Sunday, 7 December 2014



Хонконгийн эсэргүүцлийн хөдөлгөөний баатар хөвгүүн

Түүний шийдмэг харц хэврэг, дорой төрхтэй нь үл нийцнэ. Хар хүрээтэй нүдний шил нь хамрыг нь даган унах гэж буй мэт харагдана. Камерийн өмнө жаахан сандарч нүдний шилээ байнга дээшлүүлэх ч яриад эхлэхээрээ цэгцэрч, жинтэй дуугарах аж. Тэрээр метроны үнийн талаар ярьсан ч ардчиллын төлөө тэмцэж буй мэт эрч хүчтэй. Түүний жижигхэн бие толгойгоо даахгүй мэт санагдах ч 17-хан настай Жошуа Вонг Хонконгийн ирээдүйн нэгээхэн хэсгийг мөрөн дээрээ үүрч гарахаар зориг шулуудсан юм. Тэр бол ямар ч эргэлзээгүйгээр нэгэн үеийн нүүр царай, дуу хоолой болжээ.
Даруухан, ичимхий төрхтэй эл хөвгүүн идэр насныхаа ихэнх цагийг бусдын адил видео тоглоом, япон комикст зарцуулсангүй, харин эсэргүүцлийн майхантай хөдөлгөөн өрнөсөн Admiralty талбай дээр тэмцэж, мэдэгдэл хийн өнгөрүүлжээ. Аравдугаар сард “Time” сэтгүүлийн нүүрийг чимж байсан Жошуа сүүлийн хоёр сар Хонконгийн гудамжийг эзэлсэн эсэргүүцлийн хөдөлгөөнд гүйцэтгэсэн үүргээрээ “Оны хүн”-д нэр дэвшиж байна. Хэвлэл мэдээллийнхэн түүнийг “Тяньаньминий залгамжлагч” хэмээн нэрлэдэг ч тэрээр харьцуулалтаас зайлсхийдэг. “Нийгмийн хөдөлгөөн хэн нэгэн хүн дээр амилж, тулгуурлах ёстой гэж хүмүүс хэлдэг. Гэвч би тэгж хардаггүй. Мартин Лютер Кингийн тухай ярьж байна. Тэр бол миний хувьд эртний түүхэн хүн. Нийгмийн хөдөлгөөнд оролцохын тулд ямар нэг загвар дагах хэрэггүй. Болж байгаа зүйлийг ойлгож, ухамсарлаж байвал л болно. Намайг хөдөлгөж, оргилуулж байгаа зүйл бол Хонконг” хэмээн Жошуа ярьжээ.
Вонг Засгийн газрын эсрэг тэмцэхийн тулд анх удаа “хөл дээрээ боссон нь” энэ биш юм. Тэрээр 2011 онд 14 настай байхдаа сургуулийнхаа хэдэн сурагчийн хамтаар “Scholarism” хэмээх хөдөлгөөн байгуулж “Сурагчид бид санал өгөх эрх, чадамжгүй ч иргэний нийгмийн нэг хэсэг” хэмээн мэдэгдэж байв. Нэг жилийн дараа Үндэсний боловсрол гэдэг хичээлийг сургуулийн хичээлийн хөтөлбөрт оруулах гэсэн Лин Чун-Иний (Хонконгийн гүйцэтгэх дарга) шийдвэрийг эсэргүүцсэн хөдөлгөөнийг манлайлж нэрд гарчээ. “Энэ бол тархи угаалт. Манай гэр бүл орхин зугтсан коммунизмийг би тэвэрч авч чадахгүй” хэмээн Жошуа Вонг хэлж байлаа. Түүний үйл хэрэг, эсэргүүцлийн жагсаал 100 мянган хүний дэмжлэгийг авч, Засгийн газар буулт хийн дээрх хичээлийг хүчингүй болгосон юм.
Вонг уншиж, бичихдээ хүндрэлтэй тулгардаг дислексиа хэмээх өвчнөөр шаналдаг ч микрофон бариад ярихдаа шулуун, итгэлтэй байдаг. “Тэмцэл бүрийг сүүлчийнх мэт хүлээж авах хэрэгтэй” хэмээн тэрээр өгүүлж байна. Өнгөрсөн есдүгээр сард ардчилал дутмаг байгааг эсэргүүцэн гудамжинд гарсан 120 мянган хүний өмнө хэлсэн түүний үг Хонконг дахь эсэргүүцлийн хөдөлгөөний эхлэлийг тавьсан гэдэг. Жошуа Вонгийг баривчилж, ямар ч шалтгаангүйгээр 40 цаг хорьсон нь энгийн нэгэн жагсаалыг Хонконгийг өөрчлөх ардчилсан тэмцэл болгон хувирахад хүргэсэн юм. Түүнийг эсэргүүцлийн хөдөлгөөний лидер хэмээн тодотгож байлаа.
“Намайг хоригдож байхад хамгаалалгүй хүмүүс цагдаагийн нулимс асгаруулагч хийн довтолгоонд өртөж байсан. Би зөвхөн хана руу харж суугаад, тэндээс тэд нарт тусалж чадахгүй гэдгээ мэддэг байлаа. Хонконгийн хүн бүр баатар” хэмээн тэрээр хэллээ. Гэрэлтсэн, цоглог нүдтэй энэ хөвгүүн яалт ч үгүй олон нийтийн баатар болжээ. Дэлхий нийтэд хүндлэгдээд буй Жошуа Бээжингийн толгойны өвчин болж, “Шүхэртэй хувьсгал”-ын гол хүн хэмээн “адлагдаж”, бүр АНУ-ын бэлтгэсэн коммунизмийн эсрэг зэвсэг хэмээн буруутгагдаж байв.

Сүүлийн долоо хоногт Хонконгийн эсэргүүцлийн хөдөлгөөний зарим лидер цагдаад бууж өгөхөөр болж байхад Вонг хугацаагүй өлсгөлөн зарлахаар шийджээ. Гэвч эрүүл мэндийн шалтгаанаар зогсоохоос аргагүй болсон байна. Түүний зорилго бол Засгийн газрыг хэлэлцээний ширээнд суулгах. Гэвч зорилгодоо хүрэхгүй байсан ч тэрээр Хонконгийн иргэн бүрийн зүрхэнд байр сууриа олсон баатар болох нь гарцаагүй юм.

No comments:

Post a Comment