Sunday, 28 December 2014
“Аль-Каида” Британийн авиакомпаниудыг сүрдүүлж байна
Террорист “Аль-Каида” байгууллага гишүүд, дэмжигчиддээ
хандаж Британийн агаарын тээврийн EasyJet, British Airways-ийн нисэх онгоцонд
бөмбөг дэлбэлэхийг уриалжээ. “Тэсрэх бөмбөгийг гэртээ хийж, нисэх онгоцонд авч
орох ёстой” хэмээн уриалсан байна. “Аль-Кайда” үүний жишээ болгож Омар Фарук
Абдулмуталлабын нэрийг дурджээ. Тэрээр 2009 онд Амстердам-Детройтын нисэх
онгоцыг дэлбэлэх гэж оролдоод баригдсан юм. Гэвч тэсрэх бөмбөгий аюулгүй
болгож, түүнд насаар нь хорих ял оноосон билээ. Лалын алан хядагчид нисэх онгоц
дэлбэлэх замаар “Дайсны эдийн засгийг сүйрүүлж” чадна хэмээн тооцоолж байна.
AirAsia-гийн нисэх онгоц осолдсон бололтой
Ням гаригийн өглөө радараас алга болж холбоо тасарсан AirAsia
компанийн нисэх онгоц осолдсон байж магадгүй хэмээн Индонезийн дэд Ерөнхийлөгч
Юсуф Кала мэдэгдлээ. Гэвч нисэх онгоц хаана осолдсон талаар ямар нэг мэдээлэл
байхгүй байгаа аж. AirAsia компанийн эзэн Тони Фернандес Индонезаас Сингапур
руу 162 зорчигчтой нисч явсан онгоц алга болсонд харамсаж байгаагаа илэрхийлэв.
“Нисэх онгоц осолдсон эсэхийг бид мэдэхгүй байна. Найдлага тавьж хүлээцгээе”
хэмээн тэрээр ярьжээ.
AirAsia компанийн Airbus А320-200 нисэх онгоц ням гаригийн үүрээр Индонезийн Сурабай хотоос хөөрөөд 42 минутын
дараа радараас алга болсон юм. Нисэх онгоцыг хайх ажиллагааг шөнөөр зогсоогоод
гэгээ орохоор дахин сэргээжээ.
QZ8501дугаарын нислэг
үйлдэж байсан Airbus A320-200 онгоцонд 162 зорчигч нисэх багийн хамт явж байсан
юм. Индонезийн 157, Өмнөд Солонгосын гурав, Малайз, Сингапурын нэг нэг иргэн
байгаа аж. AirAsia нь Малайзын агаарын тээврийн компани юм. QZ8501 дугаарын
нислэгийг тус компанийн Индонез дахь салбар гүйцэтгэж байжээ.
Wednesday, 24 December 2014
Амазоны индианууд тосгон руу дайрчээ
Амазон мөрний мачо-пиро омгийн индианууд Перу дахь уулын
нэгэн тосгоныг довтоллоо хэмээн BBC News мэдээлэв. Нум сумаар зэвсэглэсэн 200
орчим уугуул иргэн хоол хүнс олзлох зорилгоор Монт-Сальвадор тосгон руу дайрсан
байна. Тэд гэрийн тэжээмэл амьтан, мал, мах болон сав суулга, төмөр эдлэлийг
авч явжээ. Тосгоны оршин суугчдаас гэмтэж бэртсэн хүн байхгүй ч тэднийг өөр хот
руу нүүлгэн шилжүүлжээ.
Мачо-пиро омгийнхон XIX зууны сүүлчээр каучукийн анчдад
эх нутгаасаа хөөгдсөний дараа соёл иргэншлээс бүх харилцаа холбоогоо тасалсан
юм. Тэр цагаас хойш мачо-пиро нар нум сумны тусламжтайгаар шинэ эзэмшил газраа ой
мод огтлогч, хар тамхины наймаачин, нефть хайгч геологчдоос хамгаалан суух
болжээ. 2011 онд судлаач Флорес алдагдсан омгийнхонтой холбоо тогтоох гэж яваад
нум суманд өртөн амиа алдсан юм.
Жейкоб Зума сүүлчийн удаа гэрлэхээр шийджээ
Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Жейкоб Зума дахин гэрлэхээр
шийдсэн тухай орон нутгийн The Star сонин мэдээлэв. 72 настай төрийн тэргүүн
Квазулу мужид айлчлах үеэрээ зулус омгийн нэгэн хижээл эмэгтэйтэй танилцжээ. “Би
эхнэртэй. Гэхдээ дахиад нэг, сүүлчийн удаа гэрлэх хэрэгтэй байна” хэмээн тэрээр
ярилаа. Зулус уламжлалын дагуу, эрэгтэй хүн насныхаа эцэст дахин нэг
эхнэр авч асруулдаг аж. Өмнөд Африкийн Ерөнхийлөгч эдүгээ дөрвөн эхнэр, 200
хүүхэдтэй. Зума нийтдээ зургаан удаа гэрлэжээ. Олон нийтийн судалгаагаар, тус
улсын иргэдийн гуравны нэг нь олон эхнэртэй байх уламжлалыг эсэргүүцэж байна.
Эмэгтэйчүүдийн 83 хувь нь энэ уламжлалд таагүй хандаж байгаа нь харагджээ.
Монсеррат Кабальег шийтгэв
Испанийн дуурийн алдарт дуучин Монсеррат Кабальег татвараас
зайлсхийсэн хэмээн зургаан сарын хугацаатай тэнсэн харгалзах ялаар шийтгэжээ.
Түүнийг 508 мянган еврогийн татвар төлөөгүй хэмээн үзсэн байна. Тэрээр 2010 онд
ихэнх цаг хугацааг Андоррад амьдарч өнгөрөөсөн, зөвхөн эмч дээр очих гэж
Барселонад очдог байсан хэмээн өөрийгөө зөвтгөсөн ч нэмэр болсонгүй. Шүүхээс
Кабальег зургаан сарын тэнсэнгээр шийтгэснээс гадна 240 мянган еврогийн
торгууль ногдуулав. Дуурийн дуучин энэ хугацаанд торгуулийг төлнө хэмээн
прокурорын газарт амласан байна. Испанийн татварын албаныхан алдарт хөлбөмбөгч
Лионель Мессийг дөрвөн сая еврогийн татвараас зайлсхийсэн хэмээн буруутгасан
юм. Хөлбөмбөгчийн эцгийг мөнгө угаасан хэмээн хуулийн байгууллага үзэж байгаа
аж.
Пакистанд цэргийн шүүх байгуулна
АНУ, Кубын эсперматозойдын дипломат ёс
-Кубыг тагнуулч Херардо Эрнандесийн үрийн шингэний
тээвэрлэлт хоёр улсын харилцааны мөс хайлахад гол нөлөө үзүүлжээ-
Америк, Хятадын хоорондох харилцаа сайжрахад ping pong буюу ширээний теннисийн дипломат ёс (1970-аад оны эхээр
Хятад, Америкийн ширээний теннисийн тоглогчид харилцан тоглолт хийсэн нь улс
төрийн харилцаа сэргэхэд гол нөлөө үзүүлжээ) чухал үүрэг гүйцэтгэж
байв. Тэгвэл өнөөдөр Куба, Америкийн тохиолдол дээр эсперматозойд (үрийн шингэн) дипломатчийн үүрэг гүйцэтгэжээ. Учир нь, АНУ-д бүх насаараа хоригдох ял
эдэлж байсан куба тагнуулч Херардо Эрнандесийн үрийн шингэнийг Кубад аваачсан
нь Хүйтэн дайны сүүлчийн хананы нэг нуран унаж эхлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн
юм.
