу амьдрахаар явсан украин иргэдийг гэрт нь буцааж авчрахын тулд боломжтой бүхнийг хийнэ хэмээн мэдэгджээ. Тэрээр Германы Дрезден хот дахь украин цагаачидтай уулзах үеэрээ ийнхүү ярьсан байна. “Та бүгдийг Украинд буцаж очиход боломжтой бүхнийг хийнэ. Украин та нарыг хүлээж байна. Туршлага, арга ухаанаа аваад ир” хэмээн Порошенко өгүүлжээ.
Тэрээр Дрезденд эмчлүүлж байгаа украин цэргүүдэд дэмжлэг үзүүлж буй цагаачдад талархал илэрхийлжээ. Германд айлчилж буй Украины Ерөнхийлөгч П.Порошенко канцлер Ангела Меркельтэй уулзаж хэлэлцээ хийсэн байна.

Венесуэлийн парламент Н.Мадурод онцгой эрх олгов

Венесуэлийн Үндэсний ассамблей Ерөнхийлөгч Николас Мадурод АНУ-тай хүчтэй сөргөөцөлдсөн нөхцөлд улс орны аюулгүй байдлыг чангатгах онцгой эрх олгожээ. Энэ тухай France-Presse агентлаг уламжлав. Ерөнхийлөгчид олгосон онцгой эрх зургаан сарын хугацаанд хүчинтэй байх ажээ. Каракасын эрх баригчид АНУ-ын үйлдлийн эсрэг олон улсын эв нэгдлийн өдрийг зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ арга хэмжээг дөрөвдүгээр сарын 19-нд нийгмийн сүлжээгээр зохион байгуулахаар болжээ.

Вануату далайн шуурганд нэрвэгджээ

Далайн хар шуурга Вануату арлын нийслэл Порт-Вила хотын байшин барилгын 90 хувийг гэмтээлээ хэмээн ВВС мэдээлэв. Нарийн мэдээ байхгүй байгаа ч найман хүн амиа алдсан гэж байна. НҮБ-аас мэдэгдэж буйгаар 44 хүн амь үрэгджээ. Вануатуд онц байдал зарлаад байна. Ерөнхийлөгч Б.Лонсдейл олон улсаас тусламж хүсчээ. Зарим бүс нутагт байгалийн гамшиг бүхэл бүтэн тосгон сууринг устгасан ба олон мянган хүн майханд толгой хоргодож байна хэмээн Улаан загалмайн нийгэмлэгээс мэдэгдэв. Вануату нь 65 арлаас бүрддэг бөгөөд 267 мняган хүн  амтай. Хар шуурга бас Номхон далайн Кирибати, Соломоны арлыг дайрч ихээхэн хохирол учруулжээ.

Ирантай тохиролцоонд хүрнэ хэмээн найдаж байна

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар тохиролцоон хүрэхэд улс төрийн зөрчилдөөн саад болж байна хэмээн мэдэгдлээ. “Иран улс цөмийн хөтөлбөрөө энхийн зорилготой хэмээн нэрлэж байгаа. Хэрвээ үнэхээр энхийн зорилготой юм бол алив, тохиролцоогоо хийцгээе. Ойрын өдрүүдэд энэ тохиролцоонд хүрнэ хэмээн найдаж байна” хэмээн Ж.Керри хэлжээ. Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх олон улсын зуучлагчдын хэлэлцээ Швейцарьт эхэлж байгаа юм. Ж.Керри Ираны Гадаад хэргийн сайд Мохамед Жавад Зарифтай уулзахаар төлөвлөж байна.

Австрали аюулгүй байдлаа чангатгав

Австралийн цагдаа гадаадаас жихад дайчид орж ирэхээс сэргийлэх зорилгоор улс орны нисэх буудлууд дээр өдөр бүр 400 хүнийг нягтлан шалгаж байна. Шинээр байгуулагдсан терроризмийн эсрэг хэлтсийн ажилтнууд өнгөрсөн оны наймдугаар сараас хойш найман нисэх буудал дээр 76 мянган хүнийг нарийн чанд шалгалтаар оруулжээ. Цагдаа нар илүү сэжигтэй зорчигчдыг саатуулан шалгаж байгаа аж. Авётралийн тусгай албадын үзэж буйгаар, тус улсын 90 орчим иргэн Ойрхи Дорнодод лалын дайчдыг эгнээнд нэгдээд байгаа ажээ. Австралид иргэдийг ухуулж, ятгаж явсан “Исламын улс” бүлгийн хэд хэдэн гишүүнийг баривчлаад байна.

Бразилчууд Ерөнхийлөгчөө огцрохыг шаардлаа

Бразилийн Рио-де-Жанейро болон өөр хотуудад Ерөнхийлөгч Дилма Руссеффийг огцрохыг шаардсан жагсаал болжээ. Бразилийн 18 мужид болсон жагсаалд нийтдээ сая гаруй бразил иргэн оролцсон байна. Хамгийн том жагсаал Сан-Паулу хотод болж зуу мянган хүн оролцжээ.

Бразилийн хамгийн том компани Petrobras-тай холбоотой авлигын хэрэгт Ерөнхийлөгч Руссефф оролцсон хэмээн жагсагчид үзэж байгаа аж. Руссеффийг энэ компанийн тэргүүн байх үед авлига цэцэглэн хөгжсөн хэмээн хардаж байгаа аж. Petrobras-тай холбоотой авлигын хэргээр арваад улстөрчийг мөрдөн шалгаж байгаа боловч тэдгээрийн дотор Ерөнхийлөгчийн нэр байхгүй байгаа юм.

No comments:

Post a Comment