“Исламын улс” бүлэгт элсүүлдэг сүлжээг илрүүлжээ
Цагдаа нар “Исламын улс” бүлгийн эгнээнд эмэгтэйчүүдийг дайчлан
элсүүлдэг жихадын дайчдын нууц сүлжээний эсрэг тусгай ажиллагаа явуулж Испани,
Мароккод долоон хүнийг баривчилжээ. Дөрвөн хүнийг Хойд Африк дахь Испанийн
эзэмшлийн Мелилья, Сеута хотод, нэг хүнийг Барселона хотоос баривчлан саатуулсан
байна. Мароккогийн цагдаа Сеутатай хил залгаа Кастильехос хотоос хоёр хүнийг
баривчиллаа. Мароккогийн газар нутаг дээр байдаг Мелилья, Сеута хот нь жихад
дайчдын сонирхлыг ихээхэн татдаг газар юм. Газар дундын тэнгисийн Африкийн эрэг
дээр байдаг Испанийн эл хоёр хот нь Африктай хуурай газраар хиллэдэг Европын
цорын ганц газар нутаг билээ. Тиймээс Европ руу нэвтрэх гэсэн цагаачид болон лалын
дайчдын дамжин өнгөрөх цэг болон хувирчээ.
Өндөр хашаа, төмөр тороор хүрээлэгдсэн Испанийн хоёр хот руу Европ руу тэмүүлж
буй Африкийн хэдэн мянган хууль бус цагаач нэвтрэх гэж оролдсоор байна.
Марокко, Алжирийн голдуу иргэд хашаа даван үсрэн орж ирдгийг зогсоож дийлэхгүй
байгаа юм. Испани улс хууль бус цагаачдын давалгаанаас хамгаалсан хашаа,
хэрмэнд 45 сая евро зарцуулаад байна. Хашаа даван орж ирдэг африк цагаачид
дийлдэхгүй байгаа тул Мадридын эрх баригчид Европын холбооноос тусламж хүсчээ.
Гэвч сүүлийн үед Сеута, Мелилья хотоор дамжин Африк руу гарч, лалын
босогчдын бүлэгт нэгдэх гэсэн оролдлого ихээр гарах болжээ.
Зарм мэдээллээр, Сири болон Ирак дахь “Исламын улс” бүлгийн эгнээнд
Испанийн 100 орчим иргэн тулалдаж байгаа аж. Баривчлагдсан хүмүүсийн дотор
Испанийн дөрвөн эмэгтэй, насанд хүрээгүй нэг хүүхэд байгааг эрх баригчид
мэдээлэв. Тэд “Лалын улс” бүлгийн эгнээнд эмэгтэйчүүдийг элсүүлэх нууц сүлжээ байгуулан
ажиллаж байсан хэмээн Дотоод хэргийн яамнаас уламжиллаа. Өнгөрсөн есдүгээр сард
Мелилья хотоос бас нэг хүнийг баривчилсан нь мөн “Исламын улс” бүлэгт гишүүн
элсүүлэгч нэгэн байсан билээ. Испанийн 14 настай охин лалын дайчдын эгнээнд
элсэн гэж байгаад баригдсан нь шуугиан дэгдээж байна.

No comments:
Post a Comment