Херардо өнгөрсөн бямба гаригт хөл хүнд эхнэр Адриана
Пересийн хамт Гаванад олон нийтийн өмнө гарч ирэх хүртэл хамгийн өндөр түвшний
яриа хэлэлцээ дөрвөн жил үргэлжилсэн ажээ. Куба залуу хайртай бүсгүйгээ
жирэмслүүлэхэд 16 жилийн хагацал саад болсонгүй. Тэд охинтой болвол Paz буюу Энх тайван гэж нэрлэхээр болжээ. 2010 онд Барак Обама Цагаан ордонд
ирсний дараа хоёр улсын харилцаанд сайжрал бий болсны хүрээнд Кубын тал анх энэ
сэдвийг хөндсөн аж. Гэвч тэр үед Америкийн шоронгийн системийн дагуу хоригдлыг
эхнэртэй нь дотно байдлаар уулзуулах боломжгүй байсан юм.
Шоронгоос хэн нэгэн хоригдлын үрийн шингэнийг авч гарах
боломж байдаг ч куба тагнуулч Эрнандесийн хувьд ямар ч боломжгүй байв. Тэрээр “хэтэрхий
чухал” хоригдол байсан тул хууль эрх зүйн системд ямах нэг алдаа гарах вий
хэмээн ихэд болгоомжилж байлаа. Хажуугаар нь хоёр улсын харилцааны асуудал
ихээхэн нөлөөлж байсан юм. Хүмүүс АНУ-аас Куба руу хяналттай, хязгаарлалттай
аялдаг бол хэдэн сая эсперматозойдыг хэрхэн нэг саванд хийгээд тийшээ авч явж
болох билээ?
2012 оны нэгдүгээр сард Обамагийн зөвлөх Рикардо Зуньига,
Бен Родс нар хоёр талын харилцааг яаж сайжруулж болох талаар Кубын талтай анхны
уулзалтыг хийжээ. Хоёрдугаар сард Ардчилсан намын сенатч, Кубын эсрэг хориг
арга хэмжээг цуцлахыг дэмждэг Патрик Лихи Гаванад айлчиллаа. Түүний уулзсан
хүмүүсийн дотор куба тагнуулчийн эхнэр Перес байжээ. Лихи асуудлыг шийдэх зорилготойгоор
АНУ руу буцлаа. Тэгээд хэвлэл мэдээллээр гараад байдаггүй ч Төрийн
департаментад онцгой нөлөөтэй зөвлөх Тим Рейзерт ханджээ.
Рейзер кубуудад хандаж нэгэн тодорхой санал тавилаа:
Адриана Пересийг жирэмслүүлсний хариуд Гаваны эрх баригчид Кубад тагнуул хийсэн
хэргээр шийтгүүлээд байсан Америкийн иргэн Алан Гроссын шоронгийн нөхцөлийг
сайжруулах. Ийнхүү Гросс хоригдож буй гяндангийхаа гэрлийг шөнөөр унтраалгаж
чадсан гэдэг. Мөн тэрээр Рейзертэй хэд хэдэн удаа утсаар ярьжээ.
Гэвч нөгөө нэг асуудал үлдээд байсан нь Эрнандесийн үрийн
шингэнийг гаргаж авах байв. The New York Times сонинд бичсэнээр, Америкийн
түүхэнд хоригдлыг хиймэл жирэмслүүлэлтэд оролцуулсан ганцхан тохиолдол байсан
аж. Куба тагнуулч Херардо Эрнандесийг хоёр дахь нь болгохын тулд Рейзер хамаг
нэр нөлөөгөө ашиглах хэрэгтэй болов. Эцсийн эцэст түүний хөлдөөсөн үрийн
шингэнийг Панамд аваачиж тэнд Адрианаг жирэмслүүлсэн байна. Тэгээд л АНУ,Кубын
хоорондох мөс хайлж эхэлжээ. Адриана бүсгүй энэ 16 жилийн хугацаанд нөхөртэйгээ
уулзах гэж олон удаа оролдсон АНУ түүнд виз өгөөгүй юм.
Улмаар “Кубын тав”-аас
Америкийн шоронд үлдээд байсан гурван тагнуулч (тэдний нэг нь Эрнандес) суллагдан эх орондоо
ирж, Алан Гросс ч суллагдан АНУ руу буцсан юм. Ерөнхийлөгч Барак Обама 1961
оноос хойш тасарсан дипломат харилцааг сэргээж буйгаа зарлаж, харилцан элчин
сайдын яамаа нээхээр болсон. Ийнхүү 60 орчим жил үргэлжилж буй Кубын эсрэг
хориг арга хэмжээ төгсгөл болоход ойртлоо хэмээн тоймч, ажиглагчид үзэж байна.Зургийн тайлбар: Херардо Эрнандес эхнэр Адриана Пересийн хамт
Monday, 22 December 2014
Хойд Солонгост интернэт алга болов
Хойд Солонгот даяар интернэт ихээхэн доголдож байна
хэмээн Associated Press агентлаг уламжлав. Зарим эх сурвалж баталж буйгаар, интернэт
бүх орон даяар тасалдаж байгаа аж. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хэвлэлийн
бага хурал хийлгэхдээ, Sony Pictures компани руу кибер халдлага хийсэн Хойд
Солонгосын эрх баригчдад зохих хариуг нь өгөх хэрэгтэй хэмээн мэдэгдсэн билээ.
Эдүгээ Хойд Солонгост интернэт доголдсон нөхцөл байдалд
Цагаан ордон тайлбар хийхгүй байна. Төрийн департаментын төлөөлөгч Мари Харф
хэвлэл мэдээллийнхэнтэй уулзахдаа “Америкийн хариу арга хэмжээ нүдэнд харагдана.
Зарим нь харагдахгүй ч байж болно” хэмээн ярьжээ.
Хамгийн хөгшин горилла сармагчин 58 нас хүрлээ
Охайо мужийн амьтны хүрээлэнд амьдарч буй дэлхийн хамгийн
хөгшин горилла сармагчин 58 нас хүрчээ. Коко хэмээх нэртэй гориллагийн төрсөн
өдрийн баярыг онлайнаар шууд дажуулжээ. Коко насныхаа баяраар самар, алимны
нухаш, зөгийн бал, луувангийн үйрмэг, таргаар хийсэн Охайо мужийн газрын зургийн
хэлбэртэй бялуу бэлгэнд авчээ. Хамгийн хөгшин горилла сармагчинд янз бүрийн
бэлэг гардуулж, амьтны хүрээлэнгийн ажилчид дуу дуулж өгчээ. Төрсөн өдрийн
баярт зуу гаруй зочид хүрэлцэн иржээ.
Сирийн дайн Ливанд 20 тэрбум долларын алдагдал учруулжээ
Сирид дөрвөн жилийн турш үргэлжилж буй иргэний дайн хөрш
Ливан улсад 20 тэрбум долларын алдагдал учруулсан хэмээн France 24 телевиз
мэдээлэв. “Сирийн хямралтай холбоотой хэд хэдэн хүчин зүйлийн улмаас 20 тэрбум
долларын хохиол учраад байна” хэмээн Ливаны Нийгмийн сайд Рашид Дербас хэллээ. Дайнаас
болж Ливаны эдийн засаг доголдож буйн зэрэгцээ тус улсад Сирийн сая гаруй
дүрвэгч орж ирээд байна. Олон улсын байгууллагаас амласан дүрвэгчдэд үзүүлэх
санхүүгийн тусламж ирэхгүй байгаа нь Ливан улсыг хүнд байдалд оруулж байгаа аж.
