Сингапур улсыг үндэслэгч Ли Куан Ю 91 насандаа өөд боллоо
1923 оны есдүгээр сарын 16-нд хятад гаралтай чинээлэг гэр
бүлд мэндэлсэн тэрээр улс төрийн замналаа эхлүүлэхдээ Харри хэмээх англи
нэрнээсээ татгалзаж Куан Юу (Гэрэл Гялбаа
гэсэн утгатай) хэмээх нэрийг сонгож авчээ. Raffles коллежийн шилдэг сурагчдын
нэг байсан ч дэлхийн II дайны үеэр японууд Британийн колонийг эзэлсний улмаас
1942 онд сургуулиа орхисон байна. Японы эзэрхийллийн гурван жил түүний амьдралд
арилшгүй мөрөө үлдээсэн гэдэг.
Ли Куан Ю Кэмбрижид хууль, эрх зүйгээр сурч төгссөний
дараа 1950 онд Сингапурт буцан ирж өмгөөлөгчөөр ажиллажээ. Тэрээр үйлдвэрчний
эвлэл, оюутны хөдөлгөөний лидерүүдийг шүүх дээр өмгөөлснөөр ихээхэн нэр хүндтэй
болсон юм. 1954 онд Ардын үйлдэл нам байгуулж Хууль сахиулах зөвлөлийн анхныхаа
сонгуульд гурван суудал авчээ. Манлайлагчийнхаа чадварын ачаар Лондон явах
төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтаж 1959 онд Сингапур аралд өөртөө засаглах
томоохон эрх олгох яриа хэлэлцээнд оролцсон байна. Энэ онд болсон сонгуульд
колончлол болон коммунизмийн эсрэг тууштай тэмцэгч гэдгээ харуулж, хөрш Малайз
улстай холбооны статустай болох уриа дэвшүүлэн оролцжээ. Түүний нам Сингапурын
парламентын 51 суудлын 43-ийг авч, Ли Ерөнхий сайдаар томилогдож 31 жил энэ албыг
хашсан билээ. 1963 онд Сингапурыг Малайзын холбооны бүрэлдэхүүнд оруулах баримт
бичигт гарын үсэг зурсан ч энэ нь хятад, малайзуудын хоорондох хэрүүлийн улмаас
хоёр жил л үргэлжилсэн юм. Ийнхүү Сингапур арал 1965 онд холбооноос хөөгдөж
тусгаар улс болох аян замаа эхлүүлжээ.
Ли Куан Ю байгалийн нөөц баялаг хомс арал дээр татварын
урамшууллын замаар гадаадын хөрөнгө оруулалтыг татах аргыг сэдсэнээр Сингапур
нь өндөр технологийн бүтээгдэхүүн экспортлогч төв болсон байна. Тэрээр тээврийн
гайхалтай сайн дэд бүтцийг бий болгож, ард иргэдээ байраар хангах хөтөлбөр
хэрэгжүүлснээр хүн амынх нь 85 хувь нь орон сууцанд амьдрах болжээ. Боловсролыг
хоёр хэл дээр бүх нийтэд хүртээмжтэй, үнэгүй болгосон нь дэлхий даяар үлгэр жишээ
болж байна. Ли Куан Югийн бүрэн эрхийн хугацаанд Сингапур нь нэг хүнд ногдох
орлогоороо бүс нутагтаа Японы дараа хоёрт орох болов. Сүүлийн 50 жилд нэг
сингапур иргэнд ногдох орлого 516-аас 60 мянган доллар болж өссөн юм.
Ли Куан Югийн бүтээн байгуулсан Сингапур улсыг зарим
тоймч капитализм, нийгмийн сайн сайхан хоёр гараасаа хөтлөлцөн алхдаг “Авторитар
ардчилал” хэмээн тодорхойлдог. Ардын үйлдэл нам хагас зууны тэртээгээс эрх
барьж байгаа энэ арал дээр тэрс үзэл, сөрөг хүчин гээд байх зүйл байхгүй. Алсыг
харагч, авторитар Ли Куан Ю авлигагүй, бараг гэмт хэрэггүй нийгэм дээр
суурилсан, үндэстэн, шашнууд эв найртай зэрэгцэн амьдардаг хөгжин цэцэглэгч
нийгмийн загварыг бий болгож чадсан юм. “Түүн шиг шилдэг стратегич дэлхий дээр
байхгүй” хэмээн Сингапурын тусгаар тогтнолын эцгийг Хенри Киссинжер
тодорхойлсон байдаг.

No comments:
Post a Comment