Wednesday, 18 March 2015




Ринго Старр рок-н-роллын Алдрын танхимд заларна

Британийн хөгжимчин, Beatles хамтлагийн бөмбөгчин Ринго Старр АНУ дахь рок-н-роллын Алдрын танхимд залрахаар болжээ. Түүний нэрийг хамтлагийн анд Пол Маккартни залах юм. Ринго Старрын нэрийг мөнхжүүлэх ёслолд Маккартнигаас гадна Стиви Уондер, Патти Смит, Жон Майер, Жо Уолш нар оролцохоор болжээ. Beatles-ийн бусад гишүүд бүгд Алдрын танхимийн гишүүн юм.
1983 онд нээгдсэн рок-н-роллын Алдрын танхим Охайо мужийн Кливленд хотод байрладаг бөгөөд рок-н-роллын эринд үлэмж амжилт олсон хөгжимчин, дуучдын алдрыг мөнхөлдөг ажээ. Нэр дэвшигчдийг жил бүр мянга гаруй хүнээс бүрдсэн шинжээчдийн саналаар тодруулдаг. Өнгөрсөн жил Rush, The Smiths, Nirvana хамтлаг, рэпчин Public Enemy, хөгжимчин Стинг нар Алдрын танхимд мөнхөрчээ.

Канад улс Украины шинэчлэлд тусална

Канад улс Украины сонгуулийн шинэчлэлийг дэмжиж 7.1 сая канад долларын (5.5 сая америк доллар) тусламж үзүүлэхээр боллоо. “Канадын Засгийн газар Украины ард түмний хөгжин цэцэглэгч, ардчилсан ирээдүйг цогцлоохын тулд ээлжит тусламжаа үзүүлэхээр боллоо” хэмээн Канадын Гадаад хэргийн сайд ярилаа. Дээрх тусламжийн гурван сая доллар Сонгуулийн систесийн олон улсын санд, 2.9 сая доллар Үндэсний ардчилсан хүрээлэнд очих ажээ. Канад улс мөн 200 орчим дулаан хэмжигчийг Украинд нийлүүлэхээр тохирчээ.

90 гаруй цагдаа гэмтжээ

Германы Франкфурт хотод болсон капитализмын эсрэг жагсаалын үеэр 94 цагдаа, 100 орчим иргэн гэмтлээ хэмээн Reuters уламжлав. Цагдаагийн газраас мэдээлж буйгаар, Европын төв банкны байрны өмнө болсон эсэргүүцлийн жагсаалд гурван мянга 500 орчим хүн оролцсон байна. Харин зохион байгуулагчид долоон мянган хүн оролцсон хэмээн мэдээлэв.
Цагдаа, жагсагчдын хооронд мөргөлдөөн болж, цагдаагийн долоон машин, хэд хэдэн дэлгүүрийг шатаажээ. Хэд хэдэн гудамжийг хаахаас өөр аргагүй болсон юм. Нэг тэрбум долларын өртгөөр боссон Европын төв банкны барилгын өмнө жагсаал үргэлжилсээр байна. Цагдаа нар 350 орчим хүнийг баривчлаад байна.

Сомали дахь “Аш-Шабаб”-ын лидерийг устгажээ

Пентагон Сомали дахь “Аш-Шабаб” бүлгийн лидерийг устгасан тухай зарлалаа. Террорист бүлгийн толгойлогч Аднан Гараарыг гуравдугаар сарын 12-нд нисгэгчгүй онгоцны довтолгоогоор устгасан байна. Түүний сууж явсан автомашиныг бөмбөгдөж устгасан хэмээн Пентагоны мэдээнд онцолжээ.
Гараар нь Кенийн Найроби дахь худалдааны төвийг довтолсон хэрэгт холбоотой юм. Энэ халдлагын улмаас 67 хүн амь насаа алдаж байсан билээ. “Аш-Шабаб” нь террорист “Аль-Кайда” бүлэгтэй сүлбээтэй бөгөөд саяхан Сомалийн нийслэлд халдлага үйлдсэн юм.

Тунист гадаадын жуулчид амиа алдлаа

Тунис дахь музейд алан хядагчид нэвтэрч гал нээсний улмаас 22 хүн амь насаа алджээ. Тэдний 20 нь гадаадын жуулчид байна. Итали, Испани, Польш, Герман, Колумбын жуулчид амь насаа алджээ. Тунисийн хоёр иргэн, нэг цагдаа амь эрсэдсэн байна. Автомат буугаар зэвсэглэсэн этгээдүүд Тунисийн парламентын ордгны хажууд байдаг музейд нэвтрэн орж гал нээсэн юм. Тэд музей үзэж байсан хүмүүс рүү гал нээж, дараа нь амьд үлдсэн хүмүүсийг барьцаалжээ. Тусгай хүчний ажилтнууд халдлага үйлдсэн хоёр этгээдийг устгаж, барьцааны хүмүүсийг чөлөөлжээ.

No comments:

Post a Comment