Э.Сноуден ажилд орж, байр хөлсөлжээ
АНУ-ын тусгай албаны ажилтан асан Эдвард Сноуден Мсоквад
ажилд орж, энгийн байр хөлслөн амьдрах болжээ. Энэ тухай түүний өмгөөлөгч Анатолий
Кучерена “Российской газете” сонинд ярьсан байна. “Тэр мэргэжлээрээ, IT технологийн чиглэлээр нэг компанид ажиллаж байгаа. Тэр ажил хийж байгаа нь
тун сайн хэрэг. Учир нь хүн өөрийгөө олж, бие дааж амьдрах нь тун чухал байдаг.
Тэрнээс дөрвөн хананы дунд суугаад байвал галзуурна биз. Сноуден Мосвагаар явж,
метронд сууж, дэлгүүрт орж хоол хүнс гээд шаардлагатай зүйлсээ худалдан авч
байгаа” хэмээн Кучерена ярьжээ. “Миний аюулгүй байдал Орост бүрэн хангагдсан “
хэмээн Сноуден мэдэгдэж байсан юм.
Тунист 88 настай экс спикер Ерөнхийлөгчийн сонгуульд
ялжээ
Тунист болсон Ерөнхийлөгчийн сонгуульд эрх мэдлээсээ
зайлуулагдсан Ерөнхийлөгч Бен Алигийн үед парламентын спикерээр ажиллаж байсан
88 настай Бежи Каид Эссебси ялалт байгуулжээ. Тэрээр 55.6 хувийн санал авсан
бол, түүний гол өрсөлдөгч, өнөөгийн Ерөнхийлөгч Монсеф Марзуки 44.3 хувийн
санал авчээ. Эссебсийн ялалтыг өмнөд хэсгийн Хаммет хотын иргэд “Тэр бол
Ерөнхийлөгч асан Бен Алигийн хүн” хэмээн эсэргүүцэж байна. Иргэд “Хуучин
дэглэмийнхэн буцаж ирэх ёсгүй” хэмээн хашгиралдаж, дугуй шатаан, цагдаагийн
хэсэг рүү дайрчээ. Гэвч цагдаа нар нулимс асгаруулагч ашиглан үймээн
дэгдээгчдийг номхруулж чадсан байна.
2011 онд Тунист эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, 1987 оноос
хойш төр барьж байсан Ерөнхийлөгч Бен Алиг эрх мэдлээс хүчээр зайлуулсан юм.
Бен Али төрийн ихээхэн мөнгийн хулгайлж, Франц руу загтан гарчээ. Тунис дахь
эсэргүүцлийн хөдөлгөөн “Арабын хавар”-ын эхийг тавьсан юм.
Италид неофашистуудыг баривчлав
Италийн цагдаа неофашист “Шинэ эмх журам” хэмээх
хөдөлгөөний 14 гишүүнийг баривчилжээ. Тэд улстөрч, прокурор, цагдаа нарын эсрэг
халдлага үйлдэхээр бэлтгэж байсан хэмээн мэдээлж байна. Неофашист бүлгийн
гишүүд арьс өнгөөр ялгаварлах үзлээр халхавчилж аллага үйлдэхээр зэхэж байснаас
гадна ардчилсан тогтолцоог сүйтгэх төлөвлөгөө боловсруулсан байжээ.
Баривчлагдсан хүмүүсийн дотор байгаа 48 настай Стефано
Маннийг “Шинэ эмх журам” бүлгийн толгойлогч хэмээн үзэж байна. Цагдаагийн
ажилтан байсан тэрээр хэт үндсэрхэг үзэлтэй бүлэгтэй холбоо сүлбээтэй байжээ. 1970-аад
онд үүсч байсан хэт үндсэрхэг “Шинэ эмх журам” бүлэг нь нууц байдалд шилжин
ажиллаж байсныг ийнхүү илрүүлсэн хэмээн хэвлэлд бичиж байна.
Хойд Солонгос АНУ-ыг бөмбөгдөнө хэмээн сүрдүүлэв
Хойд Солонгосын эрх баригчид Цагаан ордон, Пентагон болон
АНУ-ын эх газрыг бөмбөгдөнө хэмээн сүрдүүллээ. Энэ мэдээлэл Солонгосын төвийн
мэдээллийн агентлагийн сайтад тавигджээ. Пхеньян АНУ-ыг бүх фронтоор довтлоно
хэмээн нэг бус удаа сүрдүүлж байна. “Манай зорилго бол бүх солонгосуудын
дургүйцлийг төрүүлсэн Америкийн империалистуудад цохилт өгөх” хэмээн уг
мэдээлэлд онцолжээ. Хоёр улсын харилцаа ийнхүү дахин хурцдах болсон шалтгаан нь
Хойд Солонгосын лидер Ким Чен Уны амь насанд халдаж буй тухай өгүүлдэг “Ярилцлага”
хэмээх инээдмийн кино болоод байна.
Энэ киног бүтээсэн Sony Pictures компани кибер халдлагад
өртөөд байгаа билээ. Холбооны мөрдөх товчооны мөрдөн шалгалтаар, энэхүү кибер
халдлагын ард Пхеньян зогсож байгаа хэмээн мэдэгдсэн ч Хойд Солонгосын эрх
баригчид үүнд ямар нэг байдлаар хамаатай гэдгээ эрс няцааж, уг хэрэг ядвлыг
хамтран шалгахад бэлэн гэдгээ мэдэгдсэн билээ. Sony компанийг Хойд Солонгосын
хакерууд довтолсон хэмээн Ерөнхийлөгч Барак Обама хүртэл цухуйлгаад амжсан юм. Харин
Хойд Солонгосын тал “Бид үүнийг хийгээгүй” хэмээн мэдэгдсэн ч “Тэр бол үнэхээр
зөв довтолгоо болсон байна” хэмээн үнэлсэн аж.
“Хойд Солонгосын арми, ард түмэн АНУ-тай бүх л талбарт,
тэр тусмаа кибер дайны талбарт ч тулгарахад бэлэн байна. Бидний хамгийн эрс
шийдэмгий хариу үйлдэл Цагаан ордон, Пентагон, терроризмийн үүр уурхай болсон
АНУ-ын бүх газар нутгийг хамрах болно. Обамагийн зарласан хариу үйлдлийг манай
үйлдэл, довтолгоо хол давж гарах болно” хэмээн Хойд Солонгосын төрийн
мэдээллийн агентлагийн мэдэгдэлд онцолсон байна.
“Ярилцлага” кинонд
Америкийн хоёр сэтгүүлч (Rеймс Франко, Сет Роген нар тоглосон) хөөцөлдсөөр Ким Чен Унаас ярилцлага авахаар
болдог. Гэтэл Тагнуулын төв газар энэ тухай олж мэдээд сэтгүүлчдийг Хойд
Солонгосын лидерийн амь насанд халдах үйл хэрэгт дайчилдаг аж. Sony Pictures
компани кибер халдлагын улмаас “Ярилцлага” киног Америкийн кино театруудад
гаргахаас татгалзсан нь Холливудын алдартнуудын зүгээс “Үг хэлэх эрх чөлөөг
боомиллоо” гэсэн шүүмжлэлтэй тулгарчээ. Америкийн кино театрууд ч хакеруудын
сүрдүүлгийг хүлээж авсныхаа дараа уг киног гаргахаас татгалзсан юм.
