Tuesday, 3 March 2015



Э.Сноуден АНУ-д буцаж очиж, шүүхийн өмнө суух ёстой

Америкийн тусгай албаны ажилтан асан Эдвард Сноуден АНУ-д буцан очиж, Америкийн шүүхийн өмнө хариуцлага хүлээх ёстой хэмээн Цагаан ордны албан ёсны мэдэгдэлд онцоллоо. “Манай байр суурь өөрчлөгдөөгүй. Сноуден нууц мэдээллийг задалсан хэрэгт буруутгагдаж байгаа. Тэр Америкт буцан ирж, хууль журмын дагуу шүүхийн сандалд суух ёстой” хэмээн Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн албаны төлөөлөгч Эдвард Прайс мэдэгджээ.
Э.Сноудений өмгөөлөгч Анатолий Кучерена гуравдугаар сарын 3-нд Москва хотноо мэдэгдэхдээ “Миний үйлчлүүлэгчийг шударга шүүхээр хангаж чадвал тэрээр АНУ руу буцаж очиход бэлэн байна” хэмээн онцолсон юм. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагт ажиллаж байсан Эдвард Сноуден 2013 оны зургадугаар сард АНУ, Их Британийн тусгай албадын иргэдийг мөрдөн тагнадаг компьютерийн программын талаарх маш олон нууц материалыг Washington Post, Guardian сонинд дамжуулж өгсөн билээ. Үүний дараа тэрээр Хонконг руу нисч, тэндээсээ Мосвад ирж, нисэх буудлын дамжин өнгөрүүлэх бүсэд хэсэг хугацаанд байсны дараа ОХУ-д амьдрах эрх олж авсан юм. Түүнийг ОХУ-ын эрх баригчдад ихээхэн хэмжээний нууц материал дамжуулж өгсөн хэмээн буруутгаж байгаа. Гэвч Сноуден үүнийг няцааж “Би өөрт байсан бүх мэдээллээ дээрх сонины газруудад өгсөн. Москвагийн нисэх буудалд газардахдаа би гар хоосон буусан. Оросын талд ямар ч баримт материал хүлээлгэж өгөөгүй” хэмээн өмгөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдсэн байна. 

No comments:

Post a Comment