Wednesday, 17 December 2014



Колумбын босогчид гал зогсоож буйгаар зарлав

Колумбын хувьсгалт зэвсэгт бүлгийн (FARC) дайчид арванхоёрдугаар сарын 17-ноос эхлэн дангаар гал зогсоож буйгаа зарлалаа хэмээн France-Presse агентлаг уламжлав. “Бид нэг талын шийдвэрээр гал зогсоож, дайн байлдааны ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоож байна. Залгуулаад эвлэрэлд хүрэх ёстой” хэмээн FARC-ийн мэдэгдэлд онцолжээ. Колумбын армийн зүгээс довтолгоо ирсэн тохиолдолд дахин зэвсгээ барин босно хэмээн босогчид сануулав. Арванхоёрдугаар сарын 16-нд Засгийн газрын цэрэг оролцсон тулаанд есөн босогч амь үрэгдсэн байна.

Ираны талаарх хэлэлцээ 2015 оны нэгдүгээр сард болно

Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээний шинэ шат 2015 оны нэгдүгээр сард болно хэмээн ОХУ-ын Гадаад хэргийн сайдын орлогч Сергей Рябков мэдэгдэв. “Хэлэлцээний шинэ шат нэгдүгээр сарын дундуур болохоор тохиролцлоо. Уулзах газрыг Ираны төлөөлөгчидтэй тохиролцоно” хэмээн Рябков хэллээ. Тегеран болон олон улсын зургаан зуучлагчийн хоорондох хэлэлцээ 2015 оны гуравдугаар сард шинэ шатанд гарна хэмээн тооцоолж байна. Иран улс энхийн зорилгоор цөмийн эрчим хүч ашиглах эрхтэй хэмээн мэдэгдсээр байгаа юм.

Грекийн парламент Ерөнхийлөгчийг сонгож чадсангүй

Грекийн парламент эхний санал хураалтаар улс орны Ерөнхийлөгчийг сонгож чадсангүй. Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшсэн Европын холбооны хүрээлэн буй орны комиссар асан Ставрос Димас шаардлагатай 200 санал авахад 40 санал дутжээ. Хоёр, гуравдугаар шатны санал хураалт хоёрдугаар сарын 23, 29-нд болох юм. Ерөнхийлөгчийг сонгож чадахгүй бол парламент тарах ажээ.

Хенри матар 114 насны төрсөн өдрөө тэмдэглэв

Дэлхийн хамгийн хөгшин матар гэгдэж буй Хенри хэмээх Нил мөрний уугуул матар 114 нас хүрчээ. Тэрээр Өмнөд Африкийн Квазулу мужийн Crocworld дархан цаазат газар амьдардаг. Амьтан маллагчдын баталж буйгаар Хенри Ботсванд төржээ. Мань матар 1903 онд хэд хэдэн хүүхдээр зоог барьсны дараа түүнийг барьж амьтны хүрээлэнд авчирсан байна. Өнөөдөр Хенри ихэнх цагийг амьтны хүрээлэнгийн цөөрмийн эрэг дээр нарланхан өнгөрөөж байна.

No comments:

Post a Comment