Sunday, 21 December 2014
Спортын нүүрэнд шөөөөөөөөөөөө
Роналдогийн хүрэл хөшөө босчээ
Португалын шигшээ болон Испанийн Реал Мадрид клубын
тоглогч Криштиано Роналдо өчигдөр төрөлх Мадейра арал дээр хөшөөнийхээ нээлтэд
оролцжээ. “Би мэндэлж, өсч том болсон, миний үндэс угсаа, гэр бүл минь байгаа төрөлх
Мадейра арал дээрээ ирсэндээ тун баяртай байна. Мадйерагийнард түмэнтэй хамт
байх нь миний хувьд тун онцгой, чухал үйл явдал юм” хэмээн сэтгэл нь хөдөлсөн
Роналдо ярилаа.
Мадейра арлын нийслэл Фунчал боомтод 800 кг хүрлээр
Роналдогийн хоёр метр 40 см өндөр хөшөөг босгосон юм. Энэ хөшөөний хажууд нэрт
хөлбөмбөгчийн сузей байдаг бөгөөд Мадейрад ирсэн аялагч, жуулчдын хамгийн их
зочилдог газар юм. Роналдо 2015 онд дахин Аваргуудын лигт түрүүлэх хүсэлтэй
байгаагаа дуулгасан байна. “Хүмүүсийг амьд байхад нь хөшөөг нь босгохыг би
дэмждэг. Энэ хүндэтгэл дахин олон тэмцээнд түрүүлэх урам зоригийг өгч байна”
хэмээн дэлхийн шилдэг хөлбөмбөгч Роналдо ярилаа.
Роналдиньод сануулга өгөв
Бразилийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг Роналдиньо Мексикийн “Керетаро”
багт тоглож байгаа. Тэрээр шинэ багт ирснээсээ хойш хэд хэдэн чухал гоол хийж,
багийн эдийн засгийн байдлыг дээшлүүлээд байгаа ч нэг шуугиан дэгдээгээд байна.
Мексикийн лиг завсарлаад улирал эхлэх гэж байхад амралтаа
авсан гэх Роналдиньо хаана байгаа нь мэдэгдэхгүй байна. Керетаро баг улирлын өмнөх
бэлтгэл болгож Torneo Clausura 2015 тэмцээнд орох гэж байгаа ч бразил
хөлбөмбөгч бэлтгэл дээр ирэхгүй байгаа юм. Керетаро клубын Ерөнхийлөгч “Хэрвээ
Рональдиньо энэ долоо хоногт ирэхгүй бол бид шийдвэр гаргах болно. Тэр
амралттай гэж худлаа хэлээд алга болчихлоо. Клубын шийдвэрийг үл ойшоовол хөөх
хүртэл арга хэмжээ авна” хэмээн ярьжээ. Зугаа цэнгэлд хэтэрхий дуртай бразил
хөлбөмбөгч эх нутагтаа очиж наргисаар яваа мэдээлэл ирж байгаа аж.
Хойд Солонгосыг терроризмийг дэмждэг орнуудын жагсаалтад оруулж
магадгүй
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Хойд Солонгосыг
терроризмийг дэмждэг орнуудын жагсаалтад дахин оруулж магадгүй талаар
мэдэгджээ. Саяхан энэ жагсаалтаад Кубаг хасаад байгаа билээ. “Бид терроризмийг
дэмждэг орнуудыг тодорхойлохдоо тун нарийн шалгуур тавьдаг. Дөнгөж өчигдөр
болсон хэрэг явдал дээр тулгуурлаж дүгнэлт хийдэггүй” хэмээн Цагаан ордны эзэн
ярьжээ.
Хойд Солонгос улс террористуудыг дэмждэг орнуудын
жагсаалтаас зургаан жилийн өмнө хасагдсан юм. Саяхан Sony Pictures
Entertainment компанийн сервер кибер халдлагад өртсөн нь Хойд Солонгосын
хакеруудтай холбоотой байж магадгүй байгаа нь дээрх шийдвэрийг цуцлах сэжүүр
болж байгаа бололтой.
А.Яценюкт илжиг санал болгов
Украины Дээд Радын “Петр Порошенкогийн эвсэл” намын депутат
Сергей Калинин Ерөнхий сайд Арсений Яценюкт хандаж албаны Mercedes автомашинаа
илжгээр солихыг зөвлөжээ. Сайд нарын танхимийн тэргүүн автомашиныхаа зуны
дугуйг өвлийнхээр солихын тулд нэг дугуйнд 42 мянган гривен (хоёр мянга 600 доллар) зарцуулсан нь парламентын гишүүдийн шүүмжлэлд өртсөн юм.
“Иргэд автомашиныхаа өвлийн дугуйг сольж чадахгүй зуны
дугуйтай явж байхад Ерөнхий сайдын үйлдэл нь улс орны нүүр, сэтгэл рүү нулимсан
хэрэг боллоо. Төрийн мөнгийг ингэж зарцуулж болохгүй” хэмээн Каплин ярилаа. Эдийн
засгийн хүнд үед бүгд, тэр тусмаа төрийн албан хаагчид хэмнх шаардлагатай
байгаа аж. Төрийн албаны зардлыг 70 хувь хэмнэх боломжтой байгаа хэмээн Каплин үзэж
байна.
АНУ Кубатай ойртож буйг эсэргүүцжээ
АНУ-ын Майами хотод 200 гаруй куба гаралтай иргэд
гудамжинд гарч Вашингтон, Гавана хоёр дипломат харилцаагаа сэргээж буйг
эсэргүүцжээ. Жагсагчид “Обама урвагч” хэмээн хашгиралдаж, хоёр улсын далбааг
намируулж байв. Майами хотын Little Havana дүүргийн цэцэрлэгт цугласан
хүмүүсийн дунд Кубын сөрөг хүчний лидерүүд, мөн куба гаралтай америк улстөрчид
байжээ. Цуглаанд оролцсон Кубын “Цагаан хатагтай нар” хөдөлгөөний (2000 оны эхээр Кубад баривчлагдсан тэрс үзэлтнүүдийн эхнэр, ээжүүдийг
нэгдгэдэг) төлөөлөгч Берта Солер “Кубад эрх чөлөө хэрэгтэй. Энэ эрх чөлөө
куба иргэдээс өөрсдөөс нь хамаарна” хэмээн хэлжээ.
Ерөнхийлөгч Б.Обама Кубатай дипломат харилцаагаа сэргээж
байгааг зарласны дараа АНУ-д амьдардаг куба гаралтай иргэдийн дунд социологийн
санал асуулга явуулахад залуу, дунд, хөгшин үеийнхний хооронд хагарал үүсч буй
нь харагджээ. 65-аас дээш насны куба гаралтай иргэд АНУ, Куба дипломат
харилцаагаа сэргээж буйг эрс эсэргүүцэж байна. 65-аас доош насныхан болон Кубад
төрчихөөд АНУ-д ирж суурьшсан иргэд Б.Обамагийн бодлогыг дэмжиж байгаа аж. Цагаан
ордны эзэн Кубатай ойртон нөхөрлөх бодлогоо хэд хоногийн өмнө зарласан юм.
Вашингтон, Гавана хоёр 1961 оноос хойш тасарсан дипломат харилцаагаа сэргээж,
харилцан Элчин сайдын яамаа нээхээр болсон билээ. 1960 онд АНУ Кубын эсрэг
эдийн засаг, худалдааны хориг арга хэмжээ авчээ. 1959 онд эрх чөлөөний арал
дээр Фидель Кастро АНУ-ыг дэмжигч Фулхенсио Батистагийн дэглэмийг түлхэн унагаж
эрх мэдэлд гарч ирсний дараа Вашингтон ийм алхам хийсэн юм.
