Saturday, 13 December 2014





Е.Исинбаева хүүхдийнхээ эцэгтэй гэрлэв

Тулгууртай харайлтын олимпийн хоёр удаагийн аварга Елена Исинбаева (32 настай) хүүхдийнхээ эцэг, 23 настай жад шидэгч Никита Петиновтай гэрлэжээ. Хуримын ёслол Исинбаевагийн төрөлх Волгоград хотод болсон байна. Исинбаева, Петинов хоёр иргэний харилцааг бүртгэх газарт гэрлэлтээ батлуулж, дараа нь хотын нэгэн зоогийн газарт энэ баяраа тэмдэглэжээ.
Елена Исинбаева энэ оны зургадугаар сард Никитагаас охин төрүүлж Ева хэмээх нэр хайрласан юм. Охиныг загалмайлах ёслол наймдугаар сарын 12-нд Монакод болжээ. Исинбаева 2013 оны Москвагийн дэлхийн аваргад түрүүлснийхээ дараа спортын замналаа завсарлуулж буйгаар зарласан билээ. Оросын хөнгөн атлетикийн холбооноос мэдээлснээр, суут тамирчин 2016 оны Рио-де-Жанейрогийн олимпод их спортод эргэн ирэхээр төлөвлөж байна. Елена Исинбаева олимпийн хоёр (2004, 2008), дэлхийн аваргын гурван алтан медальтай. Тэрээр тулгууртай харайлтын дэлхийн дээд амжилтыг 28 удаа шинэчлэн тогтоосон юм.

Вашингтонд эсэргүүцлийн жагсаал боллоо

АНУ-ын нийслэлд хэдэн мянган хүн цуглаж, сүүлийн үед хэд хэдэн хар арьстан иргэдийн аминд хүрээд байгаа цагдаагийн харгис үйлдлийг эсэргүүцэн жагсчээ. Улс орны өнцөг булан бүрээс ирсэн хүмүүс Үндэсний өргөн чөлөөгөөр алхаж Конгрессын ордонд хүрэхдээ эсрэгүүцлийн хөдөлгөөний гол уриа болсон “I can't breathe” (Би амьсгалж чадахгүй байна) хэмээн хагширч байлаа. Нью-Йорк хотод мөн эсэргүүцлийн жагсаал болжээ. Өөр олон хотод жагсаал болсон бөгөөд Калифорнийн Беркли хотод жагсагчид галт тэрэгний хөдөлгөөнийг саатуулсан байна.

Йеменд “Аль-Кайда”-гийн дайчдыг устгажээ

Йемений хилчид Саудын Арабаас автобусаар хил нэвтрэн орохыг оролдсон террорист “Аль-Кайда” бүлгийн дайчдыг устгалаа хэмээн “ВВС” мэдээлэв. Дайчид лал шашинт эмэгтэй маягаар хувцаслаж нүүр, биеэ бүрэн далдалсан байжээ. Автобусыг шалгах үеэр нэг “эмэгтэй” гал нээсэн тул хилчид хариу гал нээж таван террористыг утсгасан байна. Автобусанд шалгалт хийхээр орсон цэрэг хөнгөн шархаджээ. Сүүлийн үед “Аль-Кайда”-гийн гишүүд Йемений газар нутаг дээр террорист ажиллагаагаа идэвхжүүлж байна. 2014 оны аравдугаар сард тус улсад хоёр ч халдлага болж 60 орчим хүний аминд хүрчээ.

Арми, цагдаагийнхныг турахыг шаардаж байна

Боливийн Ерөнхийлөгч Эво Моралес зохисгүй бие бялдартай цагдаа, офицерууд хэтэрхий их байна хэмээн шүүмжилсний дараа тус улсын арми, цагдаа илүүдэл жинтэй ажилтнуудаа бүртгэж эхэлсэн байна. Орон нутгийн хэвлэлд мэдээлж буйгаар, хүчний байгууллагын удирдлага бүдүүн, тарган ажилтнуудаа бүртгэж, дөрвөн сарын хугацаа өгч байгаа бөгөөд энэ хугацаанд илүүдэл жингээсээ хагацаагүй бол албан тушаалтай нь ярихыг сануулж байгаа аж. Батлан хамгаалахын сайд Рубен Сааведра, хэтэрхий бүдүүн, тарган цэрэг, офицеруудад дүрэмт хувцас өмсгөхгүй байх тушаал гаргажээ.

Ким Кардашьянтай нэг үдшийг өнгөрүүлэхийн тулд сая доллар амлажээ

Саудын Арабын хаан ширээг залгамжлагч хунтайж АНУ-ын дээдсийн хүрээний бүсгүй Ким Кардашьянийг Дубайд болдог үдэшлэгт хүрэлцэн ирэхийг урьжээ. Тэрээр америк бүсгүйг энэ үдэшлэгт ирвэл нэг сая доллар өгнө хэмээн амлаж байгаа аж. Хунтайж энэ саналаа Instagram сүлжээгээр цацсан байна. Хэдийгээр энэ бичлэг хэсэг хугацааны дараа устгагдсан ч Ким 2015 оны нэгдүгээр сард Дубай явахаар болсныг Америкийн хэвлэлүүд олж мэджээ. Арабын шейхийн саналыг Кардашьяны хууль ёсны нөхөр хэрхэн хүлээн авч байгаа нь тодорхой бус байна.
Ким Кардашьян иймэрхүү  санал анх удаа хүлээн авч байгаа нь энэ биш. Өмнө нь 81 настай тэрбумтан Кимтэй оройн зоог барихдаа 500 мянган доллар төлж байсан билээ. Тэр үед Кардашьяны нөхөр Канье Уэст сүйт хархүүгийн статустай байсан. Харин одоо Арабын тэрбумтны санал эхнэр, нөхрийн харилцаанд хэрхэн нөлөөлөхийг хэвлэлүүд ид таамаглаж байна. 

No comments:

Post a Comment