Сураггүй болсон төрөл төрөгсдийнхөө төлөө залбирахыг зөвшөөрсөнгүй
Одоогоос нэг жилийн өмнө Малайзын МН370 нислэг чиглэлээ
өөрчлөн сураггүй болоход тэд ойр дотны хүмүүсээ алдсан юм. Онгоцны учир
битүүлэг ослын нэг жилийн ойгоор хятад иргэд алга болсон хүмүүсийн төлөө
залбирах гэсэн ч эрх баригчид зөвшөөрсөнгүй. Хатуу чанга хяналттай Хятад оронд
эрх мэдлийг буруугаар ашиглах, нийгмийн тэгш бус байдлын улмаас ард иргэд
цугларч бөөгнөрөхөөс эрх баригч Коммунист нам ихээхэн болгоомжилдог юм. Ийм
шалтгаанаар Хятадын цагдаа Бээжингийн Ламын сүмд бүтэн сайнд болох гэж байсан МН370
нислэгийн зорчигчдын ар гэрийнхний дурсамж, залбирлын үйл ажиллагааг зогсоожээ.
Сураггүй болсон Малайзын онгоцны зорчигчдын ихэнх нь хятад иргэд байсан билээ.
“МН370 нислэгийн төлөө залбирая” хэмээн бичиж нисэх онгоц
зурсан цагаан цамц өмссөн хүмүүс Ламын сүмийн хаалган дээр цуглахад цагдаа нар
тэнд ирсэн гадаадын сэтгүүлчдийг ямар нэг шалтгаангүйгээр хөөж явуулсан байна. Бээжингийн
авторитар дэглэмээс хэрэгжүүлдэг хяналт цагдалтийн улмаас энэ ойн дурсамжийн арга
хэмжээг сурвалжлах хятад сэтгүүлчид “байгаагүй” тул улс үндэстний хэмжээнд
чимээгүй өнгөрчээ. Энгийн хувцас өмссөн цагдаа нар сураггүй болсон хүмүүсийн ар
гэрийн зарим гишүүнийг буддын сүм рүү орж хүж асааж, залбирахыг зөвшөөрчээ.
Гэвч ихэнх нь сүмийн хаалганы гадна үлдсэн байна.
“Бид зөвхөн хайртай дотно хүмүүсийнхээ төлөө залбирах гэж
л ирсэн” хэмээн МН370 нислэгээр нөхрөө алдсан Гао Ионфу ярилаа. Зургаан настай
охин нь “Таныг санаж байна, аав аа” хэмээн англиар бичсэн зурагт хуудас
барьжээ. “МН370 нислэгээр алга бологчдыг эрж хайсаар байна” гэсэн зурагт
хуудсыг цагдаа нар хурааж авчээ. Хятадад иргэдийн ямар нэг цугларал, бөөгнөрөл нь нийгмийн
шударга бус явдлыг эсэргүүцсэн эсэргүүцлийн жагсаал болон хувирах бий гэхээс
ихээхэн болгоомжилдог аж. Тиймээс тайван амгалан жагсаал цуглааныг ч тэр дор нь
тараах журам байдаг бололтой. Тэр тусмаа Бүх Хятадын ардын чуулганы хуралдаан
болж энэ өдрүүдэд Бээжинд аюулгүй байдлын арга хэмжээг дээд зэргээр авч байгаа
ажээ.
Чуулган дээр Гадаад хэргийн сайд Ван И, МН370 нислэгийн
ямар ч ул мөр илрээгүй байгаа ч алга болсон онгоцыг эрж хайх ажиллагаа
үргэлжилнэ хэмээн мэдэгджээ. “Уг онгоцонд сууж явсан зорчигчдын ар гэрийнхний
хувьд өнөөдөр тун хүнд өдөр тохиож байна. Бид та бүхэнтэй сэтгэлээрээ хамт
байгаа. Та нарын хууль ёсны шаардлага, ашиг сонирхлыг хамгаалахад бид туслах
болно” хэмээн Ван И мдэгдсэн байна. Гэвч цагдаа нар хэд хоногийн өмнөөс алга
болсон зорчигчдын ар гэрийнхэн рүү утасдаж, төлөвлөөд байсан залбирлын үйл
ажиллагаанд очихгүй байхыг сануулсныг эрх баригчид хэлсэнгүй. Ар гэрийнхэн
Ламын сүмд цуглаж залбирахаас гадна Малайзын Элчин сайдын яамны гадаа цуглаж
МН370 нислэгийн талаарх мэдээлэл хомс байгааг эсэргүүцэх гэж байжээ.

No comments:
Post a Comment