ЭТА-гийн зэвсгийг хураах төлөвлөгөөг санал болголоо
Испанийн Баски мужийн Засгийн газар гурван жилийн өмнө
гал зогсоож буйгаар зарласан салан тусгаарлагч ЭТА бүлгийн зэвсгийг хураах
төлөвлөгөөг танилцуулжээ. Тухайлбал, ЭТА-гийн мэдэлд байгаа зэр зэвсгийг
бүртгэж, эрх баригчдад хүлээлгэж өгөх ажлыг хариуцах тусгай комисс байгуулах
саналтай байна. Харин Мадридын төвийн Засгийн газар ЭТА бүлэгтэй хэлэлцээ
хийхээс татгалзаж, салан тусгаарчлагчдын зэвсгийг хураах үйл явц ямар нэг
урьдчилсан болзолгүйгээр хийгдэх ёстой хэмээн үзэж байгаа юм. Баскийн ЭТА бүлэг
1959 онд байгуулагдсан ба баскуудын тусгаар тогтносон улс байгуулах гол
зорилготой байсан юм.
Персийн булангийн орнууд нефтийн олборлолтоо багасгахгүй
“Аллах акбар” гэж хашгирсан эр 11 хүнийг автомашинаар
мөргөжээ
Францын Дижон хотод өчигдөр “Аллах акбар” хэмээн хашгирч
явсан жолооч 11 хүнийг мөргөж гэмтээжээ. Франс Пресс агентлаг мэдээлснээр, хоёр
хүн хүнд гэмтсэн байна. Мань эр 30 минутын турш хотоор сэлгүүцэхдээ гарцаар
гарж байсан хүмүүс рүү таван удаа дайрч довтолсны дараа баривчлагдав. Тэрээр сэтгэцийн
эмнэлэгт эмчлүүлж байсан эрүүл бус хүн бололтой. Гурав хоногийн өмнө Францад
хутгаар зэвсэглэсэн нэгэн эр “Аллах акбар” хэмээн хашгиран цагдаа нар руу дайрч
байгаад буудуулсан юм. Дижон хотод машинд мөргүүлж хүнд гэмтсэн хоёр хүний амь
нас аюулгүй хэмээн мэдээллээ.
Гэрчүүдийн баталж буйгаар, 40 орчим насны эр гарцаар гарч
яваа хүмүүсийг мөргөхдөө “Аллах акбар. Палестины хүүхдүүдийн төлөө” хэмээн
хашгирч байсан аж. Дижон хотыг айдаст автуулсан этгээд ганцаараа байсан хэмээн
Францын Дотоод хэргийн яамны төлөөлөгч мэдэгдэв. Тэр этгээд сүүлийн 20 жилийн
турш янз бүрийн жижиг гэмт хэрэг үйлдэж, хууль хяналтынхны хараанд орсон нэгэн
байжээ. Францын Ерөнхий сайд бэртэж, гэмтсэн хүмүүст сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэн
байна.
Дижон дахь хэрэг явдлын өмнө Тур хотод нэг этгээд хутгаар
зэвсэглэн гурван цагдааг шархдуулсан юм. Дотоод хэргийн яамны сайд Бернар
Казеневийн хэлж буйгаар, энэ хэргийг үйлдсэн этгээд мөн сэтгэцийн эмгэгтэй
нэгэн аж. Дээрх хэргүүдийг мөрдөн шалгах ажиллагаанд терроризмтэй тэмцэх
хэлтсийн мэргэжилтнүүд нэгдээд байна.
Франц дахь лал шашинтнуудын нийгэм Европт хамгийн томд
тооцогддог. Тус улсад 5-6 сая лал шашинтнууд амьдарч байгаа юм. Сүүлийн
жилүүдэд өөрсдийгээ лал шашинд хамаатуулсан этгээдүүд ганцаараа халдлага,
довтолгоо үйлдэх нь ихэсчээ. Өнгөрсөн онд Парист лал шашинд орсон нэгэн этгээд
цэргийн албан хаагчийг хутгалан амь насанд нь хүрчээ. Мөн Бельгийн Брюссель
хотын Еврейн музейд дөрвөн хүний аминд хүрсэн хэргийн гол сэжигтэн нь Сирид
байлдаж байсан франц хүн байв. 2012 онд Тулуз хотод Мохамед Мера долоон хүнийг
буудсаны дараа цагдаа нартай буудалцаж байгаад алуулжээ.
Wednesday, 17 December 2014
Колумбын босогчид гал зогсоож буйгаар зарлав
Колумбын хувьсгалт зэвсэгт бүлгийн (FARC) дайчид
арванхоёрдугаар сарын 17-ноос эхлэн дангаар гал зогсоож буйгаа зарлалаа хэмээн France-Presse
агентлаг уламжлав. “Бид нэг талын шийдвэрээр гал зогсоож, дайн байлдааны
ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоож байна. Залгуулаад эвлэрэлд хүрэх
ёстой” хэмээн FARC-ийн мэдэгдэлд
онцолжээ. Колумбын армийн зүгээс довтолгоо ирсэн тохиолдолд дахин зэвсгээ барин
босно хэмээн босогчид сануулав. Арванхоёрдугаар сарын 16-нд Засгийн газрын
цэрэг оролцсон тулаанд есөн босогч амь үрэгдсэн байна.
Ираны талаарх хэлэлцээ 2015 оны нэгдүгээр сард болно
Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээний шинэ шат 2015 оны
нэгдүгээр сард болно хэмээн ОХУ-ын Гадаад хэргийн сайдын орлогч Сергей Рябков
мэдэгдэв. “Хэлэлцээний шинэ шат нэгдүгээр сарын дундуур болохоор тохиролцлоо. Уулзах
газрыг Ираны төлөөлөгчидтэй тохиролцоно” хэмээн Рябков хэллээ. Тегеран болон
олон улсын зургаан зуучлагчийн хоорондох хэлэлцээ 2015 оны гуравдугаар сард
шинэ шатанд гарна хэмээн тооцоолж байна. Иран улс энхийн зорилгоор цөмийн эрчим
хүч ашиглах эрхтэй хэмээн мэдэгдсээр байгаа юм.
Грекийн парламент Ерөнхийлөгчийг сонгож чадсангүй
Грекийн парламент эхний санал хураалтаар улс орны Ерөнхийлөгчийг сонгож
чадсангүй. Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшсэн Европын холбооны хүрээлэн
буй орны комиссар асан Ставрос Димас шаардлагатай 200 санал авахад 40 санал
дутжээ. Хоёр, гуравдугаар шатны санал хураалт хоёрдугаар сарын 23, 29-нд болох
юм. Ерөнхийлөгчийг сонгож чадахгүй бол парламент тарах ажээ.
Хенри матар 114 насны төрсөн өдрөө тэмдэглэв
Б.Обама, Р.Кастро нар дипломат харилцаагаа сэргээж буйгаа зарлалаа
АНУ, Кубын хувьд түүхэн өдөр тохиож байна. Хоёр улсын лидер Барак Обама,
Рауль Кастро нар 1961 оны нэгдүгээр сараас хойш тасарсан дипломат харилцаагаа
нэн даруй сэргээх болсноо зарлалаа. Ингэснээр хоёр улс харилцан элчин сайдын
яамаа нээж, АНУ-ын өндөр албан тушаалтнууд Кубад байнга зочилж байхаар болж
байна.
