Tuesday, 16 December 2014




Филиппины хоригдлууд жакуззи, стриптиз зэргээр тансагладаг байжээ

Жакуззи, баар, стриптиз... Энэ бол Филиппины хар тамхины наймаачдын шорон дахь тансаг амьдрал. Өнгөрсөн даваа гаригт цагдаа нар Манила хотын захад байдаг Билибид шоронд шалгалт хийхэд хар тамхины мафийн “том гарууд” шорон дотроос гэмт хэргээ удирдан, тэндээ янз бүрийн хэлбэрээр тансаглан суудаг байсан нь илэрчээ. “Хоригдлуудыг тансаглуулж байсан хүмүүс бүгд шийтгэл хүлээнэ” хэмээн Филиппины Ерөнхийлөгч Б.Акино мэдэгдлээ. Шоронгийн ажилтнууд авлигад идэгдэж, хоригдлууд шорон дотор хар тамхи татаж, хиймэл хүүхэлдэй, стриптиз, жакуззи зэргээр зугаацах боломжийг олгосон байв. Билибид шоронд нийтдээ 20 орчим өрөөг ийнхүү “тохижуулсан” байжээ. Transparency International байгууллагын мэдээллээр, Филиппин улс авлигын үзүүлэлтээр 175 орноос 85-д жагсчээ.

Ж.Буш Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоход бэлэн

АНУ-ын 43 дахь Ерөнхийлөгч Жорж Бушийн дүү Жеб Буш 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоход бэлэн гэдгээ мэдэгджээ. Тэрээр Талархлын өдрөөр гэр бүлтэйгээ ярилцсаны дараа ийм шийдвэрт хүрсэн гэдгээ хэллээ. “Америкт хүчтэй удирдлага хэрэгтэй байгааг ярилцаж, эргэцүүлсний эцэст АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх боломжийг нухацтай судалж үзэх шийдвэрийг гаргалаа” хэмээн Жеб Буш ярилаа. Жорж Буш 2009 онд Цагаан ордныг орхисны дараа л дүү Жеб Буш нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж магадгүй гэсэн яриа гарсан билээ. Ж.Буш 1999-2007 онд Флоридагийн захирагчаар ажиллаж байжээ.

В.Путин, А.Меркель, П.Порошенко нар Украины асуудлаар ярилцжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Германы канцлер Ангела Меркель, Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд, Украины Ерөнхийлөгч Петр Порошенко нартай утсаар ярилцаж, Украины зүүн өмнөд нутаг дахь нөхцөл байдлын талаар хэлэлцжээ. Хэлэлцээний явцад Донбасст дайн байлдааны ажиллагааг бүрэн зогсоох шаардлагатай байгааг онцлон тэмдэглэв. Олзны хүмүүсийг солилцох, фронтын шугамаас хүнд зэвсэглэлийг татах нь нэн чухал байгааг П.Порошенко хэлжээ. Дөрвөн улсын лидер мөн Украины бүс нутагт эдийн засгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх талаар ярилцсан байна.

Сахалин, Японд цаг агаар муудав

Японы зүүн хойд хэсгийн Хоншю, хойд хэсгийн Хоккайдо арал дээр цас ихээр унаж, хүчтэй салхи гарсны улмаас 270 нислэг хойшлоод байна. Хоккайдод салхины хурд секундэд 35-40 метр хүрч, нэг хоногийн дотор 70 см хур тунадас оржээ. Арлын иргэдийг онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг сануулав. Хүчтэй салхины улмаас цахилгаан дамжуулах шугам гэмтээд байна. Сахалинд цаг агаарын улмаас тээврийн хөдөлгөөн зогсчээ. Цасан шуурганы улмаас Сахалины сургууль, цэцэрлэг хаалгаа барьж, нисэх буудал, зарим зам харгуй хаагджээ.

Уганда дахь шоронгоос мянга орчим хоригдол оргожээ

Уганда дахь шоронгоос Конгын ардчилсан бүгд найрамдах улсын газар нутаг дээр үйл ажиллагаа явуулдаг М23 бүлгийн мянга орчим босогч орголоо хэмээн France-Presse агентлаг орон нутгийн цэргийн эх сурвалжаас иш татан мэдээлэв. Хуаран маягийн шорон Угандагийн нийслэл Кампала хотоос 300 км-ийн зайд байсан юм. Зэвсэгт хүчний төлөөлөгчийн мэдээлж буйгаар, хуаранд хорьж байсан босогчдыг оргохоос нь өмнө Конго руу буцааж илгээх ёстой байжээ. Конгын босогчид Угандагийн газар нутаг руу нэвтрэн халдлага үйлдэж, хүн хулгайлах нь элбэг байдаг ажээ.

No comments:

Post a Comment