“Арлыг ганцаардуулах бодлого үр дүнгээ өгсөнгүй. Бодлогоо өөрчлөх цаг
ирлээ” хэмээн Обама Вашингтон хотоос мэдэгдсэн бол, Рауль Кастро Гавана хотноо “Хоёр
улсын харилцааг сайжруулах цаг ирлээ” хэмээн онцолжээ. Обама, Кастро хоёр
өнгөрсөн мягмар гаригт Ромын пап лам Франциск гол үүрэг гүйцэтгэсэн 18 сарын
нууц хэлэлцээг төгсгөл болгон 45 минут утсаар ярилцсаны эцэст дээрх мэдэгдлийг
хийсэн байна. Цагаан ордон энэ алхмыг “Түүхэн” хэмээн тодотгосон юм. Хоёр
удирдагч нийслэлдээ мэдэгдэл хийхээс өмнө Кубад таван жил хоригдсон Америкийн
иргэн Алан Гросс суллагдаж Вашингтонд хөл тавьсан байна.
Түүнийг суллах нь харилцааг сэргээх чухал нөхцөлийн нэг байсан. Гаваны
эрх баригчид мөн АНУ-ын талд тагнуул хийсэн хэргээр 20 жил шоронд суусан Кубын
тагнуулын ажилтныг сулласан юм. Вашингтон хариу болгож АНУ-ын нутаг дэвсгэр
дээр тагнуул хийсэн хэргээр олон жилийн ял эдэлж байсан Кубын гурван
тагнуулчийг сулласан байна.
Дипломат харилцааг сэргээж, элчин сайдын яамаа нээснээр Кубын эсрэг
АНУ-ын хориг арга хэмжээ төгсгөл болохгүй аж. Гэвч Б.Обама хориг арга хэмжээг
зөөлрүүлэх шинэ алхам хийх болно хэмээн амлаж байна. Ерөнхийлөгч “Хориг арга
хэмжээний талаарх шийдвэр Конгрессоос хамаарна. Конгресс эцэст нь хоригийг цуцлахад
хүргэх “нэр төртэй, нухацтай” хэлэлцүүлэг өрнүүлэх байх” хэмээн ярьжээ. Америкт
амьдардаг куба гаралтай иргэдийн дунд Кастрогийн дэглэмтэй ойртон нөхөрлөхийг
эсэргүүцдэг хүмүүс олон байдаг. Гэвч Б.Обама тэдэнд хандаж тухайн цаг үедээ “хамгийн
зөв”-д тооцогдож байсан Кубын эсрэг хориг арга хэмжээ арал дээр ямар ч өөрчлөлт
авчраагүйг хүлээн зөвшөөрөхийг хүсчээ. “Миний санал болгож буй зүйл Кубыг нэг
шөнийн дотор өөрчлөхгүй. Гэвч энэ бодлогын ачаар илүү олон ахиц дэвшилд хүрнэ
гэдэгт итгэлтэй байна” хэмээн Цагаан ордны эзэн өгүүлэв.
Ойрын саруудад Гавана хотод АНУ-ын Элчин сайдын яамыг нээж, элчин сайдыг
томилно хэмээн Обама хэллээ. Мөн өндөр тушаалын дипломатууд аралд зочилж, хоёр
улсын хооронд өрнөж буй яриа хэлэлцээг ахисан түвшинд гаргах ажээ. Бас нэг
алхам нь терроризмийг дэмждэг улсуудын жагсаалтаас Кубыг хасах. Обама Төрийн
нарийн бичгийн дарга Жон Керрид хандаж Куба улсыг дээр жагсаалтаас хасах
асуудлыг зургаан сарын дотор шийдэхийг үүрэгджээ. Өнөөдөр дэлхий нийтэд
заналхийлж буй “Аль-Кайда”, “Исламын улс” зэрэг террорист бүлгүүдтэй Куба улс харилцаа,
хамааралгүй гэдгийг Ерөнхийлөгч санууллаа. Түүнээс гадна эдийн засгийн үйл
ажиллагаа, айлчлалын боломжийг нэмэгдүүлэх зорилгоор АНУ-ын Сангийн яам,
Нөөцийн газрын дүрэм журамд өөрчлөлт оруулахаар болж байна. Ингэснээр Кубад
аялж, айлчлах америк иргэдийн тоог нэмж, Куба руу илгээдэг мөнгөн гуйвуулгын
хэмжээг 500-гаас 2000 болгон нэмэгдүүлэх ажээ. Мөн Куба руу аялсан хүмүүс 400
долларын үнэтэй бараа, сэлттэй буцаж ирэхийг зөвшөөрөх юм.
Барак Обамагийн засаг захиргаа Кубатай харилцаагаа сэргээх нь үндэсний
ашиг сонирхолтой нь холбоотой байсан. Кубатай муу харилцаатай байх нь Латин
Америктай харилцах харилцаанд сөргөөр нөлөөлж байгааг Цагаан ордон хүлээн
зөвшөөрч байна. Б.Обама дөрөвдүгээр сард Панамд болох Америкийн дээд хэмжээний
уулзалт дээр Р.Кастротой уулзахаар төлөвлөж байна. АНУ-ын ТӨрийн нарийн бичгийн
даргын туслах Роберт Якобсон 2015 оны нэгдүгээр сард Кубад айлчлахаар боллоо
хэмээн Reuters мэдээлэв. Тэрээр хоёр улсын хоорондох хэлэлцээнд АНУ-ын
төлөөлөгчдийн тэргүүлж байгаа юм.
Tuesday, 16 December 2014
Филиппины хоригдлууд жакуззи, стриптиз зэргээр тансагладаг байжээ
Жакуззи, баар, стриптиз... Энэ бол Филиппины хар тамхины наймаачдын
шорон дахь тансаг амьдрал. Өнгөрсөн даваа гаригт цагдаа нар Манила хотын захад
байдаг Билибид шоронд шалгалт хийхэд хар тамхины мафийн “том гарууд” шорон
дотроос гэмт хэргээ удирдан, тэндээ янз бүрийн хэлбэрээр тансаглан суудаг
байсан нь илэрчээ. “Хоригдлуудыг тансаглуулж байсан хүмүүс бүгд шийтгэл
хүлээнэ” хэмээн Филиппины Ерөнхийлөгч Б.Акино мэдэгдлээ. Шоронгийн ажилтнууд
авлигад идэгдэж, хоригдлууд шорон дотор хар тамхи татаж, хиймэл хүүхэлдэй,
стриптиз, жакуззи зэргээр зугаацах боломжийг олгосон байв. Билибид шоронд
нийтдээ 20 орчим өрөөг ийнхүү “тохижуулсан” байжээ. Transparency International байгууллагын
мэдээллээр, Филиппин улс авлигын үзүүлэлтээр 175 орноос 85-д жагсчээ.
Ж.Буш Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоход бэлэн
АНУ-ын 43 дахь Ерөнхийлөгч Жорж Бушийн дүү Жеб Буш 2016 оны
Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоход бэлэн гэдгээ мэдэгджээ. Тэрээр Талархлын
өдрөөр гэр бүлтэйгээ ярилцсаны дараа ийм шийдвэрт хүрсэн гэдгээ хэллээ. “Америкт
хүчтэй удирдлага хэрэгтэй байгааг ярилцаж, эргэцүүлсний эцэст АНУ-ын
Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх боломжийг нухацтай судалж үзэх
шийдвэрийг гаргалаа” хэмээн Жеб Буш ярилаа. Жорж Буш 2009 онд Цагаан ордныг
орхисны дараа л дүү Жеб Буш нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж магадгүй гэсэн
яриа гарсан билээ. Ж.Буш 1999-2007 онд Флоридагийн захирагчаар ажиллаж байжээ.
В.Путин, А.Меркель, П.Порошенко нар Украины асуудлаар ярилцжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Германы канцлер Ангела Меркель,
Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд, Украины Ерөнхийлөгч Петр Порошенко нартай
утсаар ярилцаж, Украины зүүн өмнөд нутаг дахь нөхцөл байдлын талаар хэлэлцжээ.
Хэлэлцээний явцад Донбасст дайн байлдааны ажиллагааг бүрэн зогсоох шаардлагатай
байгааг онцлон тэмдэглэв. Олзны хүмүүсийг солилцох, фронтын шугамаас хүнд
зэвсэглэлийг татах нь нэн чухал байгааг П.Порошенко хэлжээ. Дөрвөн улсын лидер
мөн Украины бүс нутагт эдийн засгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх талаар
ярилцсан байна.
Сахалин, Японд цаг агаар муудав
Японы зүүн хойд хэсгийн Хоншю, хойд хэсгийн Хоккайдо арал дээр цас ихээр
унаж, хүчтэй салхи гарсны улмаас 270 нислэг хойшлоод байна. Хоккайдод салхины
хурд секундэд 35-40 метр хүрч, нэг хоногийн дотор 70 см хур тунадас оржээ. Арлын
иргэдийг онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг сануулав. Хүчтэй
салхины улмаас цахилгаан дамжуулах шугам гэмтээд байна. Сахалинд цаг агаарын
улмаас тээврийн хөдөлгөөн зогсчээ. Цасан шуурганы улмаас Сахалины сургууль,
цэцэрлэг хаалгаа барьж, нисэх буудал, зарим зам харгуй хаагджээ.
Уганда дахь шоронгоос мянга орчим хоригдол оргожээ
“Исламын улс” бүлэгт элсүүлдэг сүлжээг илрүүлжээ
Цагдаа нар “Исламын улс” бүлгийн эгнээнд эмэгтэйчүүдийг дайчлан
элсүүлдэг жихадын дайчдын нууц сүлжээний эсрэг тусгай ажиллагаа явуулж Испани,
Мароккод долоон хүнийг баривчилжээ. Дөрвөн хүнийг Хойд Африк дахь Испанийн
эзэмшлийн Мелилья, Сеута хотод, нэг хүнийг Барселона хотоос баривчлан саатуулсан
байна. Мароккогийн цагдаа Сеутатай хил залгаа Кастильехос хотоос хоёр хүнийг
баривчиллаа. Мароккогийн газар нутаг дээр байдаг Мелилья, Сеута хот нь жихад
дайчдын сонирхлыг ихээхэн татдаг газар юм. Газар дундын тэнгисийн Африкийн эрэг
дээр байдаг Испанийн эл хоёр хот нь Африктай хуурай газраар хиллэдэг Европын
цорын ганц газар нутаг билээ. Тиймээс Европ руу нэвтрэх гэсэн цагаачид болон лалын
дайчдын дамжин өнгөрөх цэг болон хувирчээ.
Өндөр хашаа, төмөр тороор хүрээлэгдсэн Испанийн хоёр хот руу Европ руу тэмүүлж
буй Африкийн хэдэн мянган хууль бус цагаач нэвтрэх гэж оролдсоор байна.
Марокко, Алжирийн голдуу иргэд хашаа даван үсрэн орж ирдгийг зогсоож дийлэхгүй
байгаа юм. Испани улс хууль бус цагаачдын давалгаанаас хамгаалсан хашаа,
хэрмэнд 45 сая евро зарцуулаад байна. Хашаа даван орж ирдэг африк цагаачид
дийлдэхгүй байгаа тул Мадридын эрх баригчид Европын холбооноос тусламж хүсчээ.
Гэвч сүүлийн үед Сеута, Мелилья хотоор дамжин Африк руу гарч, лалын
босогчдын бүлэгт нэгдэх гэсэн оролдлого ихээр гарах болжээ.
Зарм мэдээллээр, Сири болон Ирак дахь “Исламын улс” бүлгийн эгнээнд
Испанийн 100 орчим иргэн тулалдаж байгаа аж. Баривчлагдсан хүмүүсийн дотор
Испанийн дөрвөн эмэгтэй, насанд хүрээгүй нэг хүүхэд байгааг эрх баригчид
мэдээлэв. Тэд “Лалын улс” бүлгийн эгнээнд эмэгтэйчүүдийг элсүүлэх нууц сүлжээ байгуулан
ажиллаж байсан хэмээн Дотоод хэргийн яамнаас уламжиллаа. Өнгөрсөн есдүгээр сард
Мелилья хотоос бас нэг хүнийг баривчилсан нь мөн “Исламын улс” бүлэгт гишүүн
элсүүлэгч нэгэн байсан билээ. Испанийн 14 настай охин лалын дайчдын эгнээнд
элсэн гэж байгаад баригдсан нь шуугиан дэгдээж байна.
Monday, 15 December 2014
Харгис хүүхэд харагч
шийтгүүлэв
Уганда дахь хүүхэд харагч Жолли Тумухийрве 18 сартай хүүхдийг зэрлэгээр
зодож, тамлаж байгаа бичлэг сүүлийн хэд хоногт нийгмийн сүлжээг доргиосон юм.
Тэрээр хүүхдийг хооллож байхдаа олон удаа алгадаж, гулгилаа гэж шалан дээр
шидэж, цээж, гэдэс рүү нь өшиглөж байгаа бичлэг тарсан юм. Тумухийрве шүүх дээр
“Хүүхдийн ээж надтай зэрлэг, балмад байдлаа харьцдаг тул өш хонзон авах гэж
ингэсэн юм” хэмээн мэдэгдсэн ч шүүгчид хэрэгссэнгүй. Харгис асрагч дөрвөн
жилийн ял сонсчээ. Түүний үйлдлийг шүүгч нар “Зөвтгөшгүй, уучилшгүй” хэмээн
үзсэн байна.
АНУ-ын цэргийн хилийн чанад дахь ажиллагааны үе дууслаа
Америкийн цэрэг, армийн гадаад дахь томоохон ажиллагааны үе дуусч
байгааг Ерөнхийлөгч Барак Обама зарлав. “АНУ гадаад улс орнуудад хуурай замын
цэргээ илгээж цэрэг, дайны томоохон ажиллагаанд оролцдог цаг үе дуусч байна.
Гэвч манай цэргүүд янз бүрийн даалгавар биелүүлэхэд бэлэн байх ёстой” хэмээн
Б.Обама Форт Дикс нэгдсэн бааз дээр гурван мянган цэргийн өмнө мэдэгдлээ. Оны
эцэс гэхэд Афганистан дахь цэргийнхээ үндсэн хэсгийг татаж авна гэдгийг
сануулав. 2015 оноос эхлэн тус улсын аюулгүй байдлыг орон нутгийн эрх баригчид
хариуцах юм. “13 гаран жилийн дараа Афганистан дахь манай байлдааны үйл
ажиллагаа төгсгөл болж байна. Гэвч тус бүс нутаг аюултай газар хэвээр үлдлээ”
хэмээн Ерөнхийлөгч онцлон тэмдэглэв.
Афганистан, Ирак дахь 180 мянган америк цэргээс 15 мянга нь үлдэж байгаа
юм. “Цаашдаа манай цэргүүд цомхон болно. Гэвч та бүгдийн ерөнхий командлагчийн
хувиар та бүгдийг ямар ч даалгаврын өмнө хэзээд бэлэн байхыг хүсч байна. АНУ-ын
арми хамгийн сайн зэвсэглэл, бэлтгэл, командлалаар хангагдсаар байх болно”
хэмээн төрийн тэргүүн хэлжээ.
Японд шувууны ханиад илэрчээ
Японы Миязаки мужийн нэгэн шувууны фермд шувууны ханиад өвчин илэрлээ хэмээн
Japan Times сонин орон нутгийн эрх баригчдаас мэдээллээс иш татан мэдээлэв. Гурван
шувуунаас шинжилгээ авахад шувууны ханиадны Н5 вирус илэрсэн байна. Мэргэжилтнүүд
тус фермийн дөрвөн мянга орчим тахиаг устгах шийдвэр гаргажээ. Тэр хавьд хөл
хорио тогтоож, ямар нэг мал, амьтан тээвэрлэхийг хориглоод байна. Үүний өмнө
Голландад шувууны ханиад илэрсний улмаас Европын зарим орон тус улсаас шувууны
мах импортлохоо зогсоогоод байсан билээ.
Барьцааны хүмүүсийг суллах үеэр хоёр хүн амь үрэгдлээ
Ираны 50 настай дүрвэгч Харон Монис 30-аад хүмүүсийг 16 цагийн турш
барьцаалсан Сиднейн кафе руу дайрч хүмүүсийг суллажээ. Кафед буун дуу гарсны
дараа тусгайгийн ажилтнууд дайрч оржээ. Энэ үеэр 38 настай эмэгтэй, 34 настай
эрэгтэй амь насаа алдлаа. Цагдаа нар барьцаалагч этгээдийг буудаж устгажээ. Өөр
дөрвөн хүн шархадсаны дотор нэг цагдаа байна. Иранаас Австралид дүрвэж ирсэн
Ираны иргэн Харон нь цагдаагийн хяналтад байдаг нэгэн байжээ. Тэрээр өмнө нь
эхнэрээ хөнөөсөн хэргээр шалгагдаж байсан аж. Зарим хэвлэлд түүнийг сэтгэцийн
эмгэгтэй хэмээн бичиж байна. Харон хүмүүсийг барьцаалж байхдаа Австралийн
Ерөнхий сайд Тони Эбботтийг утсаар яриулахыг шаардаж байжээ.
Кира Найтли хөл хүнд болжээ
Африкуудын амьдралыг өөрчилсөн зургаан настай жаал
Хэдийгээр итгэмээргүй ч хар багаасаа бие дааж дэлхийг өөрчилж болдог
гэдгийг харуулсан хүмүүс байх ажээ. Райан Хрелжак хэмээх канад залуу дөнгөж
зургаан настай байхдаа л Африкт худаг гаргах мөнгө цуглуулахын тулд сайн
дураараа ажиллаж эхэлсэн юм.
Нэгэн хичээл дээл Райаны багш “Канад бол усны нөөц ихтэй орон, харин
Африкийн хүүхдүүд усны хомсдолын улмаас сургуульдаа ч явж чаддаггүй” хэмээн
ярьснаас хамаг юм эхэлжээ. Энэ нь зургаас настай жаалд тун шударга бус
санагджээ. Тэр үед Африкт нэг худаг гаргахад 70 долларын өртөгтэй байж,
тавгүйтсэн жаалхүү ч мөнгө босгох ажилдаа шуурхайлан оров. Эхлээд ямар үйлс
санаачилснаа эцэг эхдээ тайлбарлаж, тэд гэрийн аар саар ажил хийсний хариуд
багахан мөнгө өгөхөөр тохиролцсон байна. Бяцхан Райан цонх, шал угааж ээждээ
тусалсаар худагны 70 доллартай боллоо. Гэвч нэг асуудал гарч ирсэн нь Африкт худаг
гаргах нь үнэндээ хоёр мянган долларын өртөгтэй байжээ.
Гэсэн ч жаалхүү бууж өгсөнгүй. Тэрээр айл, хөршүүдийн зүлгийг тэгшлэн
засч, нимбэгийн ундаа зарж хөдөлмөрлөсөөр Африкт анхны худгаа гаргах мөнгөө
босгож чаджээ.
Райан хүүгийн хүчин чармайлтыг үнэлсэн хөршүүд нь түүний нисэх онгоцны
тийзийг дааж, тэрээр Угандад очиж өөрийн хөлс, хөдөлмөрийн үр шимээр гаргасан
худгийг үзэж, танилцах боломжтой болсон байна. Райан тэнд алмайрч хоцорчээ. Жаалхүүг
Угандад очиход хэдэн зуун хүн бүжиглэн баяр хөөр болон угтжээ. Ундны ус хэмээх
энгийн, үнэ цэнэтэй зүйл тэдний амьдралыг өөрчилсөн юм. Райан энэ өдрүүдэд
Жеймитэй танилцсан нь хожим амьдралд нь чухал нөлөө үзүүлсэн билээ.
Райан гүйлгээ ухаантай хүүхэд байлаа. Төрөлх хотод нь өөрт нь тусалж
болох илүү олон сургууль, илүү олон айл өрх байгааг ухаарч Африкт худаг гаргах
үйлсээ үргэлжлүүлэхээр шийджээ. Байдлыг өөрчилж, хүмүүст туслахыг хүссэн энэхүү
эрүүл, зөв санаа биеллээ олж, эдүгээ Райан, түүний сан Африкийн орнуудад 878
худаг гаргаж, 800 мянган хүний амьдралыг өөрчилж чаджээ.
Жеймигийн хувь заяа
Жейми яасан бэ? Хариулт нь тодорхой: Райан жаалийн хүмүүнлэгийн үйлсийн
ачаар түүний амьдрал орвонгоороо өөрчлөгджээ. Жейми сургуульдаа явахаасаа өмнө
ус авах гэж олон км газар алхах хэрэгтэй болдог байв. Харин дараа нь гэрийнхээ
ойролцоо худгаас ус аван, сургуульдаа тайван явах болжээ.
Харамсалтай нь Райаныг Канад руу буцсаны дараа Жеймигийн тосгон
босогчдын довтолгоонд өртөж түүнийг хэд хэдэн хүүхдийн хамтаар цэрэг болгохоор
авч явсан байна. Жейми зугтаж чадсан ч үүний хариуд босогчид тосгоныг нь
шатаалаа. Тиймээс Жейми тосгондоо гадуурхагдан, улмаар хаягджээ. Энэ бүх хэрэг
явдлыг олж мэдсэн Райан өгөөмөр эцэг эхийнхээ хамтаар Жеймигийн сургалтын
зардлыг даахаар шийдсэн байна. Хрелжакийн гэр бүл Жеймиг өргөн авснаар тэрээр
Райаны хамгийн сайн найз, ах нь болсон юм.
Тэр цагаас хойш арван жил өнгөрсөн ч Райан Хрелжак Хар тивд худаг
гаргасаар явна. Учир нь ганц худаг л бүхэл бүтэн тосгоны амьдралыг өөрчилж
чадна гэдгийг тэрээр ойлгосон юм. Тиймээс Райан өөрийн түүхийг хүмүүст ярьж,
бага хурал зохион байгуулж, сайн үйлст сайн дураараа нэгдэхийг хүмүүст уриалж
байна. “Эв санаагаа нэгтгэж, сайн үйлс бүтээхэд нас хамаагүй” хэмээн тэр хэлэх
дуртай.
Subscribe to:
Comments (